Бэрэн Гангийн үйлдвэрээ Хөгжлийн банкинд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.07.03-нд нийтлэгдсэн

Бэрэн Гангийн үйлдвэрээ Хөгжлийн банкинд шилжүүлнэ

Бэрэн Гангийн үйлдвэрээ Хөгжлийн банкинд шилжүүлнэ

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байна. Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнгөрсөн сарын 26-нд дууссан. Улмаар 48 иргэнийг гэм буруугүйд тооцож, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн юм. Шүүхээс шүүгдэгчдийн гэм буруугийн асуудлаарх дүгнэлт болон хохирол, хор уршгийн талаар гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа зарим шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гэмт хэргийн хохирол төлбөрийг нөхөн төлөх хугацаа олгохыг хүссэн тул шүүх бүрэлдэхүүн энэ санал, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын тав хоногийн хугацаагаар завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг өнөөдөр товлосон юм.

Шүүгч: Зарим шүүгдэгчид болон тэдгээрийн үйлчлүүлэгчдээс хохирлыг нөхөн төлөх хүсэлтээ ирүүлж, завсарлага авснаар хуралдааныг өнөөдөр товлосон. Шүүгдэгч нарын ирцийн тухайд ганц хоёр нь замдаа ирж байна хэмээн мэдэгдсэн. Хохирол төлбөр багадуулах хугацаа хүсч завсарлага авсан.  Завсарлага авсан нөхдүүд ямар байр байдалтай байна вэ.Шүүхэд зургадугаар сарын 30-ны өдрөөр огноолсон Кью Эс Си ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхтэмүүлэнгээс 1.646.631.732 төгрөг 72 мөнгө иргэний хариуцагчаар оролцож байгаа Кью Эс Си компаниас иргэний нэхэмжлэлийн шүүх шийдвэрлэсэнтэй холбоотой тус мөнгийг шүүхийн дансанд төлж байршуулсан тухай албан бичгээр мэдэгдсэн. Мөн банкны шилжүүлгийн хуулгыг хавсаргаж явуулсан.

Монтлант трэйд компаний өмгөөлөгч Алтандөш: Манайх мөн адил завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн.Үүнтэйгээ холбогдуулан Монгол Улсын хөгжлийн банктай  дөрвөн нөхцөл бүхий тохиролцоонд хүрсэн. Эдгээр баримтуудыг Хөгжлийн банкнаас хариу ирээгүй байна. Хэрхэн тохиролцсон талаараа хариуцлагын ард хэлээд явъя.

Хөгжлийн банкны төлөөлөгч Оргил: Шүүх хуралдааны завсарлагын явцад Хөгжлийн банкны иргэний нэхэмлэлийг ханган шийдвэрлэсэн 14 компаниас найман компаниас албан бичгээр хүсэлт ирсэн. Энэ дундаас  хоёр компани бэлэн төлөлтөөр бага зэрэг төлбөр барагдуулсан. НВЦ компани 270. 359. 600 төгрөг, Бэрэн групп барилга төслөөс 522. 361.420 төгрөг төлөгдсөн. Бусад компаниас бэлэн төлөлтөөр орж ирсэн төлбар байхгүй. Гэхдээ бүх компаниас саналууд ирсэн. Санал бүр дээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаарх тайлбаруудаа бичгээр гаргаж өгсөн.

Пирамид орд компанийн Г.Цолонгийн өмгөөлөгч Түмэнбаяр: Пирамид орд компанийн тухайд зээлийн төлбөртэй холбоотой асуудлаар удаа дараа Хөгжлийн банкинд хандаж байсан. Төлбөрт тооцуулж үл хөдлөх шилжүүлэх хүсэлт саналаа бичгээр хүргүүлсэн. Манай компани нийт 52 тэрбум 270 сая төгрөгийн үл хөдлөхүүд бий. Энэ мэдээлээ шүүхэд гаргаад өгчихье. Хөгжлийн банк дээр төлбөр тооцуулж авах процесс үргэлжилж байгаа.Үнэлгээ хийдэг. Мэргэжлийн байгууллага метр квадратыг нь нэг бүрчлэн хэмжсэн. Үүний дараа хууль болон эрсдлийн дүгнэлтүүд гарч цаашид Зээлийн удирдлагын хороо ТУЗ-ийн шийдвэр гаргах журмын дагуу үргэжлэхээр ажлын таван өдөрт яагаад ч амжихааргүй байна. Тийм учраас энэ процесс үргэлжиж байгаа гэдэг мэдээллээ шүүхэд хүргүүлнэ. Хамгийн гол нь Хөгжлийн банкны процедурыг хүлээж байна. Мөн холбогдох баримтуудыг шүүхэд хүлээлгэж өгье.

Сэлэнгийн грийн порд компанийнөмгөөлөгч Жавхлантөгс: Хохирол төлбөр төлөхтэй холбоотой асуудлууд хугацаа жаахан авч байгаа нөхцөлүүд бий. Одоогийн байдлаар 124 сая төгрөг хөгжлийн банкинд төлөгдсөн. Үүнтэй зэрэгцээд газар дээр очиж ажиллахад цаг хугацаа шаардахаар байгааг дурдах нь зүйтэй байх. Үл хөдлөхүүдийг шилжүүлэхэд бэлэн болгож чөлөөлөөд байна.

Ц.Баатарбилэг болоод НВЦ компанийн өмгөөлөгч Мөнхбат: НВЦ компанийн тухайд зээлийн төлбөрийг төлөх асуудлаар нэлээд идэвхитэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, мөнгөн урсгалаасаа өдөр бүхэн шахуу төлөлт хийгээд явж байна. Гэм буруутайд тооцогдсон хугацаанаас өмнө буюу тавдугаар сарын 01-ний өдөр барьцаанд байгаа бүх хөрөнгө болоод нэмэлт хөрөнгийг зээлийн төлбөртөө шилжүүлж өгөх хүсэлтээ банкинд гаргасан. Энэ хүсэлтийг шийдвэрлэхтэй холбоотой банкны дотоод дүрэм, журмын дагуу тодорхой процесс ажиллагаа хийгдэж байгаа.Өнөөдрийн байдлаар шийд гараагүй байгаа ч компанийн зүгээс өөрт байгаа хөрөнгүүдээ өгье гэдэг саналыг тавьсан байна. Өнөөдрийнг байдлаар 2.700.000 ам доллар буюу 5.900.000.000 сая төгрөг бэлнээр төлөгдчихсөн. Үлдэгдэл төлбөр нь шүүхийн шийдвэрийн дагуу 68 тэрбум орчим төгрөг үлдээд байна.  Үүндээ ниыт 53 ширхэг үл хөдлөхийг банкинд шилжүүлж өгөх хүсэлт тавьсан. Бизнесийн бус хөрөнгийн үнэлгээгээрээ тооцоход 136 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө бий. Банк хэдээр яаж тооцож авах судалгаа болоод шийдвэр гаргах ажиллагаа явагдж байгаа гэж ойлгож байгаа.

Газ импорт ХХК хувьцаагаа зарж өр төлбөрөө барагдуулна

Газ Импорт ХХК-ийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг: Газ импорт ХХК-ийн хувьд 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр иргэний хариуцагчаар татагдаж байсан мөрдөгчийн тогтоол байдаг. Иргэний хариуцагчийн хувьд барьцаа хөрөнгө хангалттай хүрэлцэхээр байгаа. Түүнчлэн өнөөдөр буюу 2023.07.03-ны өдөр компанийн хувьцаагаа худалдсан. Компанийн хувьцааг Д.Батбаяр худалдаж авч,цаашид үйлдвэрийг авч явахаар компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.3-т компани авснаас өмнөх хойшхи дараах өр төлбөрийн асуудлыгн Д.Батбаяр дангаараа бүрэн хариуцна хэмээн заасан. Тиймээс компаний хувьцаагаа борлуулж өр төлбөрөө бүрэн барагдуулахаа илэрхийлж байна. Ингээд улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан. Д.Батбаярт 100 хувь Газ импорт ХХК-ийн хувьцааг шилжүүлж байгаа тул бүртгэж өгөх хүсэлтийг гаргасан.

Бэрэн Гангийн үйлдвэрээ 100 хувь Хөгжлийн банкинд шилжүүлэхээр боллоо

 Бэрэн группийн гүйцэтгэх захирал Цэлмэг: Бэрэн группийн хувьд хоёр зээл бий. Барилгын зээл дээрээ 5.2 тэрбум төгрөгийн төлөлт хийчихсэн явж байна. Эрүүгийн шүүхийн шийдвэр гарснаас хойш 500 гаруй сая төгрөг төлсөн гэдгийг Хөгжлийн банкны төлөөлөгч хэлж байна. Барилгын зээл дээр 2022 онд Хөгжлийн банкны нөхцөл байдал үүссэнээс хойш зээлээ эргэн төлөх тал дээр идэвхи чармайлт гаргаж, хүсэл зоригоо илэрхийлэн Хөгжлийн банктай хамтарч ажиллаж байна. Тухайлбал, зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хөгжлийн банкинд өгсөн саналын тухайд 520, 521,522 дугаар байрны үлдэгдэл орон сууц болох 163 айлын орон сууц нь борлуулалтын үнээрээ 18.7 тэрбум төгрөгийн орлого олохоор байна. Энэ мөнгөн дүнг шууд Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлэхээ илэрхийлсэн. Мөн 519,523, 524 дүгээр дуусаагүй барилга худалдан авагчаа олчихсон 6.5 тэрбум төгрөгөөр борлуулахаар болсон. Үүнийгээ мөн адил Хөгжлийн банк руу шилжүүлэхээр худалдан авагчаа Хөгжлийн банктай уулзуулчихсан байна. Мөн 518 дугаар байрны орон сууцыг Хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж үлдэгдэл төлбөр болох нэг тэрбум төгрөгийг Хөгжлийн банк руу шилжүүлэх хүсэлт гаргасан. Мөн Хангай хотхоны нэг болон хоёрдугаар блокны зогсоол болох 4.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоо Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргасан. Мөн түүнчлэн 1,2,3 дугаар блокын зоорийн давхарын 7.3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлэх хүсэлтээ гаргасан. Мөн сургуулийн зориулалттай газар болох 1.5 тэрбум төгрөгийн газрыг худалдаж авах худалдан авагчаа олж Хөгжлийн банктай уулзуулаад байна. Нийт иргэний шүүхээр 43.9 тэрбум төгрөг гарснаас 5.2тэрбум төгрөгийг нь төлж үлдэгдэл 38 тэрбум төгрөг төлөхөөр байгаагаас бид 39 тэрбум төгрөгийн эх сурвалж борлуулалтын орлогоо Хөгжлийн банк руу шилжүүлэхээр тохиролцчихсон байгаа боловч процессын хувьд цаг хугацаа шаардахаар байна. Тиймээс дөрвөн хоногийн хугацаанд хараахан амжихааргүй байна.

Хоёрдугаарт гангийн зээл бий. Тус зээл дээр ойлгомжгүй байдал үүсчихсэн байгаа нь Иргэний давж заалдах шүүхийн шийдвэр өмнөх долоо хоногийн лхагва гаригт 135 тэрбум төгрөг хэмээн гарсан. Гэсэн хэдий ч Эрүүгийн шүүх дээр 117 тэрбум төгрөг хэмээн гарсан. Үүн дээр хоёр талаас бага зэргийн үл ойлголцол үүсчихсэн явж байна. Тиймээс яг хэдээр төлөх вэ гэдэг үнийн дүнгээ тодорхой болгох хэрэгтэй байгаа. 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлснээс хойх Хөгжлийн банктай гангийн зээл дээр яах вэ гэдэг дээр 30 гаруй удаагийн уулзалт хийсэн. Үүн дээр тодорхой хэмжээний хувьцааг Хөгжлийн банкны хувьчлалд шилжүүлэхээр ярьсныг шүүхийн шийдвэр гарснаар 100 хувь Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлэхээр хүлээн зөвшөөрсөн. Нийт 564 тэрбум төгрөгийнхөө үйлдвэрийг шүүхийн шийдвэрийн дагуу 135 тэрбум төгрөгөөр хаахад тодорхой хэмжээний процессийн ажиллагаа явагдах учраас ойрын хугацаанд өмчлөлд нь шилжих боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Дотоод журмаараа Хөгжлийн банкны ТУЗ, Зээлийн хороогоор хянах юм. Шүүх бүрэлдэхүүн тодорхой хэмжээний хугацаа орно гэдгийг хүндэтгэн үзэж ойлгоорой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж