2024 оны сонгууль ойртож, эрх баригч нам дотроо багагүй “цэвэрлэгээ” хийв. Ирэх сонгуульд хэн хэнийг нэр дэвшүүлэхгүй байх вэ гэдэг нь өнгөрсөн хугацаанд болсон олон том хулгай, луйвраар илрэв.
Мэдээж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд хулгай, луйвар, авлигатай тэмцэж, намын нөхөдтэйгөө ч тэмцэнэ гэсэн амлалтдаа хүрэв. Түүний хажуугаар өрнөсөн бас нэг улс төр бол тойргийн болоод нэр дэвшигчдийн “цэвэрлэгээ” байв.
Тойргийн “цэвэрлэгээ” хамгийн эхлээд Хөгжлийн банкны асуудлаар илэрсэн. Эрх баригч нам Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг АТГ-т шалгуулахаар өгч, маш олон улстөрч, бизнесменүүд хуулийн байгууллагын өмнө дуудагдаж, УИХ дээр нээлттэй сонсгол ч хийв. Нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон олон улстөрчийг дуудаж, Төрийн ордонд олны нүдэн дээр байцаалт явуулж, “ялласан”. Одоогийн УИХ-ын гишүүдээс эхлээд МАН-ын олон улстөрч Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, цоллуулсан. Зарим нь өөрийн хамаарал бүхий компанидаа, эсвэл эрх мэдлээ ашиглаж зээл авахад нөлөөлсөн, зарим нь авлига авч зээл олгуулсан гээд олон улстөрчийн цуваа үргэлжилж байв. Хөгжлийн банкнаас зарласан нэрс дунд одоогийн УИХ-ын гишүүн Ч.Ундрам, С.Бямбацогт, Ц.Анандбазар, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар дурдагдаж байв.
Мөн МАН-ын экс гишүүд, “сахал” Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ба түүний нөхөд, МАН-ын угшилтай бизнесменүүд ч багтаж байв. Эцэст нь МАН УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр туг тахиж, бусдынх нь хэргийг хэрэгсэхгүй болсныг бүгд мэдэж буй.
Яг үүн шиг дуулиантай эхэлсэн бас нэг хэрэг бол Нүүрсний хулгайн асуудал. Хөгжлийн банкнаас аймшигтай, улсаа ч худалдсан, хэдэн тэрбумаар тоологдох хэмжээний мөнгө нэг хурган даргын өрөөнөөс гарсан гээд бас л нийгмийг доргиосон нүүрсний хэрэг өнөөдөр ямар шатандаа яаваа, хаана, хэнийг шалгаж байгаа нь тодорхойгүй үлдэв. Харин энэ дуулианаар хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, бас л олны өмнө “ял” өгөөд өнөөдөр хэрэг хэрхсэн нь тодорхойгүй хэвээр үлдэв. Нүүрсний хулгайд ч мөн адил УИХ-ын гишүүд, улстөрчид холбоотой хэмээн хуулийн байгууллага зарлаж, цоллож байсан нь саяхан. Нүүрсний хулгайн цувааг УИХ-ын гишүүн Ц.Ананбазар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Г.Наранбаатар, Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат, Т.Аюурсайхан, экс Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний нөхөд, АН, МАН-ын угшилтай улстөрчид байв. Хуулийн байгууллагаар зарласан нэрс нь л энэ бөгөөд цаашид ч шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг хэлж байв. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нараас бусад нь албан тушаалтайгаа үлдэж, хуулийн байгууллага нь ч хэрхсэн нь тодорхойгүй байна.
“ЦЭВЭРЛЭГЭЭ”-НД ӨРТСӨН АРХАНГАЙХАН
Харин өнөөдөр тэр олон холбогдогчдоос Архангай аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болсон Ё.Баатарбилэг гишүүн л ял авах дүр зурагтай үлдэв. Хүний өөрийн гэж ялгахгүй гэсэн “амлалт”-даа МАН хүрч ийн прокуророос Ё.Баатарбилэгт 6 жилийн ял оноох саналаа өчигдөрхөн шүүх хурал дээр танилцуулав. Хэрэв түүнд шүүхээс гэм буруутай гэж үзэж, ял оноовол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Архангай аймагт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон бас нэгэн хүн “цэвэрлэгээ”-нд өртсөн нь УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат. Түүнийг нүүрсний хулгайн хэргээр буруутгаж, Улсын ерөнхий прокурорын газраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийн өмнө тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, түүнийг нь МАН ёсоор болгов. Хааяа нэг АТГ-ын урд зогсч зургаа даруулж сошиалд тавьж байгааг нь харвал хуулийн байгууллага дуудсан цагт нь би очиж байгаа гэсэн дохио. Гэхдээ Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг ч ирэх сонгуульд нэр дэвшихгүй, тиймээс ч өнгөрсөн хугацаанд дээрх үйл явдлууд өрнөсөн.
МАН, АН-ААР НЬ АЛАГЧИЛСАН ӨМНӨГОВЬ
Нүүрсний хулгайтай холбоотойгоор Өмнөговь аймгийн хоёр гишүүний, тус аймгийн МАН-ын дарга, ИТХ-ын дарга гээд өртөөгүй хүн бараг л үлдээгүй. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарыг нүүрсний хулгайтай холбоотойгоор Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт оруулж ирсэн. Харин эрх баригчид Өмнөговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, МАН-аас сонгогдсон Г.Наранбаатар гишүүнийг олонхоороо авч үлдсэн юм. Мөн Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаярыг ч мөн нүүрсний хулгайн асуудал тойроогүй. Түүний хувьд 2024 онд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан ч нүүрсний хулгайтай холбоотойгоор мөн л хуулийн байгууллага шалгаж буйгаа зарлаж, улс төрийн карьерт нь “цөв” суулгасан юм.
ЧИНГЭЛТЭЙГ “ЭЗЭГНЭСЭН” МАН-ЫН ЦҮНХ БАРИГЧИД
Нүүрсний хулгайтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргээс сонгогдсон. Тус дүүргийнхээ МАН-ын дарга байв. Т.Аюурсайханы хувьд нүүрсний хулгайтай холбоотой “Эрдэнэс Тавантолгой” захирал асан Ганхуягтай холбоотой хэмээн хуулийн байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирснийг МАН-ын дэмжээд, дэмнээд явуулсан. Нүүрсний хулгайтай холбоотойгоор хуулийн байгууллага асуудлыг эцэслэх нь Чингэлтэй дүүргийн намын хорооны даргаа “явуулна” гэдэг ардаа улс төрийн хувьд том захиалагчтай байсан хэмээн МАН-ынхан жиг, жуг гэлцэж буй.
ЯЛ АВААГҮЙ Ч НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ БОЛОГСОД
Хэдийгээр хуулийн байгууллага зарим хэргийг шалгаж, зарим хэргийг нь эцэслэж байгаа ч олон нийтэд нэрийг нь ил зарлаж, хуулийн байгууллага эцэслээгүй байхад олон нийтээр “яллуулсан” улстөрчид олон бий. Нэр дурдагдсан, нээлттэй сонсголд дуудагдсан гээд МАН, АН-ын гишүүдээс эхлээд улс төрд “санаатай, нөлөөтэй” олон бизнесменүүд өнөөдөр хуулийн байгууллагын өмнө биш олон нийтийн өмнө “ял” авчихсан байгаа. Тэдний хувьд ирэх сонгуульд горьдоод ч хэрэггүй гэсэн сануулгыг МАН-ын удирдлагууд өгсөн юм.
Эцэст нь, МАН-ын удирдлага, эрэх баригчид хулгай, луйвар, авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж байгаа нь сайн бөгөөд зөв алхам. Гэхдээ үүний цаана, улс төрийн өнцгөөс харвал тойргийн “цэвэрлэгээ” хийх гэсэн давхар мэх явааг ч бас сануулах нь илүүц биз ээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ