Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байх авто зогсоолд байрлах автомашины зогсоолын зөвшөөрлийг олгосон. Тус тасалбаруудыг хоёр дахь жилдээ enaadam.mn сайтаар дамжуулан борлуулж байгаа юм.
Гэвч өнгөрсөн Бямба гаригт тус сайтаар борлуулагдсан баяр наадмын нээлт, хаалтын тасалбар 15 минутад зарагдаж дууссан байна.
Энэ жилийн тухайд Үндэсний их баяр наадмыг төв цэнгэлдэх хүрээлэнд үзэхэд сүүдрэвчтэй суудлын тасалбарын үнэ 52, сүүдрэвчгүй суудлын тасалбарын үнэ 42 мянган төгрөг аж. Харин авто зогсоолд байрлах зөвшөөрлийн үнэ 21 мянган төгрөг байхаар тогтоод байсан юм. Тэгвэл аль хэдийнэ цахим хуудаст наадмын тасалбар шаглагдаж эхэлжээ.
Сүүдрэвчтэй, сүүдрэвчгүй, олноор авах, хүргүүлэх зэргээс шалтгаалж тасалбарын үнэ харилцан адилгүй байна. Тэр ч бүү хэл "Наадам 2023" зэрэг цахим хуудаст тасалбарын худалдаа эд цэцгэлжээ.
Сүүдрэвчтэй хос тасалбар хүргэлтгүй очиж авах бол хамгийн хямд нь 200 мянган төгрөг. Гэхдээ 4-5 хос тасалбар авах бол энэ үнээс хямдарна гэдгийг онцолжээ.
Үндэсний их баяр наадмын тасалбарын борлуулалт цахимаар долдугаар сарын 1-нд эхэлж тухайн өдрөө сайт нээгдэхэд шууд дууссан. Тасалбарын үнийн хувьд хоёрхон хоногийн дотор 3-5 дахин өсчээ. Тус тасалбараар баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх боломжтой.
Гэтэл цахим хуудаст нэг хаягаас наадмын тасалбар олноор хямд зарна гэх зар тавьсан олон зар байршуулжээ. Тиймээс бид хэд хэдэн дугаараар холбогдож асуулаа. Зар тавьсан хүмүүс тасалбарыг зөвхөн хосоор нь зарна. Сүүдрэвчтэй тасалбарын ширхгийн үнэ 120 мянгаас дээш бий. 5, 6-г авах бол хаягаар нь хүргээд өгнө. Баяр дөхвөл энэ үнэ бүр ч нэмэгдэнэ шүү гэлээ. Холбогдсон дугаар бүр зөвхөн олноор авах хүнд л тасалбар зарна гэж байлаа. Харин Нийслэлийн аялал жуулчлалын газар цахим тасалбарыг нэг хүн олноор худалдаж авах боломжгүй байсан гэх хариултыг өгсөн юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас мөн тодрууллаа.
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА НААДМЫН ТАСАЛБАР ШАГЛАСАН ХЭРЭГ ШАЛГААГҮЙ
Ардын хувьсгалын 102 жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болсон. Өмнө нь жуулчдын тасалбарын захиалгыг зөвхөн цахимаар 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн. Үүнд ямар нэгэн зөрчил маргаан үүсээгүй байна. Харин www.enaadam.mn цахим сайтаар борлуулсан тасалбаруудыг хэт өндөр үнээр шаглаж байгаатай холбоотой гомдлууд гараад байгаа.
Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Наадмын тасалбар өндөр үнээр зарсан ямар ч зөрчлийг шалгаагүй. Цахимаар худалдаалж байгаа зүйлийг хянахад хүндрэлтэй. Тухайн хүн өөрөө авсан тасалбараа зарж болно. Харин системийн хувьд нөлөөлсөн эсэх асуудлыг л шалгах боломжтой” гэх хариулт өгсөн юм.
Тэгэхлээр тасалбар цахимаар шаглаж байгаа хэн нэгэнд одоогоор ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна. Харин нийслэлээс өргөдөл өгсөн тохиолдолд www.enaadam.mn цахим сайтаар тасалбар борлуулахад нөлөөлсөн эсэхийг шалгах боломжтой аж.
Холбоотой мэдээ