Цахим хуудаст өнөөдрөөс эхлэн жижиг машинаар урд хилээр нэвтрэх боломжтой боллоо гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад буй. Мөн Замын-Үүд-Эрээний боостыг 24 цагаар ажиллуулах болсон зэрэг мэдээллүүд гараад буй. Тэгвэл энэ талаар Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Монгол Улсаас Хятадын талд жижиг машинаар хүн тээвэрлэх талаар хүсэлтээ өгсөн ч нэвтэрч эхлээгүй байна. Хятадаас тодорхой хариу хэлж шийдвэр гараагүй учраас бусад мэдээллийг өгөх боломжгүй. Хэрэв БНХАУ-ын талаас зөвшөөрч, тодорхой шийдвэр гарвал тухайн үед нь дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэлээ.
Мөн Замын-Үүд Эрээний боомт 24 цагаар ажиллаж байгаа эсэхийг лавлахад “24 цагаар ажиллаж эхлээгүй байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Замын-Үүд, Эрээний боостыг 24 цагаар ажиллуулах боломжтой гэдэг шийдлийг хоёр талаас гаргасан боловч энэ нь шууд хэрэгжээд явахгүй.
Хэрэв 24 цагаар ажиллах шийдвэр гарвал Замын-Үүдэд ажиллаж буй хүний нөөцийг нэмэх, ээлжээр ажиллах боломжийг бүрдүүлэх гэх мэт олон асуудал байгаа учраас 24 цагаар ажиллуулах асуудал хурдан хугацаанд шийдэгдэх боломж бүрдэхгүй” гэв.
Ж.ДАВААДУЛАМ
Холбоотой мэдээ