Б.Батбаярт ялгамжтай хандвал прокурорынхны авч үлдсэн хүмүүсийг зарлана

Хуучирсан мэдээ: 2023.07.04-нд нийтлэгдсэн

LiveБ.Батбаярт ялгамжтай хандвал прокурорынхны авч үлдсэн хүмүүсийг зарлана

Б.Батбаярт ялгамжтай хандвал прокурорынхны авч үлдсэн хүмүүсийг зарлана

Хөгжлийн банкны яллагдагч нартай холбогдох өнөөдрийн /2023.07.04/ шүүх хуралдаан үргэлжилж байна.


17 : 24
2023-7-4

Б.Батбаярт ялгамжтай хандвал прокурор дээр авч үлдсэн хүмүүсийг зарлана

Хөгжлийн банкны ерөнхий захирлын алба хашиж байсан Б.Батбаярыг 15 удаагийн үйлдлээр буруутгагдаж байгаа, Хөгжлийн банкинд 260 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн, таван жилийн хорих ял оноох саналыг улсын яллагч гаргасныг өмгөөлөгч нь эсэргүүцлээ.

Б.Батбаярын өмгөөлөгч “Манай үйлчлүүлэгч ямар хор хохирол учруулав гэхээр хамтын шийдвэр гаргах санал гаргасныхаа төлөө буруутгагдсан. Б.Батбаяр таван жил л хоригдохгүй бол Хөгжлийн банкны хохирол барагдахгүй юм шиг зүйл ярьж байна. Зээлийн хорооны хэдэн албан тушаалтанд ял ярих болохоор хохирол яриад байдаг, харин миний үйлчлүүлэгч Б.Батбаярт болохоор заавал таван жил хорих ялтай гээд тултал ял өгөөд сууж байгаа чинь шударга бус. Хэрвээ ингэж эрүүгийн хариуцлагад ялгамжтай хандах юм бол прокурорын шатанд буруутай гэж үзсэн хэрнээ угсаа гарвалаар нь үлдээсэн хүн зөндөө байгаа. Тэдний нэрийг дараа, дараагийн шатанд зарлана шүү. Шүүх хуралдаан Live-аар олон нийтэд хүрч байгаа. Б.Батбаярын хувьд тортой юмыг харанхуй шөнөөр авсан зэрэг сэдэл зорилго байхгүй. Тэгсэн байхад ялгаа зааг байхгүй юм шиг ялгавартай хандлаа.

Том зургаар нь харах юм бол миний үйлчлүүлэгч Засгийн газар хуруу хүргээгүй байхад 600 гаруй сая ам.доллар Монгол Улсад оруулж ирсэн. Хөгжлийн банкийг ашигтай ажиллуулж чадсан. Улс орныхоо эдийн засагт хэрэгтэй гэж үзээд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн төслүүд дээр санал өгсөн. Хувьдаа авсан зүйл юу ч байхгүй. Ямар хор хохирол учруулсан юм бэ гэхээр хамтын шийдвэр гаргах санал өгснийхөө төлөө буруутгагддаг” гэлээ.

Шүүх хуралдаан үргэлжилж байна. 

15 : 39
2023-7-4

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярт хорих ял оноох ёстой гэв

"Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна.

Шүүх хуралдаан даргалагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын нэгдүгээр үе дууссан гэдгийг тодотгосон юм. Шүүх хуралдаан одоо хоёр дахь шат руу орсон бөгөөд улсын яллагч нарын зүгээс өмгөөлөгчөөс үйлчлүүлэгч нартай холбоотойгоор гаргасан хорих ялын шийтгэлийг хөнгөрүүлж, торгох ял болгон өөрчлүүлэх хүсэлтийг няцааж байна.

Улсын яллагч н.ГАНСҮЛД:

-Шүүгдэгч н.Өлзий, н.Батбаатар, н.Ганхуяг нарын зүгээс торгох ялыг хүлээн зөвшөөрсөн гэсэн. Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт хэд хэдэн яллагдагч өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөг.  Өөрсдөө хэргээ мэдүүлээд оролцдог. Улсын яллагчаас энэ байдлыг харгалзан үзэж, “Инжир” компанид зээл авахын тулд Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэ нарт хахууль өгсөн гэдгээр нь Өлзий, н.Батбаатар, н.Ганхуяг нарт торгууль ногдуулах, 27 сая төгрөгөөр торгох ялыг оноосон. Гэтэл өмгөөлөгч нарынх нь зүгээс “Инжир” компанид инженерээр ажилладаг хүнд 27 сая төгрөгийн торгууль ногдуулах нь буруу гэлээ. “Инжир” компанид ажилладаг н.Батбаатар, н.Өлзий нарыг ямар албан тушаал хашдаг байдлаар нь торгох ял өгөх санал гаргаагүй, хахууль өгөх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн. Бүлэглэн энэ хэргийг хийсэн тул хамтдаа 27 сая төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргасан.

Өмгөөлөгч нарын зүгээс “Монголд үр өгөөжөө өгч байгаа төслийг хэрэгжүүлэгч дээр ял оногдуулах гээд байна” гэдэг асуудлыг их хөндлөө. Улсын яллагчаас гэм бурууг шийдвэрлэх гэж оруулсан. Тийм учраас  Хөгжлийн банкнаас олгосон зээл нь зээлийн шаардлага хангаж байсан юм уу, олгох ёстой компанид зээл олгосон юм уу, эрх бүхий албан тушаалтнууд нь албан туушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан уу гэдгийг харгалзан үзсэн. Түүнээс өнөдөр өгөөжөө өгсөн үү, үгүй юу гэдгийг харгалзан үзсэн юм биш.

“Модун” компани, “Комплант” компани, “Нью Яармаг” компани Хөгжлийн банкинд учруулсан байсан хохирлоо нөхөн төлсөн.

Харин энд үлдсэн дөрвөн нэр бүхий компани Хөгжлийн банкинд учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа.  Гэтэл өмгөөлөгч нарын зүгээс “хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад харгалзан үзсэнгүй” гэдэг асуудлыг их ярьж байна. Өмнөх шүүх хурлын үеэр эдгээр компаниуд хохирлоо нөхөн төлөхөөр тав хоногийн завсарлага авсан ч хоёр компани нь хэсэгчилж төлөхөөр орж ирсэн.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захрал асан Б.Батбаяр 16 удаагийн үйлдлээр 260 тэрбум төгрөгийн хохирл учирсан. Гэтэл өмгөөлөгч нь “Манай хүнд хорих ялын дээд хэмжээгээр ял оноочихоод бусдад нь торгох ялаар шийтгэл оногдуулж байгаа чинь шударга юм уу” гэж яриад байгаа.

Б.Батбаярт 5 жилийн хорих ял оногдуулсан, үүнийг өмгөөлөгч нь хувилж, 3-4 сарын хорих ял оноох ёстой гэж үзэж байх шиг байна.  Эрүүгийн хуульд хувьчилж ял оногдуулдаг заалт байхгүй шүү гэсэн юм.

Шүүх хуралдаан үргэлжилж байна.

13 : 13
2023-7-4

“Хөгжлийн банкныхан дээрэм хийгээд байгаа юм уу, хаашаа юм”

“Монгол драйл милк” компани нь 14 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан байна. Энэ нь 47 тэрбум төгрөгтэй дүйнэ. Гэвч цар тахал болон бусад асуудлаас үүдэж, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан. Улмаар энэ хэрэг шүүхэд очиж, 54 тэрбум төгрөгийг “Монгол драйл милк” компаниас гаргуулах шийдвэр гарчээ.

Харин “Монгол драйл милк” компанийг үүсгэн байгуулагч, “Алтай констракшн” –ын захирал Х.Бат-Эрдэнэ, “Монгол драйл милк” компанийн хувьцаа эзэмшигч Э.Эрдэнэбилэг нарын өмгөөлөгч “Хөгжлийн банкныхан шүүх танхимд орж ирчихээд худлаа ярилаа. Хүний шударга хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгийг хэт багаар үнэлж, авна гэдэг. Хөгжлийн банкныхан дээрэм хийгээд байгаа юм уу, хаашаа юм. Миний үйлчлүүлэгч Х.Бат-Эрдэнэ хохирлыг нөхөн төлье гэдгээ дөрвөн жилийн хугацаанд хангалттай илэрхийлсээр ирсэн. Цагдан хоригдож эхэлсэн үеэс анх энэ тухайгаа мэдүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт нь байгаа. 

Хөгжлийн банкныхан сошиал харахаараа худлаа ярьдаг юм байна. Би 2019 оны арваннэгдүгээр сараас хойш иргэний маргаанд оролцоод энд зогсох хүртлээ дөрвөн жилийн хугацанд Х.Бат-Эрдэнэд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн. Энэ хугацаанд би Хөгжлийн банкныхантай уулздаг юм, “Асуудлыг шийдье, болж байна. Үл хөдлөх хөрөнгүүдийг авъя гэдэг. Гэхдээ нэг юм байна. Танай энэ зах зээл дээр бодит үнэлгээ хийгээд байгаа 10 тэрбумыг, 1.5 тэрбумаар авна гэдэг. Дээрэм юм уу.  Шударга хөдөлмөрөөрөө бий болгосон 10 тэрбумын хөрөнгийг  1.5 тэрбумд өгвөл өг, өгөхгүй бол авахгүй” гэдэг.

58.4 тэрбум төгрөгийг төлье гээд илэрхийлээд, 2022 оны 9.28-нд төлье гэсэн. тэгэхэд юу ч төлөөгүй гээд ичих ч үгүйгээр илэрхийлээд энд зогсч байгаа.

Хохирлыг төлье гэж маш олон удаа ярилцаж, гурвалсан гэрээ хүртэл байгуулаад ажилласан байтал энд орж ирэнгүүтээ юу ч төлөөгүй, төлбөр барагдуулах талаар юу ч хийгээгүй гэж худлаа ярих юм.  Энэний тодорхой жишээ анхны мэдүүлэг байдаг.  Х.Бат-Эрдэнэ 16 ширхэг үл хөдлөх хөрөнгөөс шилж авч, хүссэнээрээ үнэлээд төлье гэсэн, энийг прокурор яагаад хэлэхгүй байгаа юм. Хохирогч нарын зүгээс яагаад илэрхийлэхгүй байгаа юм.

Миний хувьд 3 тэрбум төгрөг асар их мөнгө. Гэсэн ч цар тахалтай байх үед миний үйлчлүүлэгч 3 тэрбумыг бэлнээр төлсөн шүү дээ. Монгол Улс хямралд орчихсон, хөл хорио тогтоочихсон байхад яагаад юу ч төлөөгүй гээд байгаа юм бэ. Хөгжлийн банк дээрэм хийгээд байгаа юм уу. 115 тэрбумын өрөнд  515 тэрбумын үнэлгээтэй үйлдвэрийг авах уу яах уу гэдгийг шийднэ гэж ч байх шиг. 5 тэрбумын хөрөнгийг 1.5 тэрбумд өгвөл өг, байвал бай ч гэх шиг.

Хохирлыг төлье, 36.4 тэрбум төгрөг дээр 24 тэрбум төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлье гэсэн. Гурван талт гэрээ байгуулсан.   Дээрэс нь үл хөдлөх хөрөнгө санал болгохоор хүний хөрөнгийг доош нь хийх.

Хохирол өр төлбөр барагдуулах асуудал дээр прокуоруудыг буруутгахгүй, эрүүгийнхээ талд илүү мэргэшсэн хуульч нар учраас  тоон үзүүлэлт, иргэний эрх зүйн шаардах эрх өөрийнх нь өдөр тутмын зүйл дээр алдаатай ойлгож байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ шүүх олон талаас нь харах ёстой” гэсэн юм.

Шүүх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойш 14.00 цагаас үргэлжилнэ. 

11 : 51
2023-7-4

 “Бэрэн групп” 514 тэрбумын үнэлгээтэй үйлдвэрээрээ хохирол барагдуулна

Шүүх хурал “Бэрэн групп”-ын захирал Б.Мөнхтөртэй холбоотой асуудлыг хэлэлцсэнээр үргэлжиллээ.

Б.Мөнхтөрийн өмгөөлөгч н.Батсүх “Миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөрийг гурван зүйл ангиар гэм буруутайд тооцсон.  “Бэрэн групп” нь зорилтот бүлгийнхнийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилгоор барилга барьсан, мөн Монгол Улсад гангийн үйлдвэрлэл хэрэгтэй гэж үзэн, төсөл хэрэгжүүлсэн. “Хангай” хотхон нь баригдсан, иргэд орон сууцандаа орсон. Гангийн үйлдвэр мөн бий болсон.

Гангийн үйлдвэрийн үнэлгээ нь 514 тэрбум төгрөг. Шүүхээс 117 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” Хөгжлийн банкинд төлөх ёстой гэдэг шийдвэр гарсан. Иймээс захирал Б.Мөнхтөр “Төр засгаас гангийн үйлдвэрээ харамлахгүй, өрөндөө өгье. Монгол Улс маань гангийн үйлдвэртэй болж байгаа нь том үйл хэрэг. Угаасаа би анхнаасаа хувийн юм гэж хийгээгүй, улсад хэрэгтэй бүтээн байгуулалт гэж зүтгэсэн. Стратегийн ач холбогдолтой гангийн үйлдвэрийг улс харин аваад гадаадын хөрөнгө оруулагч нарт зарчихалгүй,  аваад явах ёстой” гэдэг байр суурьтай байгаа.  Гангийн үйлдвэр 514 тэрбум төгрөгийн үнэлгээтэй тул хохирлыг 5 дахин илүү үнээр барагдуулах боломжтой гэдэг саналыг тавиад байна. Энэхүү гангийн үйлдвэрийг барихад гадаад орнуудаас мэргэжилтэн урьж авч ирж ажиллуулж байсан. Мэргэжлийн хүн Монголд байдаггүй, ШУТИС-д ердөө таван оюутан цөмийн физикийн мэргэжлээр суралцаж байгаа.  Үйлдвэр цаашдаа ажиллахад Б.Мөнхтөр гэдэг хүний оролцоо шаардлагатай, үйлдвэрийг мэддэг цөөн хүний нэг гэж хэлж болно. Гэмт хэрэг бүхэн хортой. Энэ асуудлыг гэмт хэрэг гэж үзэж байгаа ч үр дүнд нь гангийн үйлдвэр бий болсон.

Мөн “Бэрэнг рупп” нь 200 гаруй ажилтантай, тэдний ар гэрийг оруулбал 1000 гаруй хүний амьдрал бий. Миний үйлчлүүлэгч нийгэмд ашигтай төслийг хэрэгжүүлж ирсэн, иргэдийг орон сууцтай болгох, Монгол Улсыг гангийн үйлдвэртэй болгохоор ажилласан. Татвараар шударгаар төлж ирсэн. Хорих нь бусадтай харьцуулахад хэтэрхий хүндэдсэн ял тул торгох ялаар шийтгэж, өгөөч гэж хүсч байна.

Манай үйлчлүүлэгч эрүүл мэндийн хувьд асуудалтай гэдгээ хоригдсон цаг үеэс анхнаасаа тавьж ирсэн. Ходоодны хорт хавдартай болсноос хагалгаанд орсон, нойр булчирхай мөн өвддөг. Чихрийн шижинтэй” гэлээ. 

10 : 11
2023-7-4

“Пирамид орд” ХХК-ын захирал Г.Цолмонг шүүж байна

Шүүх хуралдааны эхэнд “Пирамид орд” ХХК-ын захирал Г.Цолмонд хамаарах асуудлыг хэлэлцэж байна.

“Пирамид орд” ХХК нь 2017 онд Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан юм байна. Нийт 296 айлын орон сууц барихаар уг зээлийг авсан. Зээл аваад барилгаа бариад явж байтал дэлхий даяар цар тахал дэгдэж, асуудал үүссэн. Улмаар зээл төлөлтөд саад тотгор учирсан гэж тайлбарлаж буй юм.

Г.Цолмонг өмгөөлж буй өмгөөлөгч н.Тэгшжаргал “Миний үйлчлүүлэгч зорилтот бүлэгт нийцсэн орон сууц барьсан. Орон сууц бүрийнх нь хаалга бүр эзэнтэй болсон. Энэ зээл үр дүнгээ өгсөн үү, өгсөн. Бүтэн байгуулалт нь хийгдсэн. Зориулалт бусаар зарцуулсан гэх асуудал нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдоогүй.  Нийгмийн хариуцлагын хүрээнд ч гэсэн үүргээ биелүүлсэн аж ахуйн нэгжийн удирдлагад заавал ял оноож хорино гэж байгаа нь буруу. Улсын яллагч миний үйлчлүүлэгчийг Хөгжлийн банкны удирдлагуудад нөлөөлж, зээл авсан гэж байгаа. Тэр нь тогтоогддоггүй. “Пирамид орд” ХХК нь 52 тэрбум 70 сая төгрөгийн үнэ бүхий барьцаа хөрөнгийг Хөгжлийн банкинд санал болгоод өрөө барагдуулъя гэдэг санаачлага гаргаад явж байгаа. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэх үнэлгээ хийгдээд явж байна” гэсэн юм.

Улсын яллагчийн зүгээс “Пирамид орд” ХХК-ын захирал Г.Цолмоны нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, 2 жил хорих ялаар шийтгэх ял төлөвлөжээ.

Харин өмгөөлөгч н.Тэгшжаргал “Торгох ялаар шийтгэж, хорих ялыг өөрчилж өгнө үү” гэдэг хүсэлт тавьсан юм.

Шүүх хуралдаан үргэлжилж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж