"Вагнер"-ын бослогоос хойш Оросын хамгийн өндөр албан тушаалтай генералууд олны өмнө огт гарч ирээгүй байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Валерий Герасимов бослогоос хойш олон нийтийн өмнө болон төрийн телевизээр гараагүй. Мөн зургадугаар сарын 9-нөөс хойш Батлан хамгаалах яамны хэвлэлийн мэдээнд түүний талаар дурдаагүй аж.
Түүнчлэн Сирийн мөргөлдөөнд түрэмгий тактикаар оролцож "Генерал Армагеддон" хочийг авсан Сергей Суровикин зургадугаар сарын 25-нд баривчлагдсан гэх мэдээлэл байна. Сергей Суровикин нь Герасимовын орлогчоор ажилладаг. "The New York Times" сонинд мэдээлснээр Суровикин "Вагнер"-ын бослогын талаар урьдаас мэдэж байсан бөгөөд Оросын эрх баригчид өдгөө түүний оролцоог шалгаж байгаа аж. Путин түүнд итгэж байгаа эсэхийг асуухад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тодорхой хариулт хэлээгүй. Тэрбээр "Суровикинаас илүүтэй Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга нартай ерөнхийлөгч Путин хамтарч ажиллаж байна" гэж хариулжээ.
"RAND" судалгааны төвийн Оросын армийн мэргэжилтэн Дара Массикот хэлэхдээ "Хэд хоногийн өмнөөс л би ямар нэг таагүй зүйл болоод байгааг мэдэрсэн. Суровикин цол тэмдэгээ зүүхээ больсон байсан" гэв.
Шойгу, Герасимов нарыг Украины дайныг урагшгүй удирдсан гэж Пригожин байнга шүүмжилдэг хэдий ч Суровикиныг байнга магтдаг байв. Герасимовыг томилогдохоос өмнө Украин дахь дайны ерөнхий командлагчаар ажиллаж байсан Суровикиныг барууны цэргийн шинжээчид ч мөн өндрөөр үнэлдэг. Ирээдүйд Батлан хамгаалахын сайдаар ч ажиллах боломжтой хүн гэж зарим нь үздэг. Суровикиныг огцруулах нь "Вагнер"-ын бослогоос ч илүү Оросын армийг тогтворгүйтүүлж болзошгүй аж.
Телеграмд мэдээлснээр цэвэрлэгээ явагдсаар байна. Тодруулбал, Батлан хамгаалах яам хөлсний цэргүүдийн бослогыг дарахад шийдэмгий байж чадаагүй албан тушаалтнуудыг устгахыг оролдож байна. "Вагнер"-ын бослого нь Оросын зэвсэгт хүчинд их хэмжээний цэвэрлэгээ хийх шалтаг болсон гэж "Rybar" телеграмд хуудас мэдээлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ