"News" агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох зочдынхоо ярилцлагыг тоймлон дахин хүргэж байна.
"Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнхтэй ярилцлаа.
–Монгол Улсын эдийн засагт Эрдэнэт үйлдвэрийн үзүүлэх үр нөлөө асар их. Тийм учраас тухайн жилд дэвшүүлсэн зорилт, зорилгодоо хүрэх нь маш чухал. Энэ жил хэчнээн тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна вэ. Эхний зургаан сарын байдлаар төлөвлөгөө ямар шаттай явж байна?
-Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөө цаг минутаар хэмжигдэж байдаг. Бид 2023 онд 33.6 сая тонн хүдэр боловсруулахаар төлөвлөсөн. Энэ бол үйлдвэрийн түүхэнд түүхэн дээд үзүүлэлт болох зорилт юм. Нийт 33.6 сая тонн хүдэр боловсруулж, 129 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Оны эхний зургаан сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүгд биелсэн байна. Долдугаар сарын нэгэнд эхний хагас жилийн дүнг нарийвчлан гаргана. Гэсэн хэдий ч урьдчилсан байдлаар бүх үзүүлэлт биелэх боломжтой байна. Хоёрдугаар хагас жилд нэгдүгээр хагас жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлэх зорилт тавьсан. Үүний тулд тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд цаг хугацаандаа хийгдэх учиртай. Хүнд даацын автомашинуудыг цаг хугацаанд нь худалдан авах асуудлууд бий. Мөн шинээр худалдаж авах машинаараа хийх ажлуудаа төлөвлөчихсөн учраас худалдан авах ажиллагаагаа цаг алдалгүй явуулах үүрэг хариуцлага оногдож байна.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 33.6 сая тонн хүдэр боловсруулахын тулд гурван төрлийн 12 экскаватор 24 цагийн турш ажиллаж байна. Экскаватороор олборлосон хүдрийг 37 ширхэг 130 тонны даацтай хүнд даацын автомашинаар үйлдвэр рүү зөөж тээвэрлэж байна.
Энэ хүчин чадлаараа ажиллахад оны төгсгөлд төлөвлөгөөгөө бүрэн гүйцэтгэхээр байна. Цаашид хүнд даацын зургаан автомашин нэмэлтээр авах хэрэгцээ шаардлага бий. Уг худалдан авалттай холбоотой тендерийг хуулийн дагуу зарлаж, үнэлгээний хороод ажиллаж байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2657690/ линкээр нэвтэрч үзэх боломжтой.
М.Оюунчимэг: Малчдад улстөржсөн халамжийн бодлого хэрэггүй
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.
-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуульд орж байгаа гол гол өөрчлөлтүүд юу байна вэ?
-Нийгмийн даатгалтай холбоотой асуудал бол иргэн бүрийн амьдралтай холбоотой учраас маш чухал асуудал байдаг. УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг батлах төлөвлөгөөтэй хэлэлцүүлгүүд өрнүүлж байна. Нийгмийн бодлогын байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Миний бие ажлын хэсэгт орж ажиллаж байгаагийн хувьд хуульд засч залруулах, том зургаар нь харж ирээдүйгээ бодолцсон шийдвэрүүд гаргах нь чухал байна.
Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд ирээдүйд гавьяаныхаа амралтад гарахад төлсөн шимтгэл нь амьдралын баталгаа болохуйц байх, түүний зарцуулалт нь шилэн байх, нийгмийн даатгалын сан ашигтай ажилладаг байх, цалин, тэтгэвэр инфляцтай уялдаж хөдөлдөг байх, төлсөн шимтгэл нь орон сууц, боловсрол, эрүүл мэндийн баталгаа нь болдог байх зэргээр асуудлыг өргөн хүрээнд авч үзэж нухацтай хэлэлцэж байна.
Хамгийн гол нь санхүүжилтийг шилэн болгож өөрчлөлт хийх шаардлага тулгарсан байна. Иргэд өнөөдөр төлж байгаа татварынхаа хэмжээгээр ирээдүйд үр өгөөж хүртэх, цаашлаад тэтгэврээ өвлүүлэх асуудал анх удаа яригдаж байна. Өвлүүлэхээр бол ямар журам, ямар заалтад тулгуурлаж Засгийн газар шийдэх вэ гэх мэт олон асуудлыг уг хуулиар хөндөж байна. Улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, аймаг сумдаас саналыг авч байна. Ажлын хэсэг асуудлыг олон талаас нь авч үзэж илүү нухацтай ажиллах шаардлагатай байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2658144/линкээр нэвтэрч унших боломжтой.
Монгол Улс экспортын бүхий л цонхоо нээхэд энэ форум ач холбогдолтой
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.ТҮВДЭНДОРЖ:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн худалдааны төв болон Засгийн газар хамтран "Дэлхийн экспортыг дэмжих форум 2023"-г зохион байгуулж байна. Энэ хүрээнд 60 гаруй орноос 200 гаруй компанийн төлөөлөл болон дотоодын 200 орчим аж ахуй нэгж оролцож байна. Мөн Нэгдсэн Үндэсний байгууллага, өндөр дээд түвшний шийдвэр гаргах хүмүүс чуулж байгаа ач холбогдол ихтэй форум болж байгаа юм. Дэлхийн худалдааны төвөөс жил бүр энэхүү форумыг зохион байгуулдаг бөгөөд худалдаа, эдийн засаг чиглэлийн олон улсын асуудал, шийдлийг эрэлхийлдэг онцлогтой. Энэ жил анх удаа Монгол Улсад энэхүү форумыг зохион байгуулж байгаа нь Монгол Улс экспортоо хэрхэн дэмжих вэ, далайд гарцгүй ч Монголыг дэлхийд сурталчлан таниулах бренд бүтээгдэхүүн юу байгаа талаар олон улсын төлөөлөгчид, томоохон худалдан авагч болоод хөрөнгө оруулагчдаас санал сонсох, дэмжлэг авах боломж бүрдэж байна. Бид дотоодын бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах, олон улсын төлөөлөгчдөөс туршлага судална гэдэг цаашид хэрэгжүүлэх бодлого, бусад арга хэмжээ, хөтөлбөрүүдэд нэн тустай.
Энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлж байгаа сэдвүүдээс хүлээж байгаа үр дүнгээс гэвэл Энэтхэг Монгол Улсаас арьс шир авах боломжийг судалж байгаа. Мөн Малайзаас боловсруулсан халал мах Монголоос импортлох боломж судалж ирсэн. Эдгээрээс гадна Алибаба компанийн төлөөллүүд ч ирээд байна. Олон улсын томоохон компанийн төлөөллүүд дотоодын аж ахуй нэгжүүдтэй уулзалт хэлэлцүүлэг форумын хүрээнд зохион байгуулна.
Ингэснээр экспортыг нэмэгдүүлэх боломж төдийгүй эргээд компани, аж ахуй нэгжүүдийн хооронд харилцаа үүсгэж, гэрээ хэлэлцээр хийх сайн үр дүнгүүдийг нээж өгч байна. Монгол Улс экспортыг нэмэгдүүлэх нь ихээхэн ач холбогдолтой. Гагцхүү ингэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, төмөр зам, авто замуудыг өргөтгөж олон сувгийг нээж өгч дэлхийн зах зээлд Монгол Улс бүхий л цонх, үүд хаалгаа нээх хэрэгцээ шаардлага үүсч байна. Энэ бүхэнд олон улсын экспортыг дэмжих форум чухал үүрэгтэй.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2657876/ линкээр нэвтэрч унших боломжтой.
"Шүүх шинжилгээний газрын дарга Г.Дагиймааг бид хардаж байна"
Албан ажлаар явж байх үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалд харамсалтайгаар амь насаа алдсан Анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Хэрэг гарснаас хойш жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд шинжээчид болон хуулийн байгууллагынхан хэрхэн ажиллаж байна вэ?
-Анхны шинжээчийн 58 тоот дүгнэлтээр миний нөхрийг өндрөөс унаж нас барсан гэсэн. Хэрэв толгойгоор унасан бол хүзүү, сээр, нугламын булчинг чөлөөлж хугарал гэмтэл байна уу, үгүй гэдгийг заавал тогтоох ёстой. Гэтэл түүнийг тогтоогоогүй. Хоёрдугаарт, бид талийгаачийн цогцсыг очоод харахад хүзүү нь эрээн алаг болчихсон, хөндлөн шууд ормууд гарч, хойш гэдийсэн байрлалтай байсан. Уг нь бол нөхөр минь доош хараад уначихсан байсан шүү дээ. Тийм байтал толгой нь хойш болж, баруун гар нь гэдийчихсэн байсан. Ямар сайндаа л шинжээчээс нь нөхөр минь доош хараад унасан байрлалтай байсан биз дээ? гэдгийг лавлахад "тийм" гэж хэлсэн. Тухайн үеийн хөшилт маш сонин. Мөн хоолойд нь механик амьсгал боолтын үед илэрдэг хөндлөн ормууд үүссэн. Би өөрөө эмч болохоор үүнийг мэдээд байгаа. Энэ нь анхны шинжээчийн дүгнэлтээр гараагүй, хоёр дахь удаагийнхаар илэрсэн. Эхний дүгнэлтээр бамбай буюу улаан хоолойд нь цус хуралт үүссэн гарсан. Цус хуралт хүнийг амьд байх үед л үүсэх боломжтой. Нас барсан үед цусны эргэлт зогсох учир үүсэх боломжгүй. Тэгэхээр энэ бүхэн гадны нөлөөтэй байж болзошгүй гэдгийг илтгэж байна.
Эхний удаагийн шинжээч юуг орхигдуулсан байна вэ? гэхээр механик бүтэлтэд орсон эсэхийг нүдний алим, зовхины салстаар шалгах хэрэгтэй. Хэрэв амьсгал бүтэлтэд орсон бол тэр хэсгүүдэд мөн цус хуралт үүснэ. Энэ бүхнийг шинжээч шалгаагүй. Өөрөөр хэлбэл үзэх, шалгах, нягтлах зүйлсийг шинжээч санаатай эсвэл санамсаргүйгээр орхигдуулсан. Анхнаасаа өндрөөс унасан гэдэг дүгнэлтийг л барьж байсан нь анхаарал татаж байгаа.
Эдгээрээс гадна нөхрийн минь биед олон тооны зулгаралт үүссэн. Хамгийн сонин зүйл нь цээжин тус газраа зууван хэлбэр бүхий урагдаж, арьс нь зулгарсан байсан. Яг тэр хэсгээр өмсч явсан подволк нь 9-10 см хэмжээтэй хөндлөн урагдалтай. Энэ бүхэн дээр яагаад гэж асуухад өндрөөс унасан болохоор л гэдэг хариулт өгдөг. Шинжээч яаж харсан юм шиг хариулж, асуусан бүхэнд шууд бэлэн хариулт өгөөд байсныг ойлгохгүй байна. Өндрөөс унасан гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй тухайн хэрэг гарсан өдрөө л ийм хариулт хэлж байсан нь сонин.
Би өөрөө эмч хүн. Эмчээр суралцаж байгаа хүн бүр задланд ордог, шүүх эмнэлгийн эмгэг судлалын хичээлд суудаг. Бид хүүрийн толбо, хөшилт яаж үүсдэг гэдгийг мэдэж байгаа.
Гэтэл анхны шинжээч талийгаачийн биед үүссэн бүх зулгаралтыг өндрөөс унахад нэг цаг хугацаанд үүссэн гэж байгаа юм. Жирийн хүн сонсоход ч итгэхээргүй зүйлийг шинжээч хээв нэг хариулж байгаа юм. Нөхөр минь унасан гэх газарт ямар ч чулуу, хад байгаагүй. Уг нь бол хатуу турбагаар цохиход зулайн орой хэсэгт нөхөрт минь үүссэн байсан шарх үүсэх боломжтой. Гэтэл энэ бүхнийг шинжээч шууд л дүгнэчихсэн.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2658354/ линкээр нэвтэрч унших боломжтой.
Холбоотой мэдээ