Хамгийн залуу ажиллах хүчин болох "Z" үеийнхэн ажилдаа сэтгэл хангалуун биш байна. Хөдөлмөрийн зах зээлд дөрвөн үеийн хүмүүс ажиллаж байгаа бөгөөд тэдний дундаас 1990-ээд оны сүүлээр төрсөн "Z" үеийнхэн ажлаа урамгүй, дарамттай гэж дүгнэжээ. Мөн судалгаагаар өдрийн төгсгөлд ажлын бус үйл ажиллагаанд оролцох хүсэлгүй гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон залуу үеийнхний олонх нь шинэ ажил хайж байгаа эсвэл саяхан ажлаасаа гарсан гэж хариулжээ. Мэдээж энэ нь ажил олгогч нарын хувьд том асуудал. Ажилтан ажлаас гарах бүрд их мөнгө, цаг хугацааг тэд алддаг.
Гэхдээ менежерүүд тэдний хэрэгцээ шаардлагыг илүү сайн ойлгож, түүнд нийцүүлэх стратегийг хэрэгжүүлснээр залуу ажилчдыг авч үлдэх боломжтой гэж мэргэжилтнүүд хэлж байна.
"Үндсэндээ ажиллах хүчний салбар эвдэрсэн. Цар тахлаас болж ажлаас гарах их давалгааг үүсгэсэн. Гэхдээ энэ асуудлын гол нь биш. Энэ нь орчин цагийн ажилчдын хүлээлт, хэрэгцээ, шаардлага болон ажил олгогчийн амлаж буй зүйлийн хооронд асар том ан цав үүссэнээс болсон" гэж ажилчдыг хадгалах чиглэлээр мэргэшсэн зөвлөх компанийн "Retensa"-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Чейсон Хэхт хэлэв.
Саяхан АНУ-ын 2417 насанд хүрэгчийн дунд хийсэн "Bankrate"-ийн судалгаагаар "Z" үеийнхэн бусад үеийнхтэй харьцуулахад сүүлийн нэг жилд ажлаасаа гарч, шинэ ажилд орсон нь хамгийн өндөр байгааг тогтоожээ. Түүнчлэн "Z" үеийн ажилчдын 55 хувь нь дараагийн 12 сарын хугацаанд шинэ ажил хайх "маш их магадлалтай" гэж хариулсан бол шинэ мянганы үеийнхний 43 хувь, "X" үеийнхний 28 хувь, "baby boomers"-ийн 13 хувь нь ажлаа солих сонирхолтой байгаагаа хэлсэн байна. "Энэ бол ажил олгогчдыг сэрээх хонхны дуу юм" гэж сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг боловсруулдаг "Big Blue Marble Academy"-ийн гүйцэтгэх захирал Жефф Вал хэлэв. Тэрбээр хэлэхдээ, цар тахлын дараа дэлгэрсэн "чимээгүй ажлаа орхиж явах", "өргөлдлөө өгөх" зэрэг хандлагуудын улмаас үүссэн ажиллах хүчний хомсдлыг шийдвэрлэхэд "Z" үеийн ажилчдыг авч үлдэх нь чухал гэдгийг онцолжээ.
Жишээ нь, нэг ажилтныг солих нь тухайн ажилтны жилийн цалингаас 1.5-2 дахин их зардал гардгийг "Gallup" тооцоолсон байдаг.
"АЖИЛ ХИЙХИЙГ ХҮССЭН ҮЕДЭЭ АЖИЛЛАХ"
Юун түрүүнд ажлын байрны уян хатан байдлыг сайжруулахаас эхлэх хэрэгтэй. Судалгаанд оролцсон "Z" үеийнхний 61 хувь нь илүү уян хатан байхыг хүсдэгээ хэлжээ.
"Z" үеийн ажилчид ажиллахыг хүссэн үедээ ажиллах сонирхолтой байдаг бөгөөд энэ нь уламжлалт ажлын байрны тодорхойлолттой нийцдэггүй. Тухайлбал, гэрээсээ ажиллах нөхцлийг үүнд дурдаж болно.
"Z үеийн хүн бүр гэрээсээ ажиллахыг хүсдэг гэдэг нь өрөөсгөл. Үнэндээ тэдний хүсч буй зүйл бол ямар нэгэн зүйл тохиолдоход /өөрөө эсвэл гэр бүлийн гишүүн нь өвдөх эсвэл орон байранд нь засвар хийх зэрэгт/ уян хатан байдлыг хүсч байгаа юм" гэж "Олон үеийн ажлын байрыг хэрхэн удирдаж, амжилтанд хүрэх вэ" номын зохиолч Линдси Поллак тайлбарлажээ. Түүний хэлснээр "Гэрээсээ ажиллах нь маш үр дүнтэй байх боломжтой. Мөн ажилд нь хэрэгтэй зүйлс гэрт нь байхад хүсэлтийг нь хүлээж авахгүй байх нь ойлгомжгүй байдаг" гэсэн байна. Энэ уян хатан байдал нь залуу ажилчдад илүү сайн амрахад тусална.
Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн худалдааны байгууллага "SHRM"-ийн АНУ-ын 1000 ажилчны дунд явуулсан судалгаагаар, "Z" үеийнхний 63 хувь нь ажлын өдрийн төгсгөлд ажлын бус үйл ажиллагаанд оролцох хүсэлгүй гэсэн бол шинэ мянганы хүмүүсийн 54 хувь, X үеийнхний 44 хувь, "baby boomers"-ийн 33 хувь нь тийм эрч хүчгүй байдаг гэжээ.
Залуу ажилчдад амрах цагаа зохицуулахад нь туслахын тулд ажил олгогчид тодорхой нөхцөлд цалинтай чөлөөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Залуус амьдралаа авч явж, зохицуулахын тулд уян хатан байдлыг хүсч байгаа юм. Мөн тэдний хувьд өсөлт дэвшил чухлаар тавигддаг. Ажил олгогчид ажлаас гарч буй ажилтантайгаа халагдах ярилцлагыг хийх ёстой байтал ихэвчлэн ажилд нь авч үлдэхийг зорьсон ярилцлага хийдэг.
Мөн "Z" үеийнхний хувьд ажил олгогчтойгоо хүчтэй холбоо тогтоохын тулд байнгын харилцаа холбоо чухалчилдаг. Жишээлбэл, "Big Blue Marble Academy" ажилчидтайгаа ойлголцохын тулд сар бүр кофетой уулзалтыг тогтмол зохион байгуулдаг гэж хэлсэн. Энэ нь итгэлцэл, хүндлэлийг бий болгож, үе хоорондын хуваагдлыг бууруулж, уян хатан байдлыг харуулдаг гэх зэргээр өргөн хүрээний ач холбогдолтой байдаг аж. Мөн технологи ашиглан харилцаа холбооны янз бүрийн арга замыг эрэлхийлэх нь залуучуудад илүү хүрч чаддаг байна.
ЭХ СУРВАЛЖ: YAHOO FINANCE
Холбоотой мэдээ