УИХ-ын чуулган өнөөдөр /2023.07.03/ 14.00 цагт хуралдана. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна. Улс төрийн намын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барьсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг тус хуулийн талаар зарим зүйл дээр саналаа нэгтгэсэн юм. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуульд тусгагдсан намын санхүүжилттэй холбоотойгоор улс төрийн нам нийт сонгогчдын нэг хувийн санал авсан, мөн УИХ-д авсан суудлын тоогоор санхүүжилт олгох ёстой гэдэг дээр зарчмын хувьд тохиролцсон гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.
Улс төрийн намын тухай хуулийн төслийг өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өргөн барьсан ч парламентаар хэлэлцүүлээгүй өдийг хүрсэн бөгөөд эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барьж, хаврын чуулганаар батлахаар эрх баригчид тохирсон билээ.
Холбоотой мэдээ