Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгав.
Уг хуулийн төсөлд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуульд суралцагч нь гурван жил суралцан төгсдөг байх, мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний багтаамж, эрэлттэй уялдуулан сургалтыг илүү уян хатан байдлаар зохион байгуулах, сургалт эхлэх, дуусах хугацааг харилцан адилгүй байх зэрэг олон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгах шатанд УИХ-ын гишүүн Ц.Туваан дараах байр суурь илэрхийлэв.
Тэрбээр “Яам салаалдаг асуудал гарах нь. Хөдөө аж ахуйн институтыг хөдөө аж ахуйн чиглэлийн сургалтын байгууллагад нь биш Боловсролын яаманд байгааг эсэргүүцдэг. Салбар, салбартаа байсан нь зөв. Энийг өөрчлөх гэж оролдоод чадаагүй. Энэнтэй адилхан түр сургалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам руу шилжүүлснээр хоёр эзэнтэй болж, цалгардана. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд байж байгаад Боловсролын яаманд ирээд зүг чигээ олж байгаа юмыг салгамааргүй байна. Салгаад ямар ч үр дүн байхгүй. Х.Булгантуяа сайд аа, танай яаманд ирээд үр дүн гарахгүй. Гүйцээн боловсруулалт дээрээ Л.Энх-Амгалан сайд аа, ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням гишүүн ээ анхаараарай” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Давхар хоёр эзэнтэй болно гэдэг буруу ойлголт шүү. Давхар захирагдах ёсны ойлголтыг уншиж судлаад огтлуулцахгүй бол төрийн удирдлага зөв болохгүй шүү” гэв.
Улмаар энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Мөн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгав. Санал хураалт дуусанаар дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв.
Сануулахад өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг багтсан байсан ч хийсэнгүй. Харин уг төслийг даган өргөн мэдүүлэгдсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.
Малын эмч, зоо техникч эрэлттэй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:
-Төрийн өмчийн их, дээд сургуулиуд санхүүжилтийнхээ 95 хувийг сургалтын төлбөрөөс бүрдүүлдэг. Иймд төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг тогтмол түвшинд байлгах чиглэлээр ямар өөрчлөлт орж байна вэ?
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Манай улсын их, дээд сургуулиуд сүүлийн 30 жилийн хугацаанд зөвхөн оюутны сургалтын төлбөрөөрөө төсвөө бүрдүүлдэг гаж тогтолцоотой явж ирсэн. Тиймээс бид гадаад орнуудын жишигт нийцүүлэн олон эх үүсвэрээс орлого олдог байх боломжийг нээж өгч байгаа.
Өнгөрсөн жилээс эхлэн төрийн өмчийн их, дээд сургуулиудаа сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлж байна. Улс орны өмнө тулгамдаж байгаа суурь судалгааг их, дээд сургуулиуд хийж, амьдралд нэвтрүүлж, инновац болгодог байдлыг нээж өгч байгаа гэсэн үг.
Хувийн цэцэрлэгийн төлбөр өнөөдөр гурван сая төгрөг болчихсон. Энэ мөнгөөр бакалавр, магистрын сургалт олго гэвэл боловсролын чанарын тухай ярих утгагүй болно. Тиймээс ямар мэргэжлийн хөтөлбөрөөр хэдэн төгрөгөөр сурах вэ гэдэг дээр тогтолцоог өөрчилснөөр дээд боловсролын сургалтын тогтолцоо сайжрах юм.
УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:
Дээд боловсролын дипломтой хэрнээ худалдагч хийнэ гэдэг мөрөөдлөөр нь мөнгө хийж байна гэсэн үг. Хүүхдүүдэд ирээдүйтэй баталгаатай боловсрол эзэмшүүлэхэд магадлан итгэмжлэл яаж ажиллах вэ. Яаж өнөөдрийн байдлаас өөр болох вэ
Төрийн өмчийн их дээд сургуулийн захирлаар сонгуульд сайн явсан хүн томилогддог жишиг тогтсон. Сүүлийн 30 жил ингэж явсан. Энэ бол хүүхдүүдийн хувь заяагаар тоглож байгаа асуудал. Их сургууль нь аж үйлдвэржилтийг дэмжсэн тогтолцоог бүрдүүлнэ гэж хуулийн төсөлд зааж. Яаж дэмжих вэ?
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Монголын дээд боловсрол дипломтой ажилгүйчүүдийг бэлтгэдэг тогтолцоотой болсон. Дээд боловсролын тогтолцоо ядуурлыг өдөөдөг болсон байна гэдэг судалгааг Азийн хөгжлийн банк гаргасан. Тийм учраас боловсролын чанарынхаа баталгаажуулалтыг , хөндлөнгийн баталгаажуулалтаар хийлгэнэ.
Одоогийн манай магадлан итгэмжлэлийн тогтолцоо маш марзан. Сайн дураараа сургууль магадлан итгэмжлэгдэнэ. Сургууиас нь мөнгө аваад магадлан итгэмжлэл хийдэг. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг тогтолцоо.
Улс орнуудын дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллага хоёр нь хамтарч ажиллаж, улс орныхоо өмнө тулгамдсан асуудлыг шийдэж урагшилж ирсэн байдаг. Харин манайд эсрэгээрээ дээд боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа нойль, хоёр тусдаа байдаг. Энэ хууль батлагдсанаар их дээд сургууль нь оюутан сургахаас гадна судалгаа шинжилгээг хийдэг, мэдлэгийг инноваци болгодог тогтолцоо бүрдэнэ.
Томилгоотой холбоотой асуудалд ахиц гарч байгаа. . Хуучин сайд төрийн өмчит их, дээд сургуулийн захирлыг томилдог тогтолцоо байсныг Удирдах зөвлөл нь сонгон шалгаруулалтаар захирлаа тодруулж, томилодог байх зохицууллат оруулж өгсөн. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оюутан, багш нарын төлөөллийг оруулах хамгаалалтыг оруулж өгсөн.
Одоо дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж байна. Нийт 36 саналын томъёоллоор санал хураалгах юм.
Санал хураалгах шатанд гишүүд мөн Байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёололтой холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
-Хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжил болох малын эмч, зоо техникч нарын тэтгэврийн нас нь тулаад байгаа ч маш олон хүн нуруун дээрээ үүрч явна. Эдгээр мэргэжлийг эрэлттэй мэргэжилд оруулж өгөөрэй. Хөдөө ажиллах хүн байхгүй болсон. Хуучин хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын 80 хувь нь дунд мэргэжлийнхэн байсан. Цалин багаас залуучууд очиж ажилладаггүй. Түүнээс болж, эдийн засгийн голлох хоёр дахь салбар болох хөдөө аж ахуй ажиллах боловсон хүчингүй болсон. Төрөөс малын эрүүл мэнд, үржил селекцтэй холбоотойгоор олон зөв шийдвэр гарч, ажлууд хийгдэж байна. Гэвч энэ бүхнийг хийхэд мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй. Иймээс эрэлттэй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд салбарын яамнаас онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай.
Дээд боловсролын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхлээд байна
Хуралдааны эхэнд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлага байна. Ийм учраас өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас төслийг буцааж өгнө үү” гэсэн горимын санал гаргасан юм.
Уг төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал тэрүүтэй гишүүд санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн юм байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийлэх үеэрээ “УИХ –аас Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг баталлаа ч Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг батлахгүйгээр реформ хийж чадахгүй. Энэхүү хууль эрх зүйн зохицуулалт санхүүгийн зах зээлийг дэмжих юм. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, хуультай болгох. шимтгэл төлсөн бол хадгаламжийн хүүнээс илүү хуримтлал үүсдэг, тэтгэвэрт гарсныхаа дараа үр шимийг нь хүртдэг байх зорилгоор хууль санаачилсан. Гишүүдийн зүгээс хэд, хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасан учраас дахин Байнгын хороогоор хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байх шиг байна. Гэхдээ Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлогн байнгын хороо хамтдаа хэлэлцэх ёстой шүү” гэсэн юм. Улмаар П.Анужин гишүүний гаргасан горимын саналаар санал хураахад дэмжлэг хүлээж, дээрх төслийг Байнгын хороо руу буцаав.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Аймгийн наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авна
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 7 жилийн хугацаанд 30 гаруй тэрбум төгрөг шаардагдаж буй бөгөөд жил бүрийн улсын төсөвт суулгаж, шийдэж байх зохицуулалтыг тусгаж өглөө.
Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд оллонхи гишүүн дэмжсэнээр "Төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах, улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох, улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах, аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах, мөн хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган авч үзэх зохицуулалт тусгасан юм. Харин Үндэсний их баяр наадмын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор долдугаар сарын 10-ныг бүх нийтийн амралтын өдөр болгохоор заасан юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ. Уг хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна.
УИХ-д өргөн баригдсан цагаасаа хоёр жил орчмын хугацаа болж буй уг төслийг яаралтай батлан гаргах шаардлага байна гэдгийг салбарын сайд нь онцолсон.
УИХ өнгөрсөн долоо хоногт дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд батлах боломж байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх шаардлага үүссэн гэдгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь мэдэгдэж байв. Харин өнгөрсөн Лхагва гаригийн чуулганы хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломж бүрдсэн гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах шатанд Байнгын хороо дэг зөрчсөн нь асуудал үүсгэж, дахин тус хуулийн төсөлтэй холбоотойгоор гарсан саналуудыг нэгбүрчлэн санал хурааж, хуулийн хүрээнд төслийг чуулганы хуралдаанд оруулж ирэх даалгаврыг УИХ –ын дарга Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргад үүрэг болгосон юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ