Д.Баярхүү: ШХАБ-д ажиглагчаараа байхаас өөр сонголтгүй цаг үе

Хуучирсан мэдээ: 2023.07.04-нд нийтлэгдсэн

Д.Баярхүү: ШХАБ-д ажиглагчаараа байхаас өөр сонголтгүй цаг үе

Д.Баярхүү: ШХАБ-д ажиглагчаараа байхаас өөр сонголтгүй цаг үе

ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын 22 дугаар дээд түвшний уулзалт цахимаар хуралдах болж байгаатай холбогдуулан олон улсын харилцааны судлаач-профессор, Элчин сайд асан Д.Баярхүүтэй ярилцлаа. 


-Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт БНЭУ-ын нийслэлд болох байснаа виртуал хэлбэрт шилжиж цахимаар хуралдах болсон шалтгааныг Та хэрхэн үзэж байна вэ?

-Юуны өмнө монголын тэргүүлэх мэдээллийн сайтын нэг news.mn-ийн уншигчдад энэ өглөөний мэндийг дэвшүүлье. Яригдан буй сэдэв бол дэлхий дахины анхаарлын төвд буй өнөөдрийн гол үйл явдал гарцаагүй мөн. Хоёроос гурван тив дамнан төлөвшиж буй улс төр-стратеги, магадгүй геополитикийн энэ том институц хаашаа хэрхэн хөдлөх, хэрхэн харилцан ажиллах нь дэлхий дахины тогтвортой байдал, аюулгүй байдлын нэг чухал нөхцөл мөн гэдэгтэй бүгд эвлэрнэ. Харин хөгжил дэвшил, интеграц, бүс нутгийн бүтээн байгуулалт, даяаршлын том гарц боломж суваг гэж үздэгүүдэд бол ирээдүй цагт, магадгүй бүр алсын ирээдүй дээр яригдах асуудал болов уу. Өмнөх зууны төгсгөлд “Шанхайн тав” хэмээх эвсэл байснаа 2001 оноос олон улсын байнгын байгууллага болж төлөвшөөд 22 жилийг туулсан, гэхдээ эв зүйдээ орж, зангидсан гар шиг болтлоо бас л урт зам туулахаар байгаа нь харагддаг.

“Зангидсан гар шиг” гэдгийг би Европын Холбоо, НАТО-той зүйрлүүлж хэлж байна.  Учир нь тэр хоёрыг сөргүүлэн байгуулсан, тэгэх ч болно хэмээн ШХАБ-ыг үндэслэгч ОХУ, мөн шинэ гишүүн Иран, зарим судлаач эрдэмтэд нь ярьдаг бичдэг, уриалдаг учраас би хэргээр зүйрлүүлж байна.

Энэ удаагийн форумыг виртуал хэлбэрт шилжүүлсэн нь хэд хэдэн шалтгаантай. Үүнд, нэгт,  ШХАБ-ыг үндэслэгч ОХУ одоо хөрш Украинтайгаа бүрэн хэмжээний дайн хийж байна. Оросын дотоод байдал ч амаргүй сорилт туулж, Пригожины зэвсэгт үймээний дуулиан намжаагүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Олон улсын эрүүгийн шүүхэд гэмт хэрэгтнээр зарлаад дуудчихсан, нэг үгээр бол “эрэн сурвалжлагдаж” байгаа нөхцөлд тэрбээр эх орноо орхин саммитад зочлоод явах цаг бололцоо байхгүй, эрсдэл нь илүү жин дарна. Хоёрт, ШХАБ-ыг үндэслэгч Хятад нь гишүүн бөгөөд энэ удаагийн даргалагч улс Энэтхэгтэйгээ амаргүй харилцаатай, хил дээр хэд хэдэн удаа мөргөлдөөд авсан, 4000 км урт хилийнхээ дагуу Энэтхэг, Хятад хоёр одоо болтол демаркац хийгээгүй, түүнээсээ болж хилийн бараг бүх участка нь маргаантай. Энэтхэг нь “Шанхайн үзэл санаа”-нд харшлахаар алхмууд байнга хийдэг, эдүгээ оросуудын олж харж дүгнэж байгаагаар ШХАБ-ын гол дайсан АНУ, Өрнөд ертөнцтэй БНЭУ стратегийн, бүр холбоотны нягт хамтын ажиллагаатай, “Дорнод НАТО” гэх хоч нэртэй болсон “Аюулгүй байдлын асуудлаарх 4 талын яриа хэлэлцээ” (Quadrilateral Security Dialogue буюу Quad group of nations–QUAD) гэдэгт Австрали, Энэтхэг, АНУ, Япон нэг эвсэл болж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Орос, Хятадын ноёрхлыг сөрнө гэдгээ илээр зарласан. Ийм нөхцөлд БНЭУ-ын нийслэлийг зориод очно гэдэг Орос, Хятад, Иран, магадгүй Беларусийн хувьд тааламжтай биш байж болно. Гуравт,  Бүр ноцтой гэхээр бас нэг шалтгаан бол олон улсын санкцын зовлон нэгтэй гурван улс өнөөдөр Украины эсрэг дайны фронтод нэг талд байна. Гурвуулаа ШХАБ-ын гишүүд. Орос, Иран хоёр бол ШХАБ-ын бүрэн эрхт гишүүд. Беларусь энэ удаа жинхлээд бүрэн эрхт гишүүн нь болж байна. Тэр утгаар “ШХАБ-ын гурван гишүүн улс Украин руу халдлаа” хэмээн Азербайжаны ЗГХЭГ-ын дарга асан, нэртэй судлаач эрдэмтэн Рамиз Юнусов дүгнэснийг агаарт цацсан дэмий яриа гэж үзэхгүй байна. Эх сурвалж нь “На Украину напали уже три страны-Россия, Беларусь и теперь Иран-Рамиз Юнусов, Oct 23, 2022”– нөхөөд үзэж болно. Дөрөвт,  Шалтгаан л гэе дээ. Ерөөсөө ОХУ Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа өрнүүлснээрээ өөрөө оройлон удирддаг олон улсын засгийн газар хоорондын олон байгууллага, институцыг хүнд байдалд оруулчихаад байгаа. Дэмжлэг нэхээд байдаг, ганцхан Беларусь, Иран хоёроос өөр холбоотон байдаггүй. Бусад нь ил эсэргүүцэхгүй ч нүүр буруулаад амаа үдсэн. Үүнд Евразийн эдийн засгийн холбоо, ОДБК, БРИКС, мөн ШХАБ-ыг нэрлэж болно. Бүрнээ ил харагдаж байна.

Олон улсын харилцаанд ямар том хариуцлага хүлээж байсан том айл тэр хариуцлагаа хөсөрдүүлбэл юу болдогийг л дэлхий нийтэд харуулаад байх шиг. Энэ нь ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг виртуалаар хийх шалтгаан гарцаагүй мөн л дөө. Энэтхэгийн нэр хүнд базаахгүй байгаа учраас виртуал хэлбэрт шилжлээ гэж би хэлээгүй шүү.

-Та ч хатуухан, гэхдээ бодитой хэлээд байх шиг. Монгол-Оросын харилцаанд хамаатай асуудал биш гэж үү?

-ОХУ-тай тогтоосон найрсаг харилцаандаа хамаатуулахгүйгээр би глобал дэвсгэр дээр ярьж байна шүү. Зөв ойлгоорой. “Монгол-Зөвлөлтийн найрамдал”, “Найрамдлын Дархан, Эрдэнэт”-д ер хамаарахгүй дэлхий нийтийн чанартай геополитикийн глобал том мөргөлдөөнд ОХУ оройлон оролцоод түүндээ ШХАБ ба өөрөө толгойлдог олон улсын бусад байгууллага, эвсэл холбоодоо татан оруулах гээд бүтэлгүйтэж байгаа тухай надаар хэлүүлэлтгүй нийтээр харж мэдэрч мэдэж байгаа сэдэв шүү дээ.

Монгол Улс хоёр их хөрштэйгээ ч, гуравдагч хөршүүдтэйгээ ч тэнцвэрийг ягштал барьж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, идэвхтэй гадаад бодлогоо явуулсаар байгааг энэ дашрамд тэмдэглэх нь зөв байх, тийм үү

-ШХАБ-ын одоогийн статус гишүүнчлэл ямар шатандаа яваа вэ. Беларусь улс жинхлээд бүрэн эрхт гишүүн болно гэж та хэллээ. Цааш нь дэлгэрүүлнэ үү, ер нь хэдүүлээ болж байна вэ?

-Беларусь энэ удаа жинхэлснээрээ бүрэн эрхт жинхэнэ гишүүн улс 10-т хүрнэ. Цаана нь ажиглагч хоёр Монгол, Афганистан үлдэнэ. ШХАБ-ыг толгойлогч Орос, Хятадын хувьд нийтлэг нэг зорилго харагддаг. Эхэндээ Орос тийм зорилго тавиад Хятад түтгэлзээд байдаг байсан бол одоо нэгдмэл байр суурьтай байх шиг. Энэ нь гишүүдийн тоог аль болох нэмэх явдал. Тэр өнцгөөсөө ч манай улсыг олон жил уриалан дуудаж, нэг үгээр бол шахсан даа. Өрнөд ертөнцтэй глобал тавцанд сөргөлдөхөд ШХАБ-ын гишүүн олон баймааж нь ялна гэсэн итгэл лав Орост бий, харагдаж ч байна. Орос Украинтай бүтэлгүй дайнд татагдаад орчихсон, нөгөө талаасаа ШХАБ-ын ЕНБД нь Хятадын нэртэй дипломатч байгаа, ШХАБ-ыг одоогоор бодитойгоор БНХАУ оройлж байгаа гэдэг утгаар ШХАБ руу нийлье нэгдэе, ажиглагч болъё гэсэн улс орнуудын тоо геометрийн прогрессоор өслөө. ШХАБ-ын албан ёсны сайтад байгаа мэдээллээс эшлэе.

“Ажиглагч гишүүн” болгож өгнө үү гээд өргөдлөө өргөн барьсан улсууд гэхэд л Бангладеш, Вьетнам, Израиль, Ирак, Сири, Украин жагссан байна. Нөгөө “муу нэрт” Украин маань нэр бүхий 6 улсын дотор бичигдэж, Оростойгоо зэрэгцээд ШХАБ-д орж ирнэ гэсэн байх юм.

“ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш” гэх бас нэг гишүүнчлэлийн статус байдаг. Улсуудыг жагсаавал Азербайжан, Армен, Египет, Катар, Камбож, Балба, Саудын Араб, Турк, Шри-Ланк гээд 9 улс бичигджээ. Гэтэл энэ “9” дээр нэмэгдэж яриа хэлэлцээний түнш болж буй гээд Бахрейн, Кувейт, Мальдив, Мьянмар, АНЭУ гэсэн байх юм, “9+5=14” буюу үндсэн гишүүдээсээ ч олон түнш улстай болох юм байна. Хамгийн сүүлийн мэдээ гэхэд л Шри-Ланкийн Гадаад хэргийн сайд Хятадад айлчлахдаа ШХАБ-ын НБДНГ-т зочилж, ЕНБД-тай уулзахдаа статусаа ахиулах хүсэлтээ илэрхийлээд дэмжигдлээ гэснээс үзвэл Монгол, Афганистантай зэрэгцээд ажиглагч болох магадлалтай. Саудын Араб өмнөхөн нь ийм итгэлээ илэрхийлж хүсэлтээ өгсөн. Ингээд бас  ажиглагч 4 болох магадлалтай. Дээр нь сайтад нэрс нь ярайж буй Украин зэрэг 6 улсыг хэтдээ нэмж тооцвол, ажиглагч гишүүн улс 10 болох боломжтой. 2023 оны тавугаар сарын 5-ны өдөр Энэтхэгийн Панажид ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаан болж, тэр үеэр баяр ёслолын байдалд Кувейт, Мальдив, Мьянмар, АНЭУ-д яриа хэлэлцээний түншийн статус олгох Меморандумд гарын үсэг зурна лээ. Хэдүүлээ гэдэгт хариулбал “40” рүү дөхөөд явчихаж байгаа бус уу.

-Маш тодорхой ярилаа. Монголынхоо байр суурь, статусыг ярья. Энэ талаар та олон удаа бичсэн, байр сууриа илэрхийлдэг дээ.

-Энэ тухай тусгайлан энд дэлгэрэнгүй ярих шаардлагагүй дээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай төр-засгийн байр суурийг өнгөрсөн онд тов тодорхой илэрхийлсэн шүү дээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистаны Самарканд хотноо 2022 оны 9 дүгээр сард ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно гэсэн мэдээ тавьсан байсныг санаж байгаа байх. Монголчууд уншсан, анзаарсан. Хэрэв лавшруулбал “ажиглагчаар” гэдэг ганцхан үгэнд өөрийн чинь тавьсан асуултын хариу тусчихсан юм биш үү. Гурван утгаар илэрхийлэгдсэн гэж би тухайд үедээ үзсэн, тийм ярилцлага ч өгч байсан. Нэгт,  “Ажиглагчаар” гэсэн энэ үг юуны өмнө монголчууддаа зориулсан мэссэж байсан. ШХАБ-д жинхлэхгүй ээ, ажиглагчаараа үргэлжлүүлэн ажилланаа гэсэн утга илэрхийлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, ШХАБ-д эх орноо барьж өгөх гэлээ гэсэн хардлага хийрхэлд нэг ёсны хариу өгчихсөн.  Хоёрт,  “Aжиглагчаар” гэсэн нь ШХАБ руу Монголыг уриалдаг, шахдаг хөрш гүрнүүдэд хандсан мэссэж байсан. Дахин дахин бүү уриалаад шахаад бай, Монгол бол ардчилсан, ард иргэд нь нийтээрээ хэлэлцэж шийдвэрээ гаргадаг эрх зүйт төртэй улс мөн гэсэн мэссэж. Гуравт,  Xоёр хөршөөс гадна гуравдагч хөршүүд, дэлхий нийтэд “ажиглагчаараа үлдэнээ” гэсэн бас нэг мэссэж гэж ойлгогдохоор бууж байна.

-ШХАБ-аас Монголд чухам юу нь, ямар давуу тал нь хэрэгтэй юм бэ, ингэхэд?

-Мэдээж ШХАБ бол олон улсын нээлттэй том индэр, талбар учраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Самаркандад ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон нь зөв зүйтэй алхам болсон. Тэр дундаа хамгийн онцлох нь цар тахлын улмаас хоёр жил завсарласан Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит VI уулзалтад оролцож, стратегийн ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцаж, хамгийн чухал нь тийм хийг БНХАУ хүлээн авахад бэлэн байна гэсэн үгийг Хятадын удирдагчаар зөвшөөрүүлсэн нь онц ач холбогдолтой болсон. Монгол Улс ШХАБ-ыг ямар нэгэн эвсэл, цэргийн холбоо гэж үзэхгүй, харин олон талт хамтын ажиллагааны чухал суваг хэмээн үздэг, 2004 онд ажиглагчийн статустай болсноосоо хойш жинхэнэ гишүүдтэйгээ мөр зэрэгцээд дээд түвшний бүх уулзалтад идэвхтэй оролцож ирсэн, тэгэх тусмаа энэ том боломжийг ашиглаад гурван улсын Төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээний байнгын механизмтай болж авсан нь гадаад бодлогын бас нэгэн том ололт юм даа.

-ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ оны хавар манай улсад айлчилсан. Та ч бас уулзаж байгаа харагдсан. Тэр талаас нь ганц нэг мэдээлэл өгнө үү?

 –Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ЕНБД, Элчин сайд ноён Жан Мин бараалхсан. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байдгийг Ерөнхийлөгч илэрхийлээд энэ хүрээнд цаашид ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш улсуудтай ажиглагчийн хувиар үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлосон байга. Ноён Жан Мин ч ШХАБ дахь Монгол Улсын оролцоог өндрөөр үнэлэж, ажиглагч болсон цагаасаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэнд талархсан. Ноён Жан Мин буцаж очоод талархлын захидал ирүүлэхдээ, Монгол Улсад айлчлах үеэр нь хүлээн авсанд Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн талархал илэрхийлж, “Танай оронд өмнө нь зочилж байснаас хойш гарсан ахиц дэвшил, эерэг өөрчлөлт надад гүн сэтгэгдэл төрүүллээ” хэмээн дурдаад, “Монгол Улс ажиглагч орны хувьд ШХАБ-ын гол түншүүдийн нэг билээ. ШХАБ-ын арга хэмжээнд идэвхтэй оролцож байдгаараа танай улс байгууллагын зорилго, зарчмыг тууштай дэмжиж, тулгамдаж буй асуудлуудад зүй ёсны анхаарал хандуулж буйн илрэл юм” гэж тэмдэглэсэн. Манай улсын байр суурь, идэвхи зүтгэлд өгсөн албан ёсны үнэлэлт дүгнэлт юм биш үү.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж