Хятадын коммунист намын 20-р их хурлаас хойш Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлал чухал үр дүнтэй айлчлалд тооцогдож байна. Түүний өмнөхөн УИХ-ын дарга Г.Зандашатар тэргүүтэй албаныхан ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ.
Гадаад харилцааны хувьд олон тулгуурт бодлого баримталдаг Монгол Улсын хувьд хоёр хөршийн харилцаа ч мөн нэн тэргүүнд тавигддаг билээ. Хоёр хөршид хийсэн айлчлалын хүрээнд урт болон дунд хугацаанд Монгол Улсад үр өгөөжөө өгөх олон хэлэлцээ хийв.
ОХУ: ШАТАХУУНЫ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАНА
Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах болон үнэ бууруулах боломж, мөн Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн байгууламжуудыг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцжээ. Шатахууны хувьд Монгол Улс хойд хөршөөс ихээхэн хамааралтай энэ үед шатахуун нийлүүлэлтийн хэмжээг тогтвортой байлгах нь чухал ач холбогдолтой.
- Хоёр улсын парламент хоорондын хамтарсан комисс байгуулж, анхдугаар хуралдааныг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлож, хоёр улсын парламентын хамтын ажиллагааны хүрээнд тарифын болон тарифын бус хязгаарлалтыг бууруулах, хоёр улсын хамтарсан чөлөөт бүс байгуулах болон бусад арга замаар худалдааны тэнцвэргүй байдлыг залруулах талаар санаачилгатай ажиллахыг санал болгон хамтарсан ажлын хэсэг байгуулав
- Монгол Улсаас ОХУ руу ноос, ноолуур, мах, махан болон арьс, ширэн бүтээгдэхүүнийг экспортлоход тавигддаг импортын тарифыг тэглэх, тарифын бус саад тотгорыг бууруулах чиглэлээр талууд идэвхтэй яриа хэлэлцээ харилцан ойлголцолд хүрэх
- Хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцаж, тодорхой шийдвэрүүдэд хүрчээ. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тогтжээ
- Түүнчлэн "Богдхан төмөр зам” төслийн ТЭЗҮ-г яаралтай боловсруулж дуусган, хэрэгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх, "Зүүн босоо тэнхлэг"-ийн төмөр замын барилгын ажил эхлээд буйтай холбогдуулан Эрээнцав-Чойбалсан хэсэглэлийн төмөр замын шинэчлэлийг эхлүүлэх, Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замд их засвар хийж, экспорт, импорт, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр тогтжээ.
- Транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг бууруулах асуудлыг судалж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувь нийлүүлэгчдэд тодорхой шийдэл танилцуулах, Орос-Монгол-Хятад гурван улсыг дамнасан эдийн засгийн коридор байгуулах төслийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам”-ын тээх, нэвтрүүлэх ачааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр талууд тохирчээ.
- Эрхүү мужид ноос ноолуурын хамтарсан үйлдвэр, аж үйлдвэрийн парк байгуулах, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх талаар санал нэгдэв
БНХАУ: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол, Хятадын их бүрэн стратергийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцжээ. Айлчлын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Монгол, Хятад нь Иж бүрэн стратегийн түншлэл бүхий найрсаг хөрш орнуудын хувьд хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлж, олон улсад жишиг болохуйц хөрш орнуудын найрсаг харилцааг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чайна энержи" группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ нар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр нэгдсэн байр суурьт хүрэв.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийллээ.
- Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулах хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бүх талаар эрчимжүүлэхээр тохиролцсоны дагуу илүү сайжруулах, өргөжүүлнэ.
- Хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд БХАТИХ-ын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдэв. БХАТИХ-д Хятад, Монголын найрамдлын бүлэг шинэчлэн байгуулагдсаныг мэдээлж, цаашид хууль тогтоох байгууллага хороондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллана.
- Монгол, Вьетнамын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа тогтвортой урагшилж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж, аюулгүй байдал, батлан хамгаалах болон хууль сахиулах байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж байгаад баяртай байгаагаа талууд илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын хооронд хийгдэж буй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөх хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар талууд санал солилцов.
Цар тахлаас хойш Монгол Улсын гадаад бодлого сэргэж, гадаадын олон айлчлалд төрийн гурван өндөрлөг оролцсон бол Монгол Улсад ч гадаадын өндөр дээд албан тушаалтнууд айлчилсан онцгой жилүүд байлаа. Түүгээр зогсохгүй хоёр хөрштэйгөө хийсэн айлчлалын хүрээнд хэрэгжүүлж буй иж бүрэн хамтын ажиллагаа, стратегийн чухал ач холбогдол бүх хэлэлцээ, санал солилцсан олон чухал шийдвэрүүд удахгүй үр өгөөжээ өгөх биз ээ.
Холбоотой мэдээ