АНУ цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцоо Өмнөд Солонгос руу ойрын ирээдүйд илгээх гэж байна. Энэ нь сүүлийн хэдэн арван жилд анх удаа тохиож буй илгээлт юм. Цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцоо илгээснээр АНУ холбоотноо хамгаалах амлалтаа дахин харуулах болно гэж албаны хүн Пүрэв гаригт мэдэгдэв.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч, дэслэгч генерал Скотт Л.Плейс Сөүлд болсон форумын үеэр ийн мэдэгджээ. "Ойрын ирээдүйд цөмийн эрчим хүчээр ажилладаг баллистик пуужингийн шумбагч онгоцыг боомтод илгээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний амлалтаа АНУ дахин харуулах болно" гэж тэр хэллээ.
Вашингтонд дөрөвдүгээр сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Юн Сук Ёл, Жо Байден нарын гаргасан тунхаглалд АНУ цөмийн зэвсэгтэй баллистик пуужингийн шумбагч онгоцыг Өмнөд Солонгос руу илгээхээр амласан билээ. Энэ хүрээнд зургадугаар сарын 16-нд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цөмийн хөдөлгүүрт удирдлагатай пуужингийн шумбагч онгоц "USS Michigan" Сөүлээс зүүн өмнө зүгт 320 км-ийн зайд орших Пусан дахь тэнгисийн цэргийн гол баазад очсон. Энэ нь урьдчилан сэргийлэх, тайвшруулах гэсэн хоёр зорилготой аж.
Дашрамд дурдахад, Пёньяны зүгээс урьд өмнө байгаагүй олон тооны пуужин харвасан нь өдөөн хатгалгаас өөр зүйл биш гэж АНУ үзэж байна.
Сөүл, Вашингтон хоёр үндсэн эвслийн баримт бичиг болох харилцан батлан хамгаалах гэрээнд гурван сарын өмнө гарын үсэг зуржээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ