Монгол Улсын экспортын орлогын үндсэн том салбар болох уул уурхай, тэр дотроо нүүрсний экспорт голлох жинг дарж байдаг. Энгийнээр бол бидний гаднаас олдог 10 ам.долларын найм нь нүүрсний экспортын орлого гэж хэлж ч болно. Өнгөрсөн онд Монгол Улс 31.7 сая тонн нүүрс экспортолсон. Энэ төлөвлөгөөг 2023 онд давуулан биелүүлж, 42 сая тонныг олборлохоор зорилго тавиад буй. Ингэснээр валютын урсгал нэмэгдэж, төлөвлөснөөс 605 сая ам.доллараар илүү экспортын орлого олох боломжтой гэж оны эхээр эрх баригчид мэдэгдэж байв. Засгийн газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам” гээчийг баталж, нүүрсийг биржээр худалдаалахаар болсон. Энэ онд нийт экспортын 30 хувийг биржээр худалдаална гэж зарлаад буй. Ингээд 2023 он эхлээд Эрдэнэс Тавантолгой болон орон нутгийн жижиг Тавантолгой гэх нүүрсний гол уурхайнуудыг нүүрсээ ам нөхцөлөөр биш биржээр буюу хил нөхцөлөөр худалдаалах шаардлагыг тавьсан юм. Нүүрсийг биржээр худалдаалж эхлэхдээ үндсэн шалтгааныг үнийг өсгөн тогтворжуулж, улсын төсөвт ирэх ашгийг нэмэгдүүлэх гэж томъёолсон. 42 сая тонн нүүрс экспортлох том зорилготой Засгийн газрын хувьд 2023 он хагасаасаа өнгөрөөд байгаа энэ цаг үед биржийн худалдаа нь дөнгө болж, 2022 оны экспортоо давуулах бус тэндээ хүрч ч чадахгүй нөхцөл байдал хэдийнэ үүсчээ. Үүнийг тодруулах цөөхөн тоо дурдъя. Эрдэнэс Тавантолгой компани 2022 оны хэмжээнд 11.2 сая тонн нүүрс олборлож, 6.6 сая тонн нүүрс борлуулсан статистикийг зарлаж байлаа. Тэгвэл он гарснаар биржийн худалдаанд шилжсэний дараах эхний таван сарын байдлаар 1.0 сая тонн нүүрс экспортолсон мэдээг Монголын хөрөнгийн бирж энэ сард зарлаадахлаа. Орон нутгийн жижиг “Тавантолгой” компанид Засгийн газрын бүрэн эрхэт төлөөл өгч томилогдож, биржийн худалдаанд шилжсэн. Тус компани 2023 онд 3 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөг ТУЗ нь баталсан. 2022 оны эхний зургаан сард 1.2 сая тонн нүүрс борлуулж байсныг статистик харуулж байна. Тэгвэл тус компани ам нөхцөлөөр худалдаа хийхийг хориглон биржийн худалдаанд шилжсэн зургаан сарын хугацаанд 51.9 мянган тонн нүүрс борлуулаад байгаа дүн мэдээ өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн ИТХ-аар хэлэлцэгдэж, бөөн асуудал үүсгэжээ. Биржийн худалдаа нь өнгөрсөн жилийн борлуулалтынхаа 4 хувьд ч хүрээгүй гэсэн тооцоолол гарч, орон нутгийн захиргаа, хувьцаа эзэмшигчид багагүй хэл ам үүсгэжээ. Засгийн газраас нийт экспортын 30 хувийг биржээр худалдаална гэж зарласан ч өнөөдрийн дүрх төрхөөр бол энэ тоондоо ч хүрч чадахгүйгээр зогсохгүй Монгол Улсын нийт нүүрсний экспортыг гацаах эрсдэлтэй байгааг бүх шатанд ярьж эхлээд байна. 42 сая тонн нүүрсний 30 хувь гэвэл 12.6 сая тонн нүүрсийг биржээр худалдаалах шаардлагатай болно. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн Тавантолгой нийлээд 1.1 сая тонныг буюу 10 хувьд нь ч хүрээгүй борлуулалтыг хийгээд байгаа дүр зурагтай. Нүүрсний олборлолт, борлуулалтын оргил улиралд Монгол Улсын нүүрсний зах зээлийн бодит төрх ийм байна.
Гэвч Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас эхлээд “Эрдэнэс Тавантолгой”-н БЭТ Ж.Ганбат , Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай тэргүүтэй хэдэн нөхөд л биржийн худалдааг ам хуурайгүй магтаж буй. Тэгвэл эдийн засагчид бодит байдлыг ярьж тайлбарласаар байна. Эдийн засагч М.Ангар “Манай сайд дарга нар л Хөрөнгийн биржээр нүүрсээ ямар ч асуудалгүй зараад экспортоо нэмэгдүүлээд алж хядаад байна гэх юм. Гэтэл Хятадын импортын тооноос харахад Гашуунсухайт-Ганц мод боомтоор орж буй Монголын нүүрсний хэмжээ 2023 оны хоёрдугаар сараас тасралтгүй унасаар өнгөрсөн тавдугаар сард бүр Хятадын хил хаалттай, ковидын хөл хориотой байсан 2022 оны үетэйгээ ижил түвшинд хүрч очсон. Гадаад талдаа нүүрсний үнэ уначихаад байхад Монголын биржийн үнэ өндөр хэвээр байна.
Ямар бизнесийн ойлголттой хүмүүс гэхээрээ ийм тэнэг зүйл сэддэг байна аа. Гуравдугаар сараас хойш Хятадын трейдерүүд Монголын Хөрөнгийн биржийн арилжаанд оролцохоо больсон. Сүүлийн гурван сард бирж дээр амжилттай явсан гэх арилжааны ард ганцхан оролцогч бий. Бодвол тэр компанийг гуйж гувшсан байх. Үнэндээ нүүрсийг Хөрөнгийн биржээр зарна гэдэг нь Монголын төрийн алдаа байлаа. Үүнээс болж Хятадын нүүрсний трейдерүүд Монголоос дайжиж Австрали, Индонези, ОХУ руу явж байна. Монголын нүүрсний экспорт буурч, эдгээр улсуудын Хятад руу хийсэн экспорт нэмэгдсэн. Гэтэл манай дарга сайд нар алдаагаа ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй гүрийсээр байна. Сөрөг үр дагаврыг аж ахуйн нэгжүүд л үүрдэг” гэсэн байр суурийг хэлж байгаа юм. “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Нүүрсийг биржээр худалдаалах Засгийн газрын шийдвэр гэнэтийн байсан нь зарим аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байна. Нүүрс худалдаж авч байгаа урд нь тээврээ хариуцдаг байсан байгууллагууд тээврийн компанитайгаа янз бүрийн тохироотой байгаа шүү дээ. Зарим нь дараа төлбөрөө өгье гэчихсэн, зарим нь урьдчилаад өгчихсөн ч байна. Төлбөрөө хийчихээд өөр бизнес рүүгээ хөрөнгө оруулалт хийчихсэн, тэндээ хамтарсан бизнестэй байдаг ч юм уу маш олон нарийн түвэгтэй харилцаанууд бий болчихсон байдаг. Гэтэл гэнэт биржээр худалдаад эхэлчихээр хүндрэлтэй асуудлууд үүснэ. Нөхцөл байдал ч тийм байна. Энэ жилийн хувьд нүүрсний экспортын 30 хүртэлх хувийг нь биржээр борлуулна гэж байгаа. Тэрийг нь шинэ компаниуд голдуу авч таарна. Бүгд тэнцүү эрх оролцоотойгоор оролцъё гэхээр “Монголоос нүүрч авч ашиг олно, нүүрсний чанарыг сайжруулахын тулд том хэмжээний баяжуулах үйлдвэр барина, хил дээр том хэмжэээний агуулах барина. Тэр агуулахаа барихын тулд газар худалдаж авна, төлбөр төлнө, хөрөнгө оруулалт хийнэ” гээд асар их хөрөнгө оруулалт хийчихсэн компаниуд хил дээр бий. Тэд нартай зэрэгцээд бирж дээр хаа хамаагүй өөр нэг компани дээр орж ирээд яг адилхан нөхцөлөөр нүүрс худалдаж аваад өрсөлдөөд явчихаар мэдээж сэтгэл ханамжтай байхгүй” гэсэн юм. БНХАУ бол 20 их наяд ам.долларын төсөвтэй аварга том эдийн засагтай гүрэн. Тус улсын нүүрсний жилийн хэрэглээ гурван тэрбум тонн. Үүнээс 300 орчим сая тонныг импортоор авдаг. Өөрөөр хэлбэл, нүүрсний хэрэгцээнийхээ 10 хувийг гаднаас авдаг гэсэн үг. Харин манай улсын хувьд хөрш энэ улсын нүүрсний хэрэглээний нэг хувийг нийлүүлдэг. Биржийн хувьд манай талаас хятад худалдан авагч компаниудад томоохон бойкот хийсэн тухай бодит эх сурвалжууд хэлж байна. Хятад худалдан авагчдыг биржийн арилжаанд оролцохгүй бол өмнө нь байгуулсан гэрээний барьцаа нэг тонн тутмын нэг ам.долларыг буцааж өгөхгүй гэж дарамталжээ. Тиймээс хятад компаниуд хүчээр биржийн худалдаанд оролцож байгаа гэх мэдээлэл байна. Гэвч биржийн арилжааны ихэнх нь бүтэлгүйтэж байгаа дүр зураг Монголын хөрөнгийн бирж дээр харагдсаар байгаа. Хятадын нүүрсний арилжааны томоохон цахим хуудас дээр ч энэ талаар онцолсоор байгаа юм. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн нэг өдрийн 27 арилжаанаас 16 нь бүтэлгүйтсэн талаар дурдсан мэдээлэл байна. Биржийн бүтэлгүйтэл зөвхөн Эрдэнэс Тавантолгойгоор тогтохгүй орон нутгийн жижиг Тавантолгой компанид нэлээд хүнд тусч буй. Онцгой дэглэмийн үед тус компани 18 удаагийн биржийн арилжаанд оролцсоноос дөрөв нь л амжилттай болж. Тэр дөрвөн арилжааны нэг болох худалдан авагч компани нэлээд эртхэн 180 ам.доллараар арилжаа хийж гэрээ байгуулж, мөнгөө компанийн дансанд шилжүүлсэн байгаа юм. Гэтэл тун удалгүй тус компанийн БЭТ П.Сайнзориг “180 ам.доллараар гэрээ байгуулсан компани үнийг 120 ам.доллар болгоё гэсэн хүсэлт ирүүлж байна. Үүнийг дэмжиж өгөөч” гэсэн агуулгатай саналыг ТУЗ-даа оруулж хэлэлцүүлсэн явдал болжээ. Энэ бол маш ноцтой үйлдэл. Хөрөнгийн зах зээл гэдэг байнгын савлагаатай байдаг. Өнөөдөр өсч байсан үнэ маргааш унана. Бид хувьцаа худалдаж авчихаад унахад нь буцаая гэдэггүй биз дээ. Хэрэв ингэж хандвал ямар тайлбар өгөх нь ойлгомжтой. Гэтэл бүр хоёр улсын хооронд болсон биржийн худалдаанд худалдагч тал ийм зохисгүй үйлдэл хийгээд үр ашгаа бууруулахыг санаархана гэдэг яавч хууль ёсны үйлдэл биш.
Биржийн худалдаан яригдаж буй хамгийн гол зүйл нь үнэ. Ам нөхцөлөөр нүүрс худалддаг байхад нэг тонн нь 70-100 хүртэл ам.долларт эргэлддэг байв. Биржээр худалдаалснаар энэ үнийг хоёр дахин нэмэгдүүлж, дундаас нь ашиг олж байсан мафиудыг устгана гэж нэг ёсондоо Засгийн газар үзэж буй. Тэгвэл манайхан биржийн худалдаа нэрээр үнийн асуудлаар ёстой нэг тоглосон шиг болж буй. Саяхны нэгэн өдөр Хөрөнгийн бирж дээр Эрдэнэс Тавантолгойн арилжаа явагдаж 105.8 ам.доллараар нүүрс худалдаалжээ. Үнийг өсгөнө, тогтвортой болгоно гэсэн зорилт дэвшүүлсэн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ явдлыг ихэд бахдан “Ил тод, өрсөлдөөн, илүү их валютын орлого гээд биржийн арилжааны ач тус их байна” хэмээн сошиал орчинд түгээж сууна. Ам нөхцөл дээр 100 ам.доллар хүрдэг нүүрсээ биржээр яг энэ үнээр нь худалдчихаад баярлах, бахдах асуудал мөн үү. Хамгийн ноцтой нь хил нөхцөлийн үнэд тээврийн зардал болон бусад бүх зардлууд багтсан байдгийг Ч.Хүрэлбаатар сайд огт дурдахгүй байгаа юм. Өмнө нь ам.нөхцөлөөр худалдаж байхад нүүрс экспортын компаниуд өөрсдөө богино, уртын тээврээ хариуцдаг байлаа. Уурхайн ам дээрээс нүүрсээ худалдаж авч ачууллаа, урт богинын тээврээр авч явсаар хилээр гаргаж, Хятадын гүн рүү хүргэдэг. Энэ явцад урт богинын тээвэрт ачиж буулгана, байршуулна, дахиад хил гаргана, тэндээсээ Хятадын гүн рүү явна гээд олон процесстой, тэр хэрээр зардал чирэгдэл гардаг байв. Түүнийг худалдан авагч компани л хариуцаж ирсэн. Монголын тал аман дээрээсээ ямар ч тээврийн зардалгүйгээр 70- 100 хүртэлх ам.доллараар нүүрсээ худалдаалж байлаа. Тэгвэл биржийн худалдаанд шилжсэнээр уурхайнууд өөрсдөө тээврээ хариуцан, арилжаагаар худалдан авсан талд хүргэж өгөх зохицуулалттай. Үүнийг Засгийн газар, уурхайнууд олон нийтэд мэдэгдэхээс эмээж буй. Гэвч бодит байдал дээрээ уурхайнуудад энэ асуудал хамгийн том бэрхшээл үүсгэж буйг учир мэдэх хүмүүс ярьсаар байна. Ч.Хүрэлбаатар сайдын магтан сайшааж байгаа 105.8 ам.долларын арилжаанд хил нөхцөл буюу худалдан авагч талд хүргэж өгөх бүх зардал багтсан. Ингээд харвал цэвэр ашиг нь 60, 70 ам.доллар руу унаж буй. Ам.нөхцөлөөр зардаг байснаас ч бага ашигтай биржийн худалдааг “хамгийн ашигтай” гэж буруу тайлбарлаж, олон нийтийг буруу мэдээллээр хангах ямар зорилго агуулдаг нь сонирхолтой. Үүнийг батлах олон тоон мэдээллүүд Монголын талаас биш юм аа гэхэд Хятадын импортын мэдээллээс л ил болсоор байна. Үүнийг ярихгүйгээр зөвхөн биржийн дээрх хэдэн тоог дахин дахин давтаж, экспорт өссөөр байна гэх худлаа мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж болохгүй. Биржийн худалдаа, хил нөхцөл гэгчээс болж олон зуун тээвэрчид ажилгүй болсоор байна. Т э д н и й нэг жолооч тээвэрчин Г.Сандуйжав “Нүүрс ам нөхцөлөөр зарагдаж байхад Хятадууд уурхайн аман дээрээс худалдаагаа хийгээд ачуулдаг. Монгол тээвэрчид аль боломжийн үнийн дүнтэй тээвэр рүүгээ сонгоод явж болдог байлаа. Гэтэл хятадуудад ч, монгол тээвэрчдэд ч халтай шийдвэр хэрэгжиж эхлээд орвонгоор нь эргүүлж байна. Хятадууд гэхэд манай уурхайнуудын ам нөхцөлд зориулаад хөрөнгө оруулалт хийчихсэн байдаг. Жолооч тээвэрчид бид ч гэсэн урт, богинын тээвэрт явна гэдэг ам нөхцөлийн төсөөллөөр зээл хуй тавиад олон сая төгрөгийн хүнд даацын машин авчихсан байдаг. Гэтэл тэр бүгдийг нэг өдөр зогсоочихоор монгол хэдэн тээвэрчдэд л хор уршиг нь ирдэг юм байна. Хэдэн зуун жолооч тээвэрчид тээвэргүй болчихсон, гэртээ ч харих эрхгүй тээвэр хүлээгээд хээр гадна өдөр хоногийн өнгөрөөж байна. Уурхайнууд биржийн нөхцөл гээд өөрсдөө тээврээ хийдэг болсон. Хүлээж хүлээж ганц тээвэр авлаа гэхэд бүх чиглэл нь бараг хориотой, маш хүнд нөхцөл тулгадаг болчихсон. Үнэ тариф ч огцом буурсан байна даа. Энэ байдлаараа уурхайнууд мөдхөн дампуурах болов уу” гэж байв. Нүүрсний хэрэг нэрийн дор бүхнийг хавтгайруулан буруутгаж, эзэн холбогдогчийг олно гэсэн сүр дуулианаар улсад, уурхайд, жолооч тээвэрчдэд ашигтай явж ирсэн нүүрсний худалдааг зогсоосон Монголын хөрсөнд буугаагүй шийдвэрийн үр дагавраар худалдан авагчдаа үргээсэн ийм нэгэн явдал энэ салбарт өрнөсөөр байна. Бодит байдал, тоон мэдээллээс хол зөрсөн худлаа пи-ар хийдэг шадар цэргүүдээ Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар анхааралдаа аваач!!!
Холбоотой мэдээ