Австрали улс нь сэтгэцийн эмч нарт сэтгэл гутрал эсвэл гэмтлийн дараах стресстэй өвчтөнүүдэд сэтгэцэд нөлөөлөх тодорхой бодисыг бичиж өгөхийг зөвшөөрсөн анхны улс болжээ. Австралийн эмч нар энэ долоо хоногоос эхлэн "MDMA" гэгддэг экстази бэлдмэлийг гэмтлийн дараах стресст орсон хүмүүст, сэтгэцэд нөлөөлөх мөөгний бодис болох псилоцибинийг хүнд сэтгэл гутралтай өвчтөнүүдэд бичиж өгөх эрхтэй болж байна.
Улмаар дээрх хоёр эмийг Австралийн Эмчилгээний барааны удирдах газраас зөвшөөрөгдсөн эмийн жагсаалтад оруулжээ. Гэхдээ Австралид сэтгэцэд нөлөөлөх бодисууд нь үнэтэй байдаг бөгөөд энэ төрлийн эмчилгээ нь нэг өвчтөнд багадаа 10 мянган ам.доллар болох гэнэ.
Уг шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан ч долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн аж. Эрдэмтэд уг шийдвэрийг сайшааж, "Австрали улс энэ салбарын судалгааны тэргүүн эгнээнд орж байна" гэж мэдэгджээ. Монашийн эмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Мэдрэлийн анагаах ухааны нээлтийн төвийн дэд захирал Крис Лангмиад хэлэхдээ, "Сүүлийн 50 жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн байнгын асуудлуудыг эмчлэхэд маш цөөхөн ахиц гарсны нэг нь энэ боллоо" гэж хэлсэн байна.
Тухайлбал, АНУ-ын хоёр муж улсад дээрх хоёр эмийг өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн аж. Тодруулбал, Орегон муж нь насанд хүрэгчдэд псилоцибин хэрэглэхийг анх удаа хуульчилсан бөгөөд Колорадод 2022 онд псилоцибин хэрэглэхийг гэмт хэрэг гэж үзэхээс татгалзсан байна.
Хэдийгээр АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас сэтгэцэд нөлөөлөх бодисын эмчилгээний талаар судалж байгаа ч Австрали, Америкийн эмнэлгийн мэргэжилтнүүд бодисын эмчилгээний үр дүн, хий юм хардаг сэтгэцийн эмгэгийн эрсдлийн талаар илүү их судалгаа хийх шаардлагатайг анхааруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ