Одоогоос 15 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-нд ард түмний сонголтод эрх баригч хүчин нөлөөллөө гэж үзэн, Сүхбаатарын талбайд цуглан, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Энэхүү эсэргүүцэл хяналтаас гарч, төр ард түмэн рүүгээ буу шагайснаар дөрвөн залуу амиа алдаж, зургаан залуу шархдаж, олон залуус бэртэл гэмтэл авч, мөн олон зуун залуу шүүхээс ял сонссон монголчуудын хувьд “Долдугаар сарын 1-н” гэх тодотголоор түүхэнд үлдсэн хар өдөр өнөөдөр тохиож байна.
Болж буй үйл явдлыг харахаар Сүхбаатарын талбайд очоод хэрэгтэн болсон залуус олон бий. Тэднийг байцаах шатанд эрүүдэн шүүж, хэргээр хэрэг хүлээлгэсэн гэдэг асуудал ч хөндөгдөж байсан юм.
Мөн энэ хэрэг явдлын дараа Монгол Улс онц байдал тогтоож, тодорхой бүсүүдэд танктай цэрэг байршуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах мэдээлэлд "цензур" тавих зэргээр эрх баригчдын зүгээс хянах зорилго агуулж байв.
Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр, УИХ-ын даргаар Д.Лүндээжанцан, Ерөнхий сайдаар С.Баяр, Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар алба хашиж байсан түүхтэй. Ерөнхийлөгчийн зарлигаар Улаанбаатар хотноо дөрөв хоног Онц байдал тогтоосон юм.
Гэрэл зургийг М.НЯМСАЙХАН