Хүүхдийн зуслангууд шаардлага хангаж байгаа эсэхийг хоёр удаа шалгадаг

Хуучирсан мэдээ: 2023.06.30-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зуслангууд шаардлага хангаж байгаа эсэхийг хоёр удаа шалгадаг

Хүүхдийн зуслангууд шаардлага хангаж байгаа эсэхийг хоёр удаа шалгадаг

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг. Энэ талаар болон бусад асуудлаар ХНХЯ-ны ГББХЗГ-ын Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатартай ярилцлаа.


– Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааны явцад хоёр удаа шалгалт хийдэг. Эхний шалгалт хийгдсэн үү. Ажлын хэсэг хяналт шалгалтаа хэрхэн хийдэг вэ?

– Эхний шалгалт тавдугаар сарын сүүлээр хийгдсэн. Дараагийн шалгалтыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн 240-р тушаалаар наадмын дараа хийгдэнэ. Ерөнхийдөө бол зуслангийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө болон үйл ажиллагааны явцад гэсэн хоёр шалгалтыг хийдэг. Стандартын бүрдэл хэсэг хангагдахаас эхлээд барилга байшингийн тохижилтыг хүртэл шалгадаг.

– Хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг хэрхэн хангадаг талаар. Ер нь яаж хяналт тавьдаг вэ. Хоол ундны тал дээр танайхаас хянаж шалгадаг уу?

– Өмнө нь, Мэргэжлийн хяналтын газар байсан бол одоо яамдад чиг үүргээрээ хуваагдсан. Тухайлбал, Боловсролын яам боловсролын чиглэлээр, Эрүүл мэндийн яам эрүүл ахуйн талаас, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас хөдөлмөрийн аюулгүй байдал тал дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Хүрээлэн буй орчин, хүүхдийн эрхийг дээдэлсэн, тэдний амрах хөгжих, чөлөөт цагаа зөв зохистой хөгжүүлэх боломж бололцоогоор хангасан байх ёстой. Хоолны эрүүл ахуйн хувьд стандартад заасны дагуу хүнсний бүтээгдэхүүн болоод хэрэглэж байгаа сав хэрэгсэл нь хүний биед хор хөнөөлгүй эрүүл ахуйн шаардлагыг хангасан байна уу гэх мэтээр журамд заасны дагуу хянан шалгадаг.

– Хүүхдийн зусланд ямар ямар шаардлага тавьснаар зуслан үйл ажиллагаагаа явуулдаг вэ. Хүүхдийн зусланд амрагчдад шаардлага тавьдаг уу?

Амрагчдад шаардлага тавьдаггүй. Хүүхэд бүхэнд нээлттэй байдаг. Харин зусланд ямар шаардлага тавьдаг вэ гэхээр эхлээд зөвшөөрлийн асуудлыг ярина. Стандарт хэмжил зүйн хорооноос батлагдсан стандартын дагуу шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрлийн гэрчилгээ олгодог. Тухайлбал, хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай орчин нөхцөлөөр хангагдсан эсэх мөн тухайн орон нутгийн Засаг даргын зөвшөөрөл хэрэгтэй гэсэн шаардлагууд бий. Ингэснээр стандартын тохирлын гэрчилгээ авч тухайн зуслан үйл ажиллагаа явуулах эрхтэй болно гэсэн үг. Хүүхдийн амралт, зуслангийн үйл ажиллагаанд тодорхой шаардлагыг тогтоож, мөрдүүлдэг.

Үүнд:

  • Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог хангасан хүүхдэд ээлтэй хөгжлийн орчин бүрдүүлэх;
  • Хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцэхүйц, хүүхэд бүрийн оролцоог хангасан, мэдлэг, чадвар, хандлага төрүүлэхэд чиглэсэн бүтээлч зорилго чиглэл бүхий хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл хоол хүнс, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлэх;
  • Хүүхдийн амралт, зусланд мэргэшсэн хүний нөөц ажиллуулж байгаа эсэх дээр нарийн шалгадаг.

–  Зуслангийн багшийг ямар журмаар шалгаруулдаг вэ. Зуслангийн хөтөлбөрийг хэрхэн яаж гаргаж баталдаг вэ?

– Зусланд ажиллах ажилтныг шалгаруулахдаа Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг тодруулж, хүүхдийн нас, бие, сэтгэлзүйн онцлогийн талаар мэдлэгтэй 21-ээс доошгүй настай байна гэх мэт шаардлага хангасны дагуу шалгаруулдаг. Үүний дараа эрх бүхий байгууллагаас тусгай сургалт зохион байгуулж, гэрчилгээ олгодог. Харин яригдах нэг асуудал байдаг юм. Зуслангийн үйл ажиллагаа нь өөрөө амралт зугаалгын үеэр таардаг учраас хүний нөөцийн хомсдолын асуудал тулгардаг. Ажиллах хүн дутмаг байдаг гэсэн үг. Тогооч, үйлчлэгч нь арай өндөр цалинтай байгууллагад ажиллах ч юм уу иймэрхүү асуудал байдаг.

Зуслангийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь Монгол Улсын стандартын 10 дугаар зүйл, энэ журмын 2.1-д заасан үлгэрчилсэн жишиг хөтөлбөртэй нийцүүлэн өөрийн зусланд тухайн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөр нь амрагчдад мэдлэг, чадвар эзэмшүүлэх, эерэг хандлага, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн байдаг.

Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т заасны дагуу байгууллага болгон хүүхэд хамгааллын бодлоготой байх, эцэг эхийн зөвлөлтэй байх шаардлагатай.

– Зуслангийн төлбөр төлөх боломжгүй зорилтот бүлгийн болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийг үнэгүй амраах, төлбөрөөс хөнгөлөх зэрэг боломж байдаг уу?

– Хүүхэд хамгааллын зардлаас болон орон нутгаас зардлыг гарган тусгай хэрэгцээт 100 хүүхдүүдийг асран хамгаалагчтай нь “Анар” зусланд үнэ төлбөргүй амрааж байгаа. Нэмж дурдахад энэ жилийн хувьд зургаан зуслан шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мөн есдүгээр сард зуслангийн үйл ажиллагаа зогсохоор зуслангийн холбоо болон зуслангуудтай хамтарч цаашид ямар арга хэмжээ зохиох, санхүүжилтийн талаар болоод төр засгийн зүгээс ямар чиглэл барьж ажиллах талаар хуралдана гэлээ.

Ж.Даваадулам

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж