Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг сонгон шалгаруулахаар Улсын дээд шүүхээс удаа дараа нээлттэй сонгон шалгаруулал зарлаж, нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд олонхын санал авч чадах нэр дэвшигч олдохгүй байна. Хамгийн сүүлд гэхэд, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэж, дөрвөн хүн бүртгүүлжээ. Тодруулбал, хуульч Б.Гүнбилэг, Н.Отгончимэг, Ч.Тунгалаг, Х.Эрдэм-Ундрах нарын дөрвөн хүн Цэцийн гишүүнд нэр дэвшихээр материалуудаа ирүүлжээ. Харин хуульч Б.Гүнбилэг өөрийн хүсэлтээр нэрээ татаж, Н.Отгончимэг, Ч.Тунгалаг, Х.Эрдэм-Ундрах нар нэр дэвшсэн бөгөөд хэн нь ч олонхын санал авч чадаагүй байна.
Нийт шүүгчдийн хуралдаанаар олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн зохицуулалттай билээ. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүний орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлахаар болжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” гэж заасны дагуу Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн Цэцийн гишүүний орон тоонд нэр дэвшигчийг хуульд заасны дагуу нууц санал хураалтаар томилуулахаар санал болгох зохицуулалттай. Өмнө нь хоёр гишүүний сонгон шалгаруулалт зарласан бөгөөд нийт шүүгчдийн олонхын саналыг Д.Гангабаатар авч, Цэцийн гишүүн болсон. Харин одоо дахин нэг гишүүнийг сонгох нээлттэй шалгаруулалт удаа дараа зарласан боловч нийт шүүгчдийн олонхын санал авч чадахгүй буцаагдсаар байна.
Үндсэн хуулийн Цэцийн хоёр ч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр болон Цэцийн дарга Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн хүнийг томилох сонгон шалгаруулалт эхлээд буй. Цэцийн гишүүний бүрэн эрх нь УИХ-аас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болдог хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, Д.Одбаяр, Н.Чинбат нарын 6 жилээр томилсон хугацаа дууссан ч дараагийн хүн томилогдох хүртэл тэд ажлаа хийж, бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн үг.
Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Түүнийг 2016 оны зургадугаар сарын 9-ний өдөр Улсын дээд шүүхээс санал болгож, Цэцийн гишүүнээр томилсон бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Цэцийн даргаар томилогдсон билээ. Харин Цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бөгөөд түүнийг УИХ-аас нэр дэвшүүлсэн томилсон байдаг. Д.Одбаярын хувьд 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр томилсон бөгөөд 2017 оны зургадугаар сарын 14-өөс 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл Цэцийн даргаар ажилласан билээ.
УИХ, Улсын дээд шүүхээс Цэцийн дараагийн гишүүдийн томилгоог хэзээ хийх, хаврын чуулган хаахаас өмнө амжихгүй нь бараг л тодорхой болж байна. Хэдхэн хоногийн дараа хаврын чуулган хаалтаа хийнэ. Тиймээс энэ хугацаанд амжиж, дахин нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, УИХ-аас шинэ нэр дэвшигчийг оруулж ирнэ гэдэг юу л бол.
Харин энэ хугацаанд эрх баригчид Цэцэд тэнцэх дараагийн хүнээ "тохирох" хүртэл Цэцийн гишүүн Д.Одбаяр, Цэцийн дарга Н.Чинбат нар ирэх намар хүртэл ажлаа хийж таарах нь.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ