"Үндсэн хуулийг тунхаг болгочихгүй байх баталгаа нь Цэц"

"Үндсэн хуулийг тунхаг болгочихгүй байх баталгаа нь Цэц"

"Үндсэн хуулийг тунхаг болгочихгүй байх баталгаа нь Цэц"

Хууль зүйн үндэсний хүрээлэн, Олон улсын Улаанбаатар их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн болон БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэн хамтран  “Зүүн хойд Ази дахь Үндсэн хуулийн шүүх:Солонгос ба Монгол” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Тус хуралд оролцсон зарим эрдэмтдийн байр суурийг хүргэе.


О.Мөнхсайхан:Хуульд өөрчлөлт оруулснаар Цэцтэй холбоотой олон асуудлууд шийдэгдэнэ

-МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан: Монгол Улсын их сургууль дээр Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн 2021 онд байгуулсан. Энэ хүрээлэн ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулж Үндсэн хуулийн үзэл санааг судлах, таньж мэдэх, хөгжүүлэх, үнэт зүйлсийг нь олон нийтэд таниулах зорилгоор байгуулагдсан цагаасаа хоёр жил орчим ажиллаж байна. Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс УИХ дээр ажлын хэсэг нь байгуулагдан ажиллаж байгаа Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуульд Цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийн ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх үүднээс өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хурал, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн Венецийн комиссын тайлангуудыг орчуулж гаргаж байна. Энэ чухал ажлынхаа хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Улаанбаатар их сургуулийн Солонгосын болон Монголын эрхзүйн судалгааны хүрээлэн, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнтэй хамтарч олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Хурлын хүрээнд хоёр орны  Үндсэн хуулийн шүүхүүдийн хоорондын онцлог, ялгааг харилцан ярилцахын зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн тухай хууль тогтоомжийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх байдлаар энэ арга хэмжээг явуулж, БНСУ-ын талаас гурав, Монгол талаас дөрвөн илтэл явуулж байна. Монгол Улсад 1992 онд батлагдсан Үндсэн хууль  зүгээр нэг тунхаг төдий зүйл биш. Энэ бол баталгаатай, бодитой, амьдралд хэрэгждэг хууль. Хуулийг бодитой хэрэгжих баталгааг нь хангадаг Үндсэн хуулийн шүүхийг Үндсэн хуулийн Цэц нэртэй одоогоос 31 жилийн өмнө байгуулсан. Үндсэн хуулийн Цэц энэ хугацаанд Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болгох үүргээ гүйцэтгэж ирсэн чухал институт юм. Гэхдээ 1992 онд Үндсэн хуулийн Цэцийн хуулийг хэлэлцэж Улсын бага хурлаар баталсан. Тийм учраас Үндсэн хуулийн Цэцийн өөрийнх нь ажиллах эрх зүйн орчныг сайжруулах, тэр дундаа Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд тавих шаардлагыг тодруулах, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг санал болгох, томилох журмыг боловсронгуй болгох, иргэний үндсэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд өргөдөл, гомдлыг нь хүлээн авах, Үндсэн хуулийн Цэц маргаанаа хараат бус, шударга, шуурхай, үр нөлөөтэй хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага нэгэнт үүссэн. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэцийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг хэд хэдэн удаа байгуулагдсан. Ингээд 2021 онд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын ахалсан ажлын хэсэг байгуулагдаж өмнө нь гарч байсан төслүүдийг нэгтгэж, Хууль зүй дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн Цэц, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн гэх мэт олон байгууллагын төлөөллүүд ороод ажиллаж  байна. Энэ хүрээнд төслөө нэлээд сайн чамбайруулж, боловсронгуй болгоод байна. Хэрэв уг хуулийн төслүүд цаашид батлагдах юм бол Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой тулгарч байгаа олон асуудлууд шийдэгдэнэ гэж судлаач бид харж байна.

И Хон Хван: Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг олон шалгуур үзүүлэлтээр сонгодог

БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор И Хон Хван: Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулах гэж байгаа юм байна гэж ойлголоо. БНСУ-ын хувьд Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо тодорхой хөгжлийнхөө явцад өөрчлөлт орчихсон. Түүнчлэн манай улсын Үндсэн хуулийн шүүх дэргэдээ судалгааны хүрээлэнтэй байдаг. Тус хүрээлэн 13 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Үндсэн хуулийн шүүх тус хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны үр дүнд дэмжлэг болж явдаг. Тиймээс энэ туршлагаараа дамжуулж Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхийн тогтолцооны өөрчлөлтөд бидний зүгээс ямар хувь нэмэр оруулах боломжтой байна тэр бүх боломж бололцоог олгосон хэлэлцүүлэг зохион байгуулсанд баяртай байна. Цаашид ч Монгол, Солонгосын судалгааны хүрээлэнгүүд хамтарч Үндсэн хуулийн шүүхийн тогтолцооны хөгжилд хувь нэмэр оруулах олон олон үйл ажиллагаа зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол маш өргөн хүрээтэй асуудал байна. Үүнийг тодорхой тайлбарлахын тулд олон зүйл тайлбарлах шаардлагатай болно. Ерөнхийд нь хэлэх юм бол Үндсэн хуулийн шүүх гэдэг бол Үндсэн хууль биелж байгаа эсэхийг шүүдэг байгууллага. Тийм учраас жирийн иргэдээс авхуулаад төр өөрөө Үндсэн хуулиа хэрхэн дагаж мөрдөж байна вэ гэдгийг шүүдэг. Төр, иргэн хэн хэнийх нь эрхийг хангадаг тогтолцоотой. Үндсэн хуулийн шүүхэд ажиллаж байгаа хүн нэг бүр Үндсэн хуулиа дээдлэх, дагаж мөрдөхөөс гадна бүх нийтээрээ Үндсэн хуулиа дээдэлдэг байх нь чухал. Хуульд миний эрх, нөгөө хүний эрхээр хэмжигддэг гэдэгтэй агаар нэг буюу жирийн иргэдээс улсын Ерөнхийлөгч хүртэл Үндсэн хуулиа дээдэлдэг сэтгэл зүрх, тогтолцоотой байж Үндсэн хуулиа дархлаа, нэр хүндийн асуудал яригддаг. Түүнчлэн манай улсад Үндсэн хуулийн цэцийн гишүүн байна гэдэг асар өндөр үүрэг, хариуцлага, нэр хүндэд тооцогддог. Учир нь улсын Ерөнхийлөгч, прокурор, цагдаад хүртэл арга хэмжээ авч болох өндөр эрх мэдлийг агуулж байдаг ажил учраас асар өндөр хариуцлага, ёс зүй шаарддаг. Тийм учраас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг олон шалгуур үзүүлэлтээр сонгодог. Ёс зүй болоод хувь хүн, хууль зүйн салбарт ажилласан туршлагын хувьд олон олон шалгуурыг давж сонгогддог. Өнөөдрийг хүртэл БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн гишүүн ямар нэгэн байдлаар хууль зөрчих, ёс зүйн алдаа гаргаж хариуцлага хүлээсэн тохиолдол байхгүй байна. Цаашид ч гарахгүй гэдэгт итгэлтэй байна.  Бид ёс зүйн хувьд болоод мэдлэг чадварын хувьд ямар нэгэн байдлаар алдаа гаргах боломжгүй хүнийг сонгож, томилох үүрэгтэй. Тийм учраас өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар алдаа гаргасан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гараагүй байна. Хэрэв ямар нэгэн байдлаар алдаа дутагдал гаргах юм бол хүлээх хуулийн хариуцлага өндөр байдаг.

А.Бямбажаргал: Үндсэн хуулийг хий хоосон тунхаг болгочихгүй байх баталгаа нь Цэц байдаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Хууль зүйн доктор А.Бямбажаргал:

БНСУ-ын хувьд Ардчилсан Үндсэн хуулиа 1987 онд баталж 1988 онд Үндсэн хуулийн шүүхээ байгуулсан түүхтэй. Тус улсын Үндсэн хуулийн шүүх нь Азид төдийгүй дэлхийд Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг гэдгээрээ загвар болж байгаа улс. Тийм учраас Монгол, Солонгос хоёр орны Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг институцуудын тулгамдаж байгаа асуудлууд болоод нийтлэг сорилтуудын талаар ярилцлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг Үндсэн хуульд орж байгаа зүйл боловч Үндсэн хуулийг бодитойгоор хэрэгжүүлдэг гол үндсэн түлхүүр нь Үндсэн хуулийн хяналт байдаг. Үндсэн хуулийг бодитойгоор хэрэгжүүлэх арга механизм нь Үндсэн хуулийн хяналтаар дамжиж бий болдог. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг хий хоосон тунхаг болгочихгүй байх баталгаа нь өөрөө хяналтын байгууллага болж байдаг. Дэлхий дахинд ийм хяналтын байгууллага бий болоод төдийлөн удаагүй байна. Шинэ тутам асуудал. Монгол Улсад ердөө л 30 жил болж байна. Ингээд харахаар анхны Үндсэн хууль батлагдсанаас хойш 100 жил болох гэж байхад ердөө л 30 жил энэ сэдвийн талаар ярьж байна. Энэ эргээд юутай холбогдож байна гэхээр Үндсэн хууль тогтвортой, Үндсэн хуулийн утга агуулга дэлгэрч, иргэд Үндсэн хуулийнхаа мөн чанарыг таньж, цаашлаад үндсэн эрхээ эдлэх боломжийг Үндсэн хуулийн хяналтын байгууллага хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд Үндсэн хуулийн Цэц энэ үүргийг гүйцэтгэдэг. БНСУ-ын эрдэмтдийн үзэж байгаагаар Үндсэн хууль бодитой хэрэгжиж байгаагийн хамгийн том баталгаа нь Үндсэн хуулийн шүүхийг байгуулсан явдал гэж үздэг. Манайх ч бас ялгаагүй ингэж үздэг. Тэр үүднээсээ Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж байгаа Үндсэн хуулийн Цэцийг бэхжүүлэх, чадавхижуулах, цаашлаад хууль тогтоомжийг нь боловсронгуй болгохыг зорьж байгаа нь Үндсэн хуульт ёсоо бэхжүүлж байгаа хэрэг. Үндсэн хуулийн Цэцийн нэр хүндтэй холбоотой олон асуудал, маргаан гардаг шалтгаан нь хууль тогтоомжтой холбоотой. Одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчны хувьд 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа хамгийн анх батлагдсан хууль нь Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль байдаг. Өөрөөр хэлбэл, шинэ тогтолцоонд шилжээд хэдхэн сарын дотор баталсан хууль. Хамгийн сонирхолтой нь 1992 оны Их цаазын төсөл өргөн баригдах явцад энэ институцын талаар ойлголт байгаагүй. Тусгагдаагүй байж байгаад явцад нь орж ирсэн. Цаг хугацааны хувьд энэ институцыг бүрэн таньж, мэдэх хугацаа гараагүй юм шиг байгаа юм. Энэ хуульд өөрчлөлт оруулаагүй 30 жил болчихсон болохоор хуулийн процесс нь элдэв асуудалд өртөх боломжийг олгоод байгаа юм. Тиймээс цаашид дэлхийн улс орнуудын нийтлэг чиг хандлага, түгээмэл, зарчимд нийцүүлж өөрчлөх хэрэгцээ шаардлага бодитой бий. Хувь хүмүүсийн гэхээс илүү хууль тогтоомжийн боломж нь тийм учраас энэ нөхцөлийг үүсгээд байна. Үндсэн хуулийг бодитойр хэрэгжүүлэхгүй бол хэвлээд тавьсан цааснаасаа ч үнэ цэнгүй гэсэн зүйрлэл байдаг. Үүний дагуу Үндсэн хуулийн хяналт бол түүнийг хэрэгжүүлэх механизм. Энэ механизм хэр үр дүнтэй ажиллаж байгаагаас хамаарч Үндсэн хуулийн утга агуулга тэр чинээгээр тайлбарлагдаж, ойлгогддог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-29 213.87.146.82

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-29 64.119.18.149

энэ мөнхсайхан утсаа авдаггүй шог гар

Avatar

зочин 2023-06-29 103.57.92.194

Үндсэн хуулийн баталгаа нь цэц бус харин цэцийн баталгаа нь Үндсэн хууль юм биш үү?

Avatar

Зочин 2023-06-29 103.10.22.165

Цэц бол МАН ын оймс

Avatar

Нэргүй 2023-06-29 202.131.225.197

nam bolgonii oims

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж