Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн Баасан гаригт/2023.06.30/ болж, “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалан 109 сая ам.долларын зээл авч хохироосон “Жаст” группын ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцжээ. Тодруулбал, дээрх хэрэгт холбогдуулан Ш.Батхүүгээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, мөн тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн захирал асан Б.Мөнхжаргал, мөн тус үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцсэн байна.
Ингээд Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхээс Г.Амарбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, мөн давж заалдах шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол магадлалд зохих өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгийг хураасан, буцаан олгосон зарим заалтыг хүчингүй болгох, зөвтгөн өөрчлөх шийдвэрийг гаргасан байна.
Сануулахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос Г.Амарбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Ш.Батхүүг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, хуурамч бичиг баримт үйлдэн, ашиглаж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг албан тушаалаа ашиглан үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Улмаар Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар нийт 10 жил хорих ял оногдуулсан байна.
Ч.Ганзоригийг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн, уг гэмт хэрэгт Б.Мөнхжаргалыг хамжсан гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд нь 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Э.Сүрэнг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэм буруутайд тус тус тооцож, 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, Ш.Батхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосон байна.