Ардчилсан нам шинэ даргатай болоод багагүй хугацаа өнгөрөв. Энэ хугацаанд АН дотооддоо, нийт гишүүддээ хандсан үйл явдлаас өөрөөр олон нийт рүү чиглэсэн, сөрөг хүчний ажлаа тийм ч хүчтэй хийж чадаагүй. Мэдээж шинэ дарга бодлогоо танилцуулахаас эхлээд намын бүх шатанд хэрхэн ажиллах, цаашид үнэт зүйлээ, үзэл бодлоо хамгаалахын тулд юу хийх вэ гэдгээ намын гишүүддээ тодорхой танилцуулах ёстой. Үүний дараа олон нийтийг төлөөлөх, намын гишүүд дэмжигчиддээ хүлээн зөвшөөрөгдөхөөс бүх зүйл эхлэх учиртай. Гэхдээ өнөөдрийг хүртэл Ардчилсан намын дарга болоод дотооддоо асуудлаа цэгцэлж дуусаагүй байгааг нь олон үйл явдлаас харж болохоор.
Ардчилсан намын залуус үзэл санаа бүхий клубүүдэд суурилсан нам болохоор намын нийт гишүүд дэмжигчдээ уриалаад эхлэв.
Тэд Ардчилсан нам бүтцийн шинэчлэл хийж, засаг захиргааны нэгжид суурилсан намаас үзэл санаа бүхий клубуудэд суурилсан нам болон өөрчлөгдөх ёстой гэж анхны уулзалт энэ сарын 5-ны өдөр буюу Лхагва гаригт Туушин зочид буудлын Соёмбо танхимд хийхээр товложээ.
Энэ уулзалтаа “Grand meeting” гэж нэрлэсэн бөгөөд уулзалтад Ардчилсан намын удирдлагууд, Үндэсний бодлогын хорооны гишүүд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, намын дунд шатны Иргэдийн хурлын төлөөлөгчид, улс төрийн клубүүдэд харьяалал бүхий намын гишүүд, үзэл баримтлал нэгтэй нам бус төлөөлөл, эдийн засагчид, бизнесийн болон иргэний нийгмийн төлөөллүүд дэмжиж, оролцохоо сошиал хуудсаар дамжуулан илэрхийлээд буй.
Тэгвэл Ардчилсан намын “Grand meeting” уулзалтаас бид юу хүлээх вэ. Чухам яагаад удахгүй болох Үндэсний бодлогын хорооны хурлын өмнө ийм үзэл санааны хувьд өөрчлөгдөх, өөрчилж, шинэчлэгдэх уриалга гаргах болов гэдэг нь анхаарлын төвд байна. Мэдээж Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байж, эрх барьж байгаа намд ташуур болох ёстой гэдэгтэй хэн хүнгүй санал нийлнэ. Чухал намаа хүчтэй байлгах нь нийт гишүүдээс, тэр гишүүдийг удирдан чиглүүлж байгаа удирдлагаас их зүйл хамаарна. АН-ынхны эхлүүлээд буй “Grand meeting” уулзалтаар юу яригдах вэ.
Тус уулзалтаар Ардчилсан намын шинэчлэл хийгээд залуучуудын улс төрийн оролцоо, эрх баригчдын хийж хэрэгжүүлж буй ажлыг дүгнэхээс эхлээд олон шинэчлэлүүд яригдах бололтой.
Түүгээр зогсохгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн үйл явцад дүгнэлт өгч, Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлсийн эрхэм тулгуур болох хүний эрх, эрх чөлөө, бизнесийн эрх чөлөөнд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, Ардчилсан нам шинэчлэгдэж сөрөг хүчний үүргээ хариуцлагатай гүйцэтгэх, бодлого, байр сууриа тодорхойлох асуудлаар улс төрийн клубүүд, эдийн засагчид, баялаг бүтээгчид, иргэний нийгмийн санал бодлыг сонсч, олон нийтэд сурталчлан таниулахад зорилго агуулж буйгаа ч зохион байгуулагчид илэрхийлэв. Ардчилсан нам удаан хугацаанд талцал хуваагдалтай байж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй, даргагүй явлаа гэсэн шүүмжлэл дагуулсан өдрүүд ард хоцорч, ийнхүү сөрөг хүчний үүргээ биелүүлж, Монгол Улсын нийгэм эдийн засагт дүгнэлт хийж, үзэл баримтлал, үнэт зүйлсийнхээ төлөө тууштай тэмцэх нь хэмээн улс төрийн хүрээнд хүлээлт үүсгээд байна.
Орчин үеийн улс төрийн намууд нь клубүүдийн үйл ажиллагаанд суурилж ажилладаг бөгөөд клуб хоорондын өрсөлдөөн нь тухайн намын үйл ажиллагааг идэвхжүүлэх хөдөлгүүр нь болдог гэж шинжээчид үздэг. Монголын улс төрийн нам дунд бол хуучин бүлэг фракц болж, тэдний эрх ашигт нам нь илүү үйлчилдэг бичигдээгүй зарчимтай байв. Харин энэ удаад Ардчилсан намынхан “улс төрийн клуб” гэх шинэ нэршил оруулж ирж байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Гэхдээ клуб байгуулж, зарчмын өрсөлдөөн бий болгож чадах уу эсвэл хуучны фракцийн түвшинд ажиллаад өнгөрөх үү гэдэг эргэлзээ дагуулж байгааг дурдах нь илүүц биз ээ.
Мэдээж дэлхийн чиг хандлага, улс төрийн үзэл санаа, бодлогод суурилсан клуб байгуулж, түүнийхээ дагуу намдаа, эрх баригчдад “ташуур” болж чадвал АН жинхэнэ утгаараа шинэчлэгдэх нь хэмээн анзаарч болох юм.
100 жилийн түүхтэй, дарангуйлагч шинжтэй улс төрийн намаар эрх бариулж, ийм бүтэцтэйгээр олон жил явж ирсэн хэмээн шүүмжилдэг Ардчилсан нам өөрсдөдөө болоод өнгөрсөн жилүүдэд явж ирсэн улс төрийн тогтолцоондоо шинэ салхи оруулж, шинэчлэл хийж, манлайлах том амбиц тавьжээ. Аливаа улс төрийн хүчин өөрчлөгдөж, шинэчлэгдэж, нийтийн эрх ашиг, нийгмийн бүхий л сонирхлын бүлгийг татсан, орчин үеийн улс төрийн хүчин болж төлөвших цаг хугацааны өмнө Монголын улс төрийн намууд ирээд буй. Нам дагасан нь хожоод өнгөрөх бус нам бодлогын институц байж, манлайлдаг байх шинэчлэлийг Ардчилсан нам, тус намаас зохион байгуулж буй “Grand meeting” уулзалт хийж чадах уу.
Т.ОД
Холбоотой мэдээ