Хот, хөдөөгүй ахмадууд бухимдалтай байна. Тэд “Хэнийх нь тэтгэвэр 550 мянган төгрөгөөс 1 сая гаруй болж өсдөг, хэнийх нь тэтгэвэр 500 мянгаас 558 мянган төгрөг болж, ялгаварлагдав” гэж гомдол тавьж эхэллээ.
Эрх баригчдын хувьд “Долдугаар сарын 1-ээс итгэлцүүрээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500,000-626,200, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 400,000-458,900 төгрөг болж нэмэгдэнэ” гэх PR-ыг бялууртал хийсэн.
Харин товлосон өдөр нь болж, ахмадуудын дансанд тэтгэвэр нь ортол итгэлцүүрээр 8000, 28000 төгрөгөөр нэмэгдсэн нь гайхашийг нь барав. Шуудай гурил байтугай 1 кг үхрийн мах худалдан авах үнэ ч хүрсэнгүй.
Энэхүү баримт нь 34,8 жил ажилласан ахмадын тэтгэвэр итгэлцүүрээр 28,738 төгрөгөөр нэмэгдсэн жишээ юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өмнө нь мэдээлэл хийх үеэрээ “113 мянган ахмадын тэтгэвэр итгэлцүүрээр нэмэгдэхгүй. Зөвхөн 10 хувийн нэмэгдлээр тэтгэвэр нь бодогдоно” гэж мэдэгдсэн тул НДШ нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгосон, мөн бичиг баримт нь олдохгүйгээс цалингийн цэс нь тодорхойгүй ахмадуудын хувьд хүлээлт тийм ч өндөр байгаагүй. Харин улсад 30, 40 жил тасралтгүй ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/төлсөн ахмадуудын хувьд хамгийн багадаа 120 мянган төгрөгөөр тэтгэвэр нэмэгдэх нь гэсэн тооцоо хийсэн тул гомдол барагдсангүй. Одоо ч “Яахаараа тасралтгүй 34, 35 жил НДШ төлсөн байтал 20 мянган төгрөг ч хүрэхгүй мөнгөөр итгэлцүүр нэрээр тэтгэвэр нэмдэг юм бэ. НДШ нөхөн төлөөд тэтгэврээ тогтоолгосон хүнээс 18 мянган төгрөгөөр илүү тэтгэвэр авах нь шударга зарчимд нийцэх юм уу” гэдэг асуудлыг хөндөж буй. Тэдний зөв. Тэтгэвэр тогтооход төлсөн НДШ-ийнх нь хэмжээнээс гадна хэр олон жил ажилласан нь мөн хамаардаг.
Хэр олон жил ажиллаж, НДШ төлнө, тэр хэрээр их мөнгө төвлөрүүлж буй. Гэвч энэ удаагийн итгэлцүүрээр олон жил ажиллаж, НДШ төлснийг биш цөөн жил ажилласан ч өндөр цалин авч байсан ахмадуудын тэтгэврийг нэмэхэд илүү анхаарч, ажиллажээ гэдэг нь тодорхой болов.
Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Анхнааасаа бид энэ шийдвэрийг гаргахдаа ахмадуудын гуравны нэгийнх нь тэтгэвэр итгэлцүүрээр дорвитойхон нэмэгдэнэ гэж хэлж байсан. Маш олон хүн “Би олон жил НДШ төлсөн” гэдэг асуудлыг ярьж байна лээ. Цалингийнх нь хэмжээ бага байх тусам хэцүү. 20-иос дээш жил ажилласан нөхцөлд тэтгэврийг нь 1.5 жилээр нэмж тооцдог. Гэсэн ч цалингийн хэмжээ бага байх тусам нэмээд, нэмээд тэтгэвэр бага л тогтоогддог” гэснээс тодорхой болж буй.
Мөн Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар өнгөрсөн зургадугаар сарын 30-нд мэдээлэл хийхдээ “Зарим хүн тэтгэврийн доод хэмжээг 700-800 мянган төгрөг болгох саналтай байсан. Тэтгэвэр авагчдын 70 шахам хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Тэтгэвэрт гарсан бүх хүнд 700-800 мянган төгрөг олгож болохгүй. Тэтгэвэр авагчдын 4 хувь нь л 800 мянгаас дээш тэтгэвэр авдаг. Энэ хүмүүс 30, 40 жил маш өндөр цалингаар тогтвортой ажилласан. Тэд авах ёстойгоо л авах нь шударга ёсонд тэнцэнэ” гэсэн нь Монголын Ахмадын холбоо нь ч бага цалингаар тогтвортой олон жил ажиллаж, НДШ төлсөн ахмадуудынхаа асуудлыг үл хайхарсан нь харагдав.
Хэдийгээр тэтгэврийг тогтооход төлж байсан НДШ-ийн хэмжээ, хэдэн жил ажилласан бэ, ямар ажил эрхэлж байсан гэдэг үзүүлэлт хэмжүүр болдог нь үнэн ч төр яагаад дандаа 30, 40 жил тогтвортой ажилласан, бага тушаалын цалинтай ахмадуудыгаа хөсөр хаяж байдаг юм бэ гэдэг асуудлыг хөндөхөөс аргагүй нь.
Учир нь, төрийн байгууллагад ажиллаж байсан тэдэнд төрөөс цалинг нь тогтоож, олгож ирсэн. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны хүнд үеийг нуруундаа үүрч гарсан тэдгээр буурлуудад төр тухайн үедээ цалинг нь нэмэх нь битгий хэл цаг хугацаандаа ч цалинг нь өгч чадахгүй, чардайлгаж, ажиллуулдаг байсан. Нар ургахаас өмнө ажилдаа гараад нар жаргасны дараа л гэрийн бараа харцгаадаг тийм л ажлын хуваариар хөдөлмөрлөж, тэтгэвэртээ гарсан. Нэг ч жилийг нөхөн даатгалаар төлсөн удаагүй. Гэтэл “Таны авч байсан цалингийн хэмжээ бага юм байна, ажилласан жил тань хамаарахгүй” гэх нь шударга хуваарилалт мөн үү.
Уг нь ахмадууд“Бидний олон жил ажиллаж, НДШ төлсний хэрэг гарахгүй байна. Ажил хийгээгүй шахам байж, НДШ нөхөн төлсөн хүмүүстэй ижил 500 мянган төгрөгийн тэтгэвэр авах нь шударга бус байна” гэдэг асуудлыг тавьсаар ирсэн. Гэтэл ямаа гэхээр тэмээ гэлээ гэдэг шиг төр тэдний асуудлыг огт хайхарсангүй. Түүгээр үл барам “Бага дүнгээр НДШ төлчихөөд их тэтгэвэр авъя” гэж шаарддаг хэн бэ гэж зандрах аястай. Уучлаарай, тэд дааж давшгүй их тэтгэвэр шаардаагүй. Ажилласан жил, төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр тэтгэврээ нэмүүлэхийг хүссэн. Учир нь, 30, 40 жил ажилласан байтал 10 жил ажиллаад үлдсэн 10 жилээ НДШ-ээр нөхөн төлсөн хүмүүстэй ижил тэтгэвэр авах нь тэдний хувьд үнэндээ шударга бус. Ямар ч ажил мэргэжлээр ажиллаж байсан ч гэлээ.
Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатарын тайлбараар бол цэвэрлэгч, манаач, номын санч, туслах багш, сувилагч, жолооч нар 700, 800 мянган төгрөгийн тэтгэвэр шаардах эрхгүй гэдэг асуудлыг хөндсөн байна лээ. Тэд малчид шиг НДШ-ээ нөхөн төлж, 50, 55 настайдаа тэтгэврээ тогтоолгоогүй. Эмэгтэй нь гурван хүүхэдтэй гэдгээр 55 нас хүртлээ, эрэгтэй нь 60 нас хүртлээ хөдөлмөрлөж, 30, 40 жил НДШ тасралтгүй төлсөн. Тэмээг ямаатай харьцуулах гэж бүү эндүүр. Тэд нэмэгдэл нэхэх эрхтэй, шаардах ч эрхтэй, гомдох ч эрхтэй.
Эрх баригчид аа, ахмадуудынхаа тэтгэврийг шуудай гурилын үнэ ч хүрэхгүй мөнгөөр нэмчихээд малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс даана гэж “цэцэрхэх”-ээ боль.
Улсын хэмжээнд 220 мянга гаруй малчин байгаагаас 25 хувь нь НДШ төлдөг тул сайн дураараа НДШ төлсөн малчны 50 хувийнх нь шимтгэлийг төрөөс даана гэх нь үнэндээ шударга бус. Үүнд жил бүр улсын төсвөөс 25 тэрбум төгрөг гаргана гэж буй. Түүнийхээ оронд "ул"-ны амьдрал туулж яваа ахмадуудынхаа тэтгэврийг нэмье. Тэд ихийг шаардаагүй, хуримтлуулсан НДШ-ээ тэтгэвэр хэлбэрээр буцааж авахыг л хүсч буй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ