Хятад улс АНУ-ын хаяанд, 150 хүрэхгүй км зайд буюу Куба улсын нутаг дэвсгэрт тагнуулын баазаа барьж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хятадуудыг уг тагнуулын баазаа 48 цагийн дотор орхихыг АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп шаардлаа. "Би тэдэнд 48 цагийн хугацаа өгөх болно. Хэрвээ тэд гарахгүй бол би АНУ-д худалдсан бүх зүйлд нь 100 хувийн татвар ногдуулна. Тэгэхээр тэд хоёр өдрийн дотор л байхгүй болно. Нэг цагийн дотор л яваад өгнө" гэж Трамп ярьжээ.
Трамп 2020 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө Хятадад чиглэсэн хатуу бодлого баримтлана гэдгээ мэдэгдсэн. Энэ удаагийн сонгуулиар ч мөн адил тактик хэрэглэж байна.
АНУ-ын хоёр гол намын улстөрчид Куба дахь баазын талаар санаа зовж буйгаа илэрхийлсээр байна. Тэдний үзэж буйгаар энэ бааз дор хаяж 2019 оноос хойш Куба улсад байгаа аж. Мөн энэхүү байгууламж нь Хятадад цахим харилцаа холбоо, тэр дундаа хиймэл дагуулын холбоог чагнах боломжийг олгодог байж болзошгүй.
Трамп Хятадад татвар ногдуулахыг санал болгосон анхны тохиолдол нь энэ биш юм. Тэрбээр 2019 онд Хятадын зарим бараанд хатуу татвар ногдуулсан. Эдгээр татварын заримыг нь одоогийн ерөнхийлөгч Жо Байден хэвээр үлдээсэн юм. Бүгд найрамдахчууд Байденыг Хятадад хэтэрхий зөөлөн ханддаг гэж үздэг.
Эх сурвалж: THE HILL
Холбоотой мэдээ