Яруу найрагч Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон хэрэгт буруутгаад буй юм. Ц.Хулангийн гэм буруугүйн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшиллоо. Нийслэлийн прокурорын газраас “…гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах…" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг "шүүх бүрэлдэхүүнтэй"-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч "Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа, мөн шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой дээрх шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байх тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлээд байсан юм.
Харин өнөөдөр дахин хойшиллоо. Гэвч шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “…шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт…” шүүхэд ирүүлсэн,
Мөн шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү нар нь “…шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах…” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Шүүх хуралдаан болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, талуудын саналыг харгалзан хуралдааныг 2023 оны долдугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт товлолоо.
Холбоотой мэдээ