Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг чуулганаар хэлэлцээд сүйд. Хөтөлбөрийг хэлэлцэж буй тэдний царайг харахад цаанаасаа нэг итгэлгүй. Хөтөлбөрийг хэлэлцсэн чуулганд УИХ-ын 76 гишүүнээс 41 гишүүн оролцож, зүйл, заалт бүрээр нь санал хураахад 21-23 нь дэмжих жишээтэй. Хуруугаа уншуулаад гараад явсан гишүүдийн санал автоматаар татгалзсан тооцдог болохоор яг хэдэн хүн 2030 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийг батлав гэдэг эрхгүй анхаарал татна. Улс орны хөрөнгө, санхүү, хулгайтай тэмцэх нэн чухал асуудлыг парламентын 1/3 л хурууны үзүүрээр шийдэж буйн ердөө нэгхэн жишээ нь энэ.
УИХ-ын дарга Г.Занданшатар харин хээв нэг “Улаанбаатар нэг өдөр босоогүй гэдэгтэй адилхан авлига нэг дор бий болчихсон юм биш” гэж улиг мэт хачин зүйрлэлээ хэлээд “Харин авлигатай тэмцэж байгаа тэмцэл, илрүүлэлт нэмэгдэж байгаа учраас авлигын гэмт хэргийн дуулиан их гарч байгаа учраас үүнтэй УИХ, Засгийн газар, АТГ бүх нийтийн хөдөлгөөн өрнөж, улс төрийн хүсэл зорилгыг илэрхийлж тэмцэл явж байгаа учраас олон жил бугшсан хулгай ил тод болж байгаа шүү дээ” гэж бахархах маягтай хэлээд “Ил тод болохоор хулгай, авлигал нэмэгдсэн юм шиг яриад байдаг. Үнэн хэрэгтээ холбогдох байгууллагын улс төрийн хүсэл сонирхолын илэрхийлэл үр дүн юм шүү. Өмч хувьчлалаас эхлээд ярьвал булхай луйвар их бий” гэв. Авлига эртний, Улаанбаатар зууны түүхтэй байж болно. Гээд өнөөгийнх шиг гаарч, гамшиг болтлоо оршихуйн эсрэг бугшиж байсан нь юу л бол…
Авлига гаарсантай хэн ч санал нийлнэ. Иргэн үүнтэй тэмцэж, ичих нүүртэй, эргэлзэх бодолтой байхыг л тэднээс шаардаад буй. Захын хурган даргыг гэндүүлэхэд тэрбум тэрбумаар яригдах авлигын мөнгө илрүүлж байгаа юм чинь томчууд нь ямар байх нь ойлгомжтой гэж иргэд шогширч буй нь үнэн. Нийгмийг ялзруулж буй энэ мангаатай хийх тэмцэлд эрх баригчид иргэдийн талд байна уу гэвэл мэдээж тийм байх. Гэхдээ сурсан юмыг сураар боож болдоггүй болохоор данхайсан төрийн бүтэц, түүний мэдлийн өмчит компаниуд байгаа нөхцөлд түүнээс шамшигдуулагдсад байсаар байх болно. Гэтэл тохуурхалтай нь аргагүй төрийн өмчит компаниудын сэргэлт ч гэх шиг форум зохион байгуулаад байгаа нь тэднийг ашиг, орлоготой, ард түмэнд өгөөжтэй болгохын тулд алдаа, оноогоо хэлэлцээд байгаа мэт боловч эцсийн зогсоол нь тэрхүү бүтцийг улам л тэлэх тухай яриа байв. Төрийн өмчит үйлдвэрийн газруудаас “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” гэх хоёрхон компани л ашигтай ажиллаж бусад нь алдагдалтай ажилладаг хэрнээ өмч нь өсөөд байгаа үзүүлэлтийг дээрх форумаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө танилцуулсан. Алдагдалтай хэрнээ нийт хөрөнгө нь өсөөд байгаа үзүүлэлт түүний судалгаанд маш тодорхой туссан харагдсан. Энэ нь ард түмэнд нэмэр бус нэрмээс болж, татвар төлөгчдийн мөнгөөр хөрөнгө нь өсч, тэрхүү өсөлтөөр улсаараа өрөнд орж, түүний дарамт нь бүх монголчуудад үнийн өсөлт, инфляци, амьдралын дарамт л болж байна. Тиймээс УИХ үнэхээр Авлигатай тэмцэх хөтөлбөр батлах гээд буй бол хамгийн түрүүнд авлигын үндэс болоод буй төрийн өмч, түүний эрх мэдэл, нөлөөлөл, элдэв зөвшөөрлийг хамгийн түрүүнд үгүй хийх арга замыг тусгах ёстой. Наанаа улсын том үйлдвэр харагдах ч цаашаа маш их өр, алдагдал, ачаа болж буй төрийн өмчтэй дайн зарлаж байж гэмээн авлигатай тэмцэх тэмцэл үр дүнд хүрнэ.
…Гэтэл өнөөдөр УИХ-аар батлах гэж буй Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг яаралтай батлах гээд буйн цаана бас л мөнгө явж байх жишээтэй. Энэхүү хөтөлбөрөөс үүдэх УИХ-ын тогтоолын төслийг нь харвал энэ нь бүр тодорхой болно. Тогтоолын төслийн 2.-т “Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг жил бүрийн хөгжлийн төлөвлөгөөнд тусган ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Авлигатай тэмцэх газар /З.Дашдаваа/-т тус тус даалгасугай” гэснийг харахад л яг авлигатай тэмцэх гээд байна уу эсвэл түүнтэй тэмцэх нэрээр засаг захиргааны бүх нэгжийн төсвөөс мөнгө “цохих” гээд байна уу гэж эрхгүй эргэлзмээр… Ерөнхий сайдад "Бид авлигатай тэмцэж илрүүлээд байхад шүүх хэрэгсэхгүй болгоод байна" гэдэг үг бэлэн яваа л даа. Шүүхээр нотлогдоогүй байхад дүгнэлт гаргаж, олон нийтээр яллуулахаар зааж өгч, өөрсдийнхөө хүссэнээр сонсгол хийж, гэм буруутай нь шүүхээр тогдоогүй байхад "гэмтэн" гэж хашгирсан улстөрч хүнд бол ингэж хэлэх амархан. Харин шүүх ямар нотлох баримтад үндэслэн хэнийг цагаатгаж, хэнийг яллав гээд харвал амаргүй болов уу? Нэг зүйл амархан уншигдаад буй нь гүйцэтгэх засаглал шүүх засаглал руу давтамжтайгаар дайрч буй. Гүйцэтгэх засаглал нь хууль тогтоогчдоо хүссэнээрээ хөдөлгөх хүчтэй, нэг нам дангаар ноёрхсон энэ үед шүүхийн эрх мэдэл рүү хуулиар халдахыг л санаархал яваад байна.
Авлигатай хийх тэмцэл сайн явж байна гэж өөрсдөдөө үнэлэлт, дүгнэлт өгөөд байгаа ч өнөөдрийн үйл явдлуудыг харж суухад өөрсдийнхнөө хамгаалаад, өрсөлдөгчдөө намдаад байгаа өчүүхэн тоглолт болоод байна.
Нэг нь учиргүй авлигатай тэмцэгч болж жүжиглэдэг хэр нь түүнийхээ эсрэг гаргаж буй бодлого шийдвэрээрээ эсрэг зогсдог. Нөгөө нь, тэрийг нь харсаар, амьдралд нь нөлөөлсөөр байгааг мэдсээр байж мэдэхгүй юм шиг царайлдаг. Өнөөгийн бидний байгаа царай, тэдний бидэнд таацуулж буй цараа нь энэ.
Мөн чанартаа Ерөнхий сайд болохоосоо өмнө хэлж байсан шигээ Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчдийг 30 хувиар цөөлсөн бол бодит амьдрал дээр авлигатай хийх тэмцэлд том цохилт болох байлаа. Л.Оюун-Эрдэнэ яагаад хэлсэн шигээ хийхгүй байна вэ гэвэл төрийн албаны 30 хувийг цомхотголд оруулахад намын гишүүдийнхээ түүнээс илүү хувийг алдах болохоор тэр. Ямар ч гоё нэртэй, мөнгөн дүнтэй бодлогоос илүү ашигтайгаар үр дүнтэй ийм арга замыг сонгохгүй байгаа нь энэ засгийн газрын царай, үнэн хэрэгтээ өөрсдөө төрөө маш их хамааралтай гэдгийн нотолгоо болоод байна. Гэхдээ энэ бол түүний, МАН-ын асуудал болохоос Монголынх биш. Монголын эрх ашиг, хөгжил, иргэдийнхээ төлөө үнэхээр зорьж байгаа л бол эрсдэлтэй ч энэ алхамыг хийх нь байсан. Энэ мэтээс харахад түүний аль талд зогсч байгаа нь илүү тод харагдах болов уу?
Холбоотой мэдээ