“Монгол Улсад хөрөнгө оруулж, бизнес эрхлэх нь маш том эрсдэл дагуулж байна” гэдэг гомдлыг хөрөнгө оруулагчид тавьсаар ирсний нэгэн тод жишээ нь “Гурван сайхан” компанид тулгарсан асуудал болов.
Бүгд найрамдах Чех улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газар, Цөмийн энергийн комиссын холбогдох зөвшөөрлийг авсны үндсэн дээр ураны хайгуул, судалгааны төсөл хэрэгжүүлэгч “Гурван сайхан” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлсэн нь өнөөдөр 310 гаруй тэрбум төгрөгийн хохирол хүлээх эрсдэлд оруулжээ.
Учир нь, тус компанитай холбогдуулан, “Их бага баян шарга” нэртэй иргэний нийгмийн байгууллага шүүхэд гомдол гаргаснаар тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар тэд “Шүүх нь төрийн байгууллагын техник, зохион байгуулалтын шинжтэй алдаанд хэт том ач холбогдол өгч, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын оролцоотой компанид итгэсэн хууль ёсны итгэлийг үгүй хийх шийдвэр гаргаад байна. Хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан, хууль ёсны тусгай зөвшөөрөл гэж итгүүлж бидэнд төрөөс олгосон тусгай зөвшөөрлийг шүүх хүчингүй болгохдоо, хариуцагч төрийн байгууллагын төлөөллийг төдийгүй олон сая долларын хөрөнгөө оруулсан, тусгай зөвшөөрлөө хууль ёсоор эзэмшиж байгаа манай компанийн төлөөллийг ч шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэлэлцэж, тэр ч бүү хэл чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг авч хэлэлцэхгүй, зарим баримтыг цагаан дээр хараар бичсэнээс нь бүр эсрэгээр үнэлж, дүгнэсэн явдлыг бид үнэхээр яаж ч хичээгээд ойлгож чадахгүй байна” гэж мэдэгдэв.
Монгол Улстай түншлээд тав зургаахан жил болж байх хугацаанд 310 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь чамлах тоо биш. Цаашдаа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилбэл, тэр байтугай хөрөнгө оруулалт Монгол Улсад хийгдэж, монгол хүн ажилтай, орлоготой болно, Монгол Улс ураны салбарт цоо шинэ технологи нэвтрүүлж, тэр хэрээр хөгжил дэвшлээ урагшлуулах боломж бий. Харин цаашдаа шүүхийн дээрх шийдвэр хэвээр хадгалагдвал Монголд “чөтгөр” ч тогтохгүй. Цаашлаад Монгол Улсад гадаад орнуудаас хөрөнгө оруулалт орж ирэх найдвар ч тасрах биз. Яагаад гэвэл төрийн өмчит компанид нь итгээд хөрөнгө оруултал төрийн байгууллагынх нь гаргасан алдаанаас болж, хөрөнгө оруулагч хохирсон жишээг сонсоод хэн Монголд хөрөнгө оруулах гэж зүтгэх юм бэ. Хэн ч зүглэхгүй. УИХ-аас хэчнээн сайхан хууль баталж, хөрөнгө оруулагчдад тавьдаг босгыг авлаа ч нэмэр болохгүй.
Монгол Улс өнөөдөр хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн чухал байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2022 оны байдлаар 2.5 тэрбум ам.доллар болсон. Ингэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онд хамгийн өндөр буюу 5,7 тэрбум ам.долларт хүрч байсан бол тогтмол буурсаар өнгөрсөн 2022 онд 2.5 тэрбум ам.доллар хүрсэн байдаг юм.
Эдийн засгийн хөгжлийн яамнаас эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгон, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, экспортлох суурь нөхцөл бүрдүүлэх, чөлөөт бүсүүдийг эдийн засгийн ээргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт татах нь чухал байгааг мэдэгдэж байсан удаатай.
Хөрөнгө оруулалт хэр их хэмжээгээр орж ирнэ, тэр хэрээр валютын хомсдлоос сэргийлж, тэр хэрээр шинэ технологи, ноу хау нэвтэрч, Монгол хүн ажилтай, орлоготой болно.
Харамсалтай нь, төр засгийн тогтвортой бус бодлого, хэлсэн ярьсандаа байдаггүй алдаанаас болж, хөрөнгө оруулагчид буцах нь буцаж, цөөн хэдхэн нь үлдсэн.
Одоо тэднийг торгоож авч үлдэх нь чухал. Яагаад гэвэл “Гурван сайхан” компанид тохиолдсон дээрх жишээ Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа гадаадын хөрөнгө оруулагч нарт кейс болно. Өөрөөр хэлбэл, шүүхээс ямар шийдвэр гарна, тэр нь гадаадын хөрөнгө оруулагч нарт “Монгол Улсад хөрөнгө оруулах уу, эсвэл өөр улсыг сонгох уу” гэдэг сонголт хийхэд хүргэнэ. Иймээс төрийн байгууллага дээр гарсан алдааг эргэн харж, хөрөнгө оруулагчаа нэг гэхгүй авч үлдэх талд ажиллахгүй бол Монголыг зорьж ирэх хөрөнгө оруулагч байхгүй болно шүү. Эргээд тэднийг маш их цаг хугацаа зарцуулж, маш их зүйлийг золиослон байж, татах шаардлага тулгарна.
Ер нь цаашдаа хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалж чадах тогтолцоо Монголд бүрэн утгаараа сууж чадсан уу, мөн хуульч нарын хөнддөг Монгол Улс хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлээр дагнасан шүүх байдаггүй, энэ чиглэлээр мэргэшсэн шүүгч дутмаг байгааг эргэн харж, алдааг залруулах талд ажиллахгүй бол Монгол Улс хөгжлөөрөө бусдаас хэдэн арван жилээр хоцорсон, Африкийн орнуудаас ч долоон дор авлигад идэгдсэн улс болж, хоцрогдлын туйл хэвээр үлдэж мэдэхээр байна шүү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ