Авлига,  албан тушаалын хэргийг шүүхээр нээлттэй шүүдэг болъё!

Хуучирсан мэдээ: 2023.06.29-нд нийтлэгдсэн

Авлига,  албан тушаалын хэргийг шүүхээр нээлттэй шүүдэг болъё!

Авлига,  албан тушаалын хэргийг шүүхээр нээлттэй шүүдэг болъё!

Хөгжлийн банкны гэх тодотголтой улстөрчид, бизнесмэнүүд нэр холбогдсон эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн хоёр сар шахамын хугацаанд үргэлжилж, саяхан шийдвэрээ гаргаснаар буруугүй нь цагаадаж, буруутай нь ял сонсохоор болов.

Нийт 80 иргэн, дөрвөн хуулийн этгээд холбогдсон энэ том хэргийг шүүхээр хэлэлцэх шатанд хийдэл гарч, хэн нэг нь ял завшчихвий, хэн нэг нь хэлмэгдчихвий гэх хардлага нэлээд байсан ч шийдвэр ханатай гарч, шүүх засаглал өнгөрсөн хугацаанд эрх баригчдын “зүхсэн” шиг бусдаас хараат болчихоогүйг, бас бусдад барьцаалагдчихаагүйг нийтээрээ харлаа.

Тухайлбал, энэхүү шүүх хурал олон нийтэд нээлттэй болсноор Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар “идээгүй”-г, харин ажил хийх гэж шийдвэр гаргасныхаа төлөө яллагдагчаар татагдан шүүгджээ гэдгийг хэн хүнгүй ойлгосон болов уу.

Хамгийн гол нь энэ үйл явдлаас авах сургамж нь шүүх хурал болохоос өмнө бусдыг шүүж, яллаж буруутгадаг байдлаа зогсоохгүй бол жинхэнэ хэлмэгдэл болох нь гэдгийг нийтээрээ анзаарсан болов уу.

Жишээ татвал, өнгөрсөн өвөл УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан Хөгжлийн банкны нээлттэй сонсголоор маш олон бизнес эрхлэгчдийг “ялласан. Тэр дотор  өнөөх муу нэр луу данстай Ардчилсан намынхан мөн багтсан. Түүнчлэн “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы арилжааны банкнаас авсан зээлийг хүртэл Хөгжлийн банкнаас авсан зээл болгон, сэвж, олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн. Зарим ажигч нэгэн “Хөгжлийн банкны шүүх хуралд яагаад Б.Жаргалсайхан оролцохгүй байна вэ. Тэр шүүгдэх ёстой биздээ” гэж хайх билээ. Хөгжлийн банкнаас зээл аваагүй хүнийг зээл авсан гэж тэрхүү нээлттэй сонсголоор Б.Энхбаяр гишүүн гүтгэснээр олон нийт ташаа ойлголттой л болсон. Ард түмний мэдэх эрхийг хангаж, дуулиан тарьж буй асуудлаар УИХ-аас нээлттэй сонсгол хийх нь зөв ч маш зөв мэдээлэл, нотлох баримтад тулгуурлаж, хийхгүй бол олон гэмгүй хүмүүсийг хулгайч болгож, ялласныг эрх биш эрх баригчид ч өөрсдөө Хөгжлийн банкны шүүх хурлыг үзэж сонсоод анзаарсан бизээ.

Иймээс буруугүй хүмүүсийг буруутан болгож ялладаг энэ мэт алдааг дахин гаргахгүйн төлөө хаа, хаанаа асуудалд нухацтай хандах цаг нэгэнт болжээ.

Нөгөөтэйгүүр, албан тушаалтнууд холбогдсон хэргүүдийн шүүх хурлыг Хөгжлийн банкны шүүх хурал шиг нээлттэй зохион байгуулдаг болъё. Энэ бол маш зөв жишиг. Тэрийгээ ялаас мулталчихав уу, энийгээ ялаас хөнгөлчихөв үү гэж хардах сэрдэх ч зүйлгүй.

Одоо нийгэмд асуудал дагуулж буй нүүрсний хулгайн хэргээс эхлээд тусгай сангуудтай холбоотой маш олон хэргүүд Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй. Энэ бүх хэргийн шүүх хурлыг нээлттэй хийхэд л анхаарал хандуулцгаая.

Хууль зөрчсөн албан тушаалтнууд нь ялаа авдаг, зөрчөөгүй нь цагааддаг л байх ёстой. Түүнээс энэ ардаа том хамгаалалттай, намтай, танилтай талтай гэдэг хардлага сэрдлэгээр шүүх хуралдааныг явуулдаг байдлыг халъя.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж