"Хятад улсаас Окинавад асуудал үүсгэж магадгүй"

Хуучирсан мэдээ: 2023.07.03-нд нийтлэгдсэн

"Хятад улсаас Окинавад асуудал үүсгэж магадгүй"

"Хятад улсаас Окинавад асуудал үүсгэж магадгүй"

Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн сард Японы хамгийн өмнөд хэсэгт орших Окинава мужийн Хятадтай түүхэн хэлхээ холбоог онцолсон нь анхаарал татав. Тэрбээр Окинава мужийг Рюкю гэж нэрлэсэн байна. Тус бүс нутаг нь 1879 онд Японд эзлэгдэх хүртлээ 500 гаруй жилийн турш Рюкю гэгдэх Хятадын "гувчуурын" вант улс байсан аж. Ши Жиньпиний хэлсэн нэршлийг  Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа тайлбарлан мэдээлсэн байна. Харин Хятадын янз бүрийн эрдэмтэд Окинавад автономит эрх олгохыг удаан хугацаанд дэмжиж иржээ.

Тус муж нь Япон, Хятадтай харилцах харилцааны санал зөрөлдөөн, тэр ч байтугай Дяоюйдао арлын маргаан, Тайванийг тойрсон зөрчил зэрэг бүс нутгийн геополитикийн халуун сэдвүүдийн зурвас дээр оршдог байна.

АНУ-ын цэргийн баазуудыг удаан хугацаагаар эсэргүүцэж байсан Окинава мужийн захирагч Денни Тамаки өнөөдрөөс эхлэн Хятадад айлчлах юм. Энэ айлчлалын үеэр дээрх асуудлууд яригдах  төлөвтэй байна. Тэрбээр Японы Гадаад хэргийн сайд асан Ёхэй Коно тэргүүтэй Хятадтай бизнесээ хөгжүүлэх зорилготой Японы Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн (JAPIT) төлөөлөгчдийн хамт айлчилна. Тэд Хятадын аль албаны хүмүүстэй уулзах нь одоогоор тодорхойгүй байна. Ялангуяа тус айлчлал нь өнгөрсөн Бямба гаригт Хятадын хагас дамжуулагчийн салбарт Япон улсаас тавьсан хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлсний дараа болж буйгаараа онцлог.

Японы Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн төлөөлөгчдийн өмнөх айлчлалаар Хятадын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд зэрэг дээд түвшний удирдагчид хүлээн авч уулздаг байсан.

Ши Жиньпин зургадугаар сарын эхээр Хятадын үндэсний түүхийн архивт шалгалт хийжээ. Энэ үеэр Мин гүрний (1368-1644) үеийн Рюкюгийн вант улсад дипломат төлөөлөгчийн газар илгээсэн тухай бичсэн номыг үзэж сонирхсон бөгөөд Окинаваг Рюкю гэж нэрлэсэн аж. Коммунист намын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох "People’s Daily" сонинд бичсэнээр, Ши Жиньпин хуучин Рюкю гэж байсан вант улс болон Фүжян муж хоорондын солилцооны талаар ярьсан байна. Тэрбээр өмнө нь захирагчаар ажиллаж байсан. "Би Фүжоу хотод ажиллаж байхдаа Рюкю-кан болон тэнд байдаг Рюкюгийн оршуулгын газрыг мэддэг байсан. Фүжян Рюкюүтэй гүн холбоотой гэдгийг мэддэг байсан. Фүжянаас 36 овог Рюкюд нүүж суурьшсан" гэж ярьсан нь 14-р зууны үеийн их нүүдлийг илэрхийлсэн байна. 

Үүнээс хэдэн өдрийн дараа Окинава мужийн захирагч Денни Тамаки Японы хэвлэлд ярихдаа, "Ши Жиньпин түүх, соёлын талаар маш гүнзгий ойлголттой. Би [Ши Жиньпиний үгийг] ирээдүйн солилцоог хөгжүүлэх хүсэлтэй байгаагийн илрэл гэж үзэж байна" гэж тайлбарлажээ.

Харин Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр Рюкю гэж хэлсэн Ши Жиньпиний үгэнд  санаа зовниж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ нь Хятад улсаас Окинавад асуудал үүсгэж магадгүйг илэрхийлсэн гэж тайлбарлажээ. Түүнчлэн Хятадын зарим эрдэмтэн Рюкюгийн бие даасан байдал, бүр тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дэмжихийг Хятад улс санал болгосон гэдгийг Японы хэвлэлд онцолсон байна. Рюкюгийн төлөө Японы бүрэн эрхт байдлыг эсэргүүцэх томоохон төлөөлөгч бол Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн гишүүн Жан Хайпэн юм. Тэрбээр 2013 онд "People’s Daily" сонинд Рюкюгийн асуудлыг хөндөж, Японы засгийн газрын эсэргүүцлийг төрүүлсэн нийтлэлийг хамтран бичсэн.

Тэбрээр энэ санаагаа өнгөрсөн зургадугаар сард "Рюкюг дахин хэлэлцэх стратегийн санал болгох боломж" нэртэй нийтлэлээрээ дахин онцолж, тусгаар тогтносон Рюкю улс нь "Хятадын тэнгисийн стратегид нэн чухал" болно гэж тайлбарлажээ. 

Жан Хайпэн нийтлэлдээ, 1879 онд Япон Рюкюг өөртөө нэгтгэсэн нь хууль бус бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны холбоотон орнуудын тунхаглалд Рюкю дахь Японы бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөөгүй гэж бичсэн байна. "Дайны дараах Сан Францискогийн энх тайвны гэрээний дагуу Рюкю АНУ-ын захиргаанд орсон. АНУ 1972 онд Японд эрх мэдлээ шилжүүлсэн боловч "Олон улсын хуулийн дагуу Рюкю арлуудын бүрэн эрхт байдлын асуудлыг шийдээгүй. Зүүн Ази, Номхон далай дахь эмх замбараагүй байдал, Тайванийн хоолой дахь хурцадмал байдал, Япон, Өмнөд Солонгос АНУ-ыг аялдан дагаж байгааг харгалзан Рюкюгийн стратегийн үүднээс авч үзвэл одоогийн байдлаар статусаа эргэн харах асуудлыг албан ёсоор тавих бодит шаардлага бий болоод байна" гэж тэрбээр нийтлэлдээ дурджээ.

Окинава мужид өдгөө Япон дахь АНУ-ын цэргийн хүчний 70 гаруй хувь нь байршиж байна. Түүний харьяа арал нь Тайваниас ердөө 110 км зайд оршдог. Япон нь маргаантай байгаа Дяоюйдао/Сенкаку арлуудыг тус мужийн захиргаагаар дамжуулан эзэмшлээ нэхэмжилдэг.

Хятадтай хурцадмал байдал үргэлжилсээр байгаа тул Японы засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сард  АНУ-тай аюулгүй байдлын харилцаагаа улам бэхжүүлж, Окинава зэрэг баруун өмнөд арлуудад цэргийн байршуулалтыг нэмэгдүүлэх үндэсний аюулгүй байдлын стратегийг баталсан. Харин мужийн захирагч Денни Тамаки арал дээрх АНУ-ын цэргийн баазуудыг нутгийн иргэдэд сөрөг нөлөө үзүүлж байна гэж буруутгаж, эсэргүүцсээр иржээ.  Тэрбээр мөн шинэ батлан ​​хамгаалах стратегийг шүүмжилсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж