УИХ-ын даргын захирамжаар нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулах УИХ-ын Түр хороог шинээр байгуулсан. Уг Түр хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь Б.Энхбаяр, Г.Тэмүүлэн, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тодотгосноор ирэх долоо хоногт тус Түр хороо дээрх асуудалтай холбоотой гаргасан дүгнэлтээ УИХ-ын даргад танилцуулах аж. Түүний дараа нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулах юм байна. Засгийн газрын сайд нар энэ долоо хоногт гадаад улсад томилолтоор ажиллаж байсан тул сонсгол зохион байгуулах асуудал түр хугацаагаар хойшлогдсон гэдэг тайлбар хийгээд буй.
УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороо өнгөрсөн Мягмар гаригт хуралдаж, өнгөрсөн хугацаанд ажилласан дүгнэлтээ хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон. Уг дүгнэлтэд дурдсанаар Гаалийн ерөнхий газар дотоод хяналтаараа нүүрсний хулгайн асуудлыг анх илрүүлж, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж байсан ч уг хэргийн зүйчлэлийг өөрчлөн хэрэгсэхгүй болгох зэргээр асуудлыг ултай суурьтай шалгаагүй нь нүүрсний хулгайг хавтгайруулсан гэж үзсэн байдаг.
Тэгвэл Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг нүүрсний хулгайн сонсголоор ямар асуудал хөндөж гаргаж ирэх вэ гэдэг анхаарал татаж буй. Гэхдээ ирэх долоо хоногт тус Түр хороо нүүрсний сонсголыг зохион байгуулна гэвэл баяр наадам дөхөж олны анхаарал суларсан үеийг тааруулах нь зохисгүй болно. Учир нь, нь эрх баригчдын хувьд нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүдээ хаацайлах зорилгоор, нүүрсний хулгайн сонсголоо зориудаар наадам дөхүүлж, зохион байгуулж, домоглох гэж байна уу гэх хардлагад хөтлөөд буй юм.
Г.ХОРОЛ