Г.Занданшатар: МБХ найраагаа хэзээ болих вэ?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан, гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:
-Бид үндэсний бөхийн барилдааны дүрэмтэй холбоотой тодорхой заалтуудыг Бөхийн холбоотой хамтарч шийдсэн. Гэтэл Үндэсний бөхийн холбоо байж байгаад нэг юм оруулаад ирж болдог юм уу. Үндэсний бөх бол монголчуудын бахархал гэдгээр дэмжиж явсан. Үндэсний бахийн холбоо өөр арга барилаар ажиллаад байна. Орон нутагт бөхийг сурталчлах, бөхийн ёс суртахуун дэг журмыг хамт явж зохион байгуулъя гэж санал тавихад үл тоосон байдал гаргасан. УИХ-аар дамжуулж, Бөхийн холбоо хэн нэгэн хүнд зориулсан хууль батлаад байна. А.Сүхбат, Г.Өсөхбаяр аварга зүүнийг, барууныг манлайлна гэдэг хэрүүл гаргасан. Монгол бөхийн ёс суртахуун, манлайлал, допингтой холбоотой олон дуулиан гарч байхад холбоо нь цолтой бөхөө хамгаалдаг.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.МАГАЛЖАВ:
-МҮБХ-ны үндсэн эрх үүрэг нь Монгол бөхийг сурталчлах, залуу үедээ цэвэр тунгалгаар өвлүүлэх, үлдээх. Залуу бөхчүүдийг дэмжих, барилдаан зохион байгуулах зэргээр олон арга хэмжээ зохион байгуулдаг. Допингийн асуудал зөвхөн үндэсний бөх гэхгүй бусад спортын холбоодод ч гарч байгаа хүндрэлтэй асудал. Бодибилдинг, чөлөөт бөхийн холбооны тамирчидтай холбоотой допингийн асуудал үүсэхэд хариуцлагаа хүлээгээд явдаг бол манай бөхчүүд шүүхдэлцдэг.
Дархан аваргын эрэмбэ хоёр Даян аваргад 2014 онд Дархан аварга цол өгснөөс үүдэж гарсан. Энэн дээр одоо мөрдөгдөж байгаа Засгийн газраас баталсан Үндэсний бөхийн барилдааны дүрэм, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу энэ хоёр бөхийг эрэмбэлсэн. Маргалдах, мэтгэлцэх зүйл байхгүй. Хэрвээ энэ хоёр аврагын эрэмбэ өөр байгаа гэж үзэж байгаа бол үндэслэлээ гаргаж өгөх бүрэн эрх танд бий.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Монгол бөхийн холбоо найраагаа хэзээ болих вэ. Үндэсний их баяр наадмыг ар өврийн хаалгагүйгээр зохион байгуулах дээр ямар арга хэмжээ авч ажиллахаар зохицуулалт хийж байна вэ. 20 минут барилдаад, 20 минут идэвх хараад, барьц сонгоод 20 минутад хаялцахгүй бол тэгш хэмийн зарчмаар барилдуулна гэсэн. Найраа оорхгүй гэх , будилаан гарахгүй гэх баталгаа байна уу. Допингийн маргаан жил бүрийн наадам гутаадаг. Бүгдээрээ хэрэглэж байхад нэг хэсгийг нь илрүүлээд нөгөө хэсгийг нь илрүүлээгүй гэдэг. Допингийн шинжилгээнд асуудал үүсэхгүй гэдэг баталгааг өгнө үү. Ард түмнийг бухимдуулахгүй наадам яаж хийх юм. Цолны найраа аймагт хавтгайрсан.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.МАГАЛЖАВ:
-Үндэсний бөхийн салбар зөвлөл олон удаа хуралдаж, таны хэлсэн саналыг тусгаж байгаа.
Үндэсний их баяр наадмаа хуулиар зохицуулж байгаа. Бөхийн барилдааны эхлэх болон дуусах цагийг харгалзан үззэхээс аргагүй зүйлүүд байгаа. Дэлхий даяар тархсан монгол туургатнууд ч наадам үздэг. Аль болох л хэл амгүйгээр бөхийн барилдаанаа зохион байгуулахаар Үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сарын 18-нд баталсан бөхийн барилдааны дүрмийн төслийг өгсөн ажиллаж байна.
Допингийн асуудал бусад спортын холбоодод ч хүнд байгаа. Төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагатай хамтран ажилласны хүчинд өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд барилдсан 64 бөхөөс шинжилгээ авахад нэг бөхөөс зөрчил илэрсэн. Цагаан сарын барилдаанаас 16 бөхөөс шинжилгээ авахад мөн нэг бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн. Бусад хоёр бөхийн тухайд олон нийтийн зүгээс хамгийн их сэжиглэж байсан бөхчүүдийн нэрс аваад 11 бөхөөс шинжилгээ авахад хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн. Тиймээс бөхчүүдээс авах шинжилгээний тоог нэмэгдүүлэх, шинжилгээний давтамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Бөхийн ёс зүй гэдэг зүйл заалтуудыг хэрэгжүүлж ажиллана. Даваа наймаалцах, найраа хийх гэдэг асуудлыг хууль хүчний байгууллагатай хамтраад багасгах, таслан зогсоох чиглэлээр бүхий л арга хэмжээг эрэлхийлж ажиллаж байна.
Допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Н.МӨНХБОЛД:
-Үндэсний их баяр наадмын үеэр допингийн хяналтын шинжилгээ авч буй үеийг хөндлөнгийн хяналтынхан хянадаг. Хууль хяналтын байгууллага буюу цагдаа, тагнуул болон спортын холбоод хяналт тавьдаг. Манай байгууллагаас камераар хяналт тавьж, бичлэгжүүлдэг.
Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад олонхийн дэмжлэг хүлээв.
Тухайлбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “Даян аварга” гэсний дараа “даян аварга цолтой бөх ес даван түрүүлбэл, дархан аварга гэж нэмэх,
Мөн төслийн 3 дугаар зүйлийн “Улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхийн” гэснийг “Бөхийн цолны” гэж өөрчлөх саналууд олонхийн дэмжлэг хүлээлээ.
Мөн энэхүү хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган хуралдуулж байна.
УИХ: Улс төрийн намын тухай хуулийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/ эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэхүү хууль батлагдсанаар улс төрийн нам нь сонгогчдоос 1 хувийн санал авсан тохиолдолд төрөөс санхүүгийн дэмжлэг авах боломжтой болж байна. Мөн улс төрийн нам нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг сонгох ажлыг зохион байгуулах хороотой байж болохоор хуульд тусгав.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд дараах саналууд дэмжлэг хүлээжээ. Үүнд “Нам УИХ-ын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгох ажлыг зохион байгуулах хороотой байж болно. Хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, түүнийг байгуулах, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг энэ хуулийн 8 дугаар зүйл, намын дүрэмд нийцүүлнэ”, “Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.3-т заасныг баримталж, тухайн албан тушаалыг хаших ёс зүйн болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад шаардлагад үндэслэнэ” гэсэн хэсэг нэмэх санал дэмжигдсэн.
Мөн мөнгөн бус хандив авч байгаа тохиолдолд хандивлагчтай хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах, хуулийн этгээд намд хандив өгсөн бол хандивын хэмжээ, зориулалтыг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайландаа тусгах гэсэн агуулгатай хэсэг төслийн 34 дүгээр зүйлд нэмэх санал олонхын дэмжлэг авсан.
Түүнчлэн төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт тавих хяналт, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх саналуудаар санал хураахад гишүүдийн олонх дэмжив.
"Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг прокурорт өгч шалгуул"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн зарлагын дэд хороо болон холбогдох бусад байнгын хороонд шилжүүллээ.
Уг төслийг байнгын хороонд шилжүүлэхийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар Төсвийн байнгын хороонд үүрэг өгөв.
Тэрбээр “Хэлэлцүүлэгт анхаарах хоёр зүйл байна. 2022 оны төсөв эдийн засгийн өсөлтийг дагаж, алдагдал буурсан. Төсвийг анх 2.8 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан ч төлөвлөсөнөөс 1.7 их наяд төгрөгөөр бага буюу 1.1 их наядын алдагдалтай гарч, төсвийн орлого нэмэгдсэн. Үүнд нүүрсний экспорт эерэг нөлөө үзүүлсэн.
Хоёрт, сангуудад анхаарах ёстой. Санхүүгийн сөрөг дүгнэлтийг Аудитын байгууллагаас авсан бол төсөв ерөнхийлөн захирагчийг ажлаас халах хүртэл арга хэмжээ авах ёстой. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх юм бол Улсын ерөнхий прокурорт хандаж, эрүү үүсгүүлэн шалгуулах ёстой. Төсвийн байнгын хороо хэлэлцүүлгийг хийхдээ Аудитын байгууллагын сөрөг дүгнэлтэд анхаарал хандуулж, нягтлан шалга” гэсэн юм.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Сангийн сайд Б.Жавхлангийн танилцуулснаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд дэд бүтэц, бүтээн байгуулалт, нийгмийн чиглэлийн 1062 төслийг хэрэгжүүлж, нийтдээ 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийснээр эдийн засгийг дэмжиж, хувийн хэвшлийн 1580 гаруй аж ахуйн нэгжийн 37 мянга гаруй ажлын байрыг хадгалжээ. Үүний үндсэн дээр нийгмийн салбарт 17 сургууль, 32 цэцэрлэг, 9 дотуур байр, 4 сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 музей, 11 соёлын төв, 7 спорт заал, 4 спорт цогцолбор барьж байгуулсан байна. Хөдөлмөр нийгэм хамгааллын 20 төсөл хэрэгжүүлжээ. Эдийн засгийн салбарт 34 авто зам, 6 гүүр байгууламж, инженерийн шугам сүлжээ 58, цахилгаан хангамжийн 16 төсөл, дулаан хангамжийн 7 төсөл гэх зэрэг улсын хэмжээнд нийтдээ 428 төсөл ашиглалтад орсон байна. Түүнчлэн нийт 1.8 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаадын зээл тусламжийн 26 төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Улсын II төв эмнэлгийн өргөтгөл шинэчлэл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл, Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төсөл, цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын 2 төсөл, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” , “Ухаалаг засаг 1” төсөл зэргийг хэрэгжүүлсэн байна.
Мөн онд БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 10 аймгийн төвийн дулааны станц барих, БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 эгнээ зам барих төсөл зэрэг томоохон төслүүдийг амжилттай санхүүжүүлжээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2022 онд 17.1 их наяд төгрөг, нийт зарлагын ба цэвэр зээлийн дүн 18.1 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.0 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн дүнгээс 1.8 их наяд төгрөгөөр буурчээ. Ийнхүү сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар хуулийн хүрээнд бууруулсан болохыг Сангийн сайд тэмдэглэв.
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 10.2 их наяд төгрөг, зарлага 11.3 их наяд төгрөг, нийт тэнцэл 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөгдсөн алдагдлаас 1.2 их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөгөөр тус тус сайжирсан үзүүлэлт юм байна.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа.
Засгийн газар тайлант онд нэгдсэн төсвийн бодлогоо 9 багц арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллажээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1-д заасан тусгай шаардлагуудыг хангасан байна. Аудитаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого ба тусламжийн дүнг 17 их наяд 126.9 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 18 их наяд 159.6 тэрбум төгрөгөөр баталгаажуулжээ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 2 их наяд 891.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1 их наяд 32.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 2.0 хувийг эзэлж байгаа юм байна.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулиар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад хамаарах 6 их наяд 152.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 1 их наяд 393.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1369 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд аудит хийж гүйцэтгэлийг хянасан байна.
Улсын Их Хурлаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр эрх зүйн орчин бүрдүүлснээр төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулж, төсвийн алдагдал буурах, төрийн өмчит байгууллагуудын ашигт ажиллагаа нэмэгдэх боломжийг бий болгосон гэдгийг дурдав. Гэвч уг хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагууд хэрэгжилтийг хэрхэн хангасан талаар ил тод тайлагнах, үр дүнг мэдээлэх зохицуулалтгүй, зарим зүйл заалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэн өөрчлөх шаардлагатай гэв.
Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 6618 санхүүгийн тайлан нэгтгэгдсэн бөгөөд төсвийн 57 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар “өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлтийг 40, “хязгаарлалттай” дүгнэлт 17-г өгсөн байна. Үргэлжлүүлэн тэрбээр “хязгаарлалттай” дүгнэлтийн талаар тайлбар, үндэслэлийг танилцуулаад аудитын дүн, дүгнэлтээс нэн тэргүүнд анхаарах асуудлыг дурдав.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй байгааг хэллээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин тодорхойгүйгээс улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй байгаа аж. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт хийхгүй байгаа нь зөрчил арилахгүй байх гол шалтгааны нэг болж байгаа аж. Орхигдсон болон олон жил үргэлжилж байгаа төсөл, арга хэмжээг богино хугацаанд ашиглалтад оруулах шийдлийг гаргахгүй байгаа нь төсвөөс санхүүжүүлсэн 287.6 тэрбум төгрөг нь үр дүнгүй зарцуулагдах үр дагавар үүсэхээр байгааг мөн аудитын дүгнэлтэд дурдлаа.
Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг эрсдэлгүй байлгах зорилгоор Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулсан боловч сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийг ашиглаагүй гэв. Гадаад, дотоод зээлийн эх үүсвэр болон Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөөс иргэн, хуулийн этгээдэд олгосон зээлийн мэдээллийг Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д байршуулаагүйгээс хэд хэдэн эх үүсвэрээс давхардуулан зээл авч, зээлийн баталгаа чанаргүй болж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй, зээлийн эх үүсвэр бүрдэхгүй байх эрсдэл дагуулж байгааг Д.Занданбат дарга танилцууллаа.
Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд төсвөөс санхүүжих нийгмийн шинж чанартай төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлж байгаа нь төсвийн нэгдсэн бодлогын зарчмыг алдагдуулж байгааг мөн дурдсан. Төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын үр өгөөж буурах, мөн төсөвт ачаалал үүсэж буй талаар жил бүр хийгдэж буй аудитын өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа нь Төсвийн тухай хуульд заасан төсөвлөлтийн шаардлагыг хангахгүй, зөрчсөн хэвээр байгаа аж.
Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Улсын Их Хуралд 5 асуудлыг танилцуулав. Төрийн аудитын байгууллагаас өмнөх жилүүдэд толилуулсан Монголбанкны санхүүгийн тайланг Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нэгтгүүлэн төрийн нийтийн хөрөнгийн дүн мэдээг бүрэн илэрхийлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгааг Улсын Их Хуралд танилцууллаа. Мөн Улсын Их Хурлаас тухайн жилийн Төсвийн тухай хуулиар батлаагүй хөрөнгө оруулалтын болон нийгмийн шинж чанартай төсөл арга хэмжээг төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа асуудлыг анхаарч хуулиар тодорхой зохицуулах; гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнд Засгийн газраас хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний тайланг Байнгын хороод хэлэлцэж байх шаардлагатай хэмээн аудитын дүгнэлтэд дурджээ.
Дотоод хяналт хангалтгүйгээс жил бүрийн аудитаар илэрч буй алдаа, зөрчил буурахгүй, өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул дотоод аудитын эрх зүйн орчинг хуульчилж, үйл ажиллагааг төлөвшүүлэх боломжийг бүрдүүлэх; аудитын зөвлөмжийн мөрөөр төсвийн ерөнхийлөн захирагчдын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг харьяалах Байнгын хороод хэлэлцэн үнэлж, дүгнэх эрх зүйн зохицуулалтыг буй болгох шаардлагатай гэлээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Ерөнхий сайдад 16, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад 5, Сангийн сайдад 14, Монгол Улсын Сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргад 2, Барилга, хот байгуулалтын сайдад 1, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 5, Аймгийн ИТХ, Засаг дарга нарт 3 зөвлөмж өгсөн байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, гишүүд асуулт тавьж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
-2022 онд Засгийн газрын өр 8 их наяд 41 тэрбум төгрөг болж, нэмэгджээ. Юунаас болж өсөв. Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн гэдэг нь хэр бодитой тооцоолол вэ?
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Үндэсний статистикийн хороо 2022 оны сүүлээр нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн гэж мэдээлсэн. 2022 онд эдийн засаг тогтворжиж, тэлсэн. Тэр тэлэлт байгаагүй бол үндэсний орлого 5000 ам.долларт хүрэхгүй байсан болов уу. 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилт тавьсан.
Үндэсний аудитын газрын дарга Д.ЗАНДАНБАТ:
-Засгийн газрын өр зээл нэмэгдсэн нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн 51.1 хувийг гадаад эх үүсвэрээс 4, 479 их наяд нь ханшийн зөрүүнээс болж, өрийн үлдэгдэл өсөхөд нөлөөлсөн.
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг эхлүүлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.07.03/ Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ