Долоо хоногийн онцлох үйл явдлын тойм

Хуучирсан мэдээ: 2023.07.02-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдлын тойм

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 48 ЯЛЛАГДАГЧИЙГ ГЭМ БУРУУГҮЙД ТООЦОВ

2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан шүүх хуралдаанаар хэргүүдийн бодит байдлыг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад туулгуурлан тал бүрээс нь үнэн бодитойгоор хянан хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн хууль болоод эрх зүйн ухамсарыг удирдлага болгон өөрсдийн дотоод итгэл үнэмшлээд үнэлэлт дүгнэлт өгч дараах байдлаар шийдвэр гаргалаа.

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт 32 яллагдагчийг гэм буруутайд тооцсон бол 48 яллагдагчийг гэм буруугүйд тооцож шийдвэрлэлээ гэдгийг шүүх хуралдааныг даргалагч мэдэгдлээ.

Мөн дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


НААДМЫН ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТЫГ НАЙРУУЛАХ БАГ ШАЛГАРАВ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2023 оны тавдугаар сарын 04-ний 03 дугаар тогтоолоор Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг баталлаа. Хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Н.Жанцанноров, ерөнхий продюсерээр Ж.Дамдинцэрэн, уран сайхны удирдагчаар Г.Цоггэрэл, ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар, ерөнхий зураачаар С.Чулуунбаатар ажиллана.

Харин ерөнхий бүжиг дэглээч, найруулагчаар Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, Хөгжмийн найруулагчаар Б.Алтанхуяг, дүрс бичлэгийн продюсерээр А.Бүрэнбаатар нар ажиллахаар болсон байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗУРГААН ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн учир тодорхой бүсүүдэд зургадугаар сарын 27-ноос хөл хорио тогтоолоо. Тодруулбал, сэжигтэй тохиолдол илэрсэн сум болон аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлах шийдвэрийг тус аймгийн онцгой комиссоос гаргасан байна.

Аймгийн онцгой комисс зургадугаар сарын 26-нд 21:00 цагийн үед Аймгийн нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн тул яаралтай хуралдаж хөл хорио тогтоох шийдвэрийг гаргажээ.

Хөл хорио тогтоосон хугацаанд:
  • Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг 2023 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 02:00 цагаас зургаан хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах
  • Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 2023 оны 06 дугаар сарын 27-ны 01:00 цагаас орох гарах хөдөлгөөнийг зургаан хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах
  • Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 27-ны 02:00 цагаас зургаан хоног түр хориглох
  • Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
  • Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат сумын Эрүүл Мэндийн Төвд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох сумын Онцгой комисс, эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга удирдлагуудад өгч ажиллах үүрэг өгсөн байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


АВАРГА ЦОЛТОЙ БӨХ 9 ДАВБАЛ "ДАЯН АВАРГА" ЦОЛ ОЛГОНО

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулахдаа "Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3-т аварга, арслан цолтой бөх түрүүлсэн тохиолдолд олгох цолны зохицуулалтыг орхигдуулсан нь хийдэл үүсгэж байна. Тиймээс улсын баяр наадамд түрүүлсэн бөхөд олгох цолыг нарийвчлан заах шаардлагатай байна.

Энэ хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан боловч энэ нь зөвхөн улсын баяр наадмын барилдаанд хамааралтай бөгөөд аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах барилдаанаас допингийн шинжилгээг зайлшгүй авах шаардлагатай байна. Тиймээс аймгийн баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахыг хуульчилахаар тусгалаа.

Мөн аймгийн наадамд 128-аас дээш 256 бөх барилдахыг Үндэсний их баяр наадмын тухай хуулиар хязгаарласан нь тухайн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийг барилдуулах нөхцөлийг хангахгүй байна. Үүнийг өөрчилснөөр тэгш ойн баяр наадамд 256 бөх барилдуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн 1921 оноос эхлэн зохион байгуулж ирсэн Цэргийн баяр наадмыг зохион байгуулах, түүнд цол олгохтой холбоотой зохицуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмж тусгах шаардлагатай байна. Тус наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд аймгийн баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдтэй адилтах цол олгоно" гэлээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


АХМАДЫН ТЭТГЭВЭР ИТГЭЛЦҮҮРЭЭР 28,738 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭВ

Ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ Ndaatgal.mn-ээр нэвтэрч орж хараад уйлах уу, гомдох уу болж байна.

Учир нь, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын ярьсан шиг тэтгэвэр нь нэмэгдээгүйд хамгийн их бухимдацгааж буй юм.. Жишээ татвал, ахмад настан Г нь 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. 2016 онд тэтгэврээ тогтоолгож байсан. Улсад нийтдээ 34 жил, 8 сар хөдөлмөрлөхдөө тасралтгүй Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Харин энэ удаагийн итгэлцүүрээр тэтгэвэр нь 28,738 төгрөгөөр, мөн 10 хувийн нэмэгдэл нь 52,873 төгрөг болж, нийтдээ 581,611 төгрөгийн тэтгэвэр авахаар болжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж