НҮБ-ын Мэдээлэл, харилцааны технологийн хэрэглээ, аюулгүй байдлын асуудлаарх Нээлттэй ажлын хэсгийн ахлагч Бурхан Гафур болон ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Вершинин нарын уулзалт 2023 оны зургадугаар сарын 22-ны өдөр боллоо.
Хүлээлт үүсгэсэн энэхүү уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Нээлттэй ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбоотой асуудал байлаа. Ялангуяа улс хоорондын хамтын ажиллагаа, итгэлцлийг бий болгох механизмын хүрээнд харилцан тохиролцсон нэг хэмжүүрийг бий болгох ОХУ-ын саналыг хэлэлцэх нь гол асуудлын нэг байлаа. Компьютерийн халдлага, онлайн зөрчлийн талаарх мэдээллийг солилцох гол цэг болгон дэлхийн улс орнуудын Засгийн газар хоорондын Глобал бүртгэлийг бий болгох шийдлийг ОХУ санал болгосон юм.
ОХУ-ын санал болгосноор Нээлттэй ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж буй гишүүн орнуудаас тодорхой нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгууллагууд Глобал бүртгэлд багтах бөгөөд ингэснээр амин чухал болсоор байгаа мэдээллийн технологийн дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах үүднээс компьютерийн халдлага, цахим зөрчлийн талаарх мэдээллээ харилцан солилцох, хариу арга хэмжээг яаралтай богино хугацаанд авах боломжтой болно гэж үзэж байгаа юм.
Глобал бүртгэлд Нээлттэй ажлын хэсгийн гишүүн орнуудыг тухайн улсын төрийн мэдлийн байгууллага төлөөлөх бөгөөд эдгээр байгууллага нь олон улсын ямар ч нөхцөл байдал үүссэн улс төрийн хувьд хөндлөнгийн нейтрал байр суурийг баримтлах ёстой. Мөн Глобал бүртгэлд нэгдсэн байгууллагуудын хооронд цахим халдлагын талаарх гол мэдээллээ харилцан солилцох итгэлцэл байх ёстой бөгөөд мэдээллийг бүх тал харилцан зөвшөөрсөн нөхцөлд мэдээллээ олон нийтэд задлах зэрэг нөхцөл шаардлагуудыг ОХУ-ын тал санал болгож байгаа юм.
ОХУ-ын энэ саналыг хараахан Нээлттэй ажлын хэсгийн бүх гишүүн хүлээн зөвшөөрөөгүй байна. Тухайлбал, Глобал бүртгэл хийх Москвагийн энэ саналыг АНУ дэмжихгүй байгаа бөгөөд харин одоо хэрэгжиж байгаа кибер халдлагын эсрэг төрийн бус байгууллагуудын эвсэл, нэгдлийг ашиглахыг дэмжиж байгаа юм. Одоогоор хэд хэдэн ийм нэгдэл байгаа бөгөөд тэдгээрээс дурдвал “Computer emergency response team” (CERT), “Forum of Incident Response and Security Teams” (FIRST) зэрэг юм.
Зарим шинжээчийн зүгээс төрийн бус байгууллагын нэгдэлд мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хариуцуулах нь ирээдүйдээ зөрчилд хүргэж магадгүй гэсэн болгоомжлолыг илэрхийлж байна. Энэ хувилбар нь Нээлттэй ажлын хэсгийн гишүүдэд тэгш нөхцөл бий болгож чадахгүй гэсэн болгоомжлол бас бий.
“CERT” болон “FIRST” нь хувийн байгууллага учраас хэнтэй хамтрах, хэнтэй хамтрахгүй талаарх шийдвэрийг тухайн компанийн эцсийн өмчлөгчид шийдэх нь үйл ажиллагааны тэгш нөхцөлийг бий болгохгүй гэж зарим шинжээч тайлбарлаж байна.
Нэн ялангуяа олон улсын байдал тогтворгүй байгаа одоо үед дэлхийн улс орнуудын мэдээллийн аюулгүй байдлыг ийм механизмаар шийдэх нь үр дүнтэй бус төдийгүй улс төрийн тэмцлийн талбар болох магадлалтай юм.
Өнгөрсөн 2022 онд “FIRST” нь Орос дахь “CERT” байгууллагын гишүүнчлэлээ зогсоосон нь үүний нэг илрэл төдийгүй IT чиглэлийн бүхий л компани хооронд нээлттэй, ил тод байдлыг дэмжих зорилго бүхий CERT төслийн үндсэн зарчмаас ухарсан хэрэг болсон. Мөн Нээлттэй ажлын хэсгийн өнгөрсөн онд Нью Йорк хотноо болсон уулзалтын үеэр ОХУ-тай харилцаа холбоо бүхий компаниудад уулзалтад оролцуулахгүй хоригийг Украин тавьсаны хариуд ОХУ мөн барууны зарим IT компаниудад хориг тавьсан билээ.
Тийм учраас зургадугаар сарын 22-нд болсон уулзалтын үеэр ОХУ-ын санал болгосон Глобал бүртгэлийн асуудал чухлаар тавигдаж байгааг онцлон тэмдэглэлээ. Нэгдсэн нэг хэмжүүрийг бий болгосноор дэлхий нийтээрээ мэдээллийн технологийн аюулгүй байдлыг нээлттэй зарчим дээр, бүх оролцогчийн тэгш эрхийг хангах боломжтой юм.
НҮБ-ын Мэдээлэл, харилцааны технологийн хэрэглээ, аюулгүй байдлын асуудлаарх Нээлттэй ажлын хэсгийг Ерөнхий Ассамблейн 75/240 шийдвэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр байгуулсан.
С.ПАЛАМ
Холбоотой мэдээ