Монголын морин спорт уяачдын холбооны Их Хурд-9 уралдааны шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тодруулбал, ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/17 дугаар тогтоолоор Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан 2022 оны 07 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хаан хотод амжилттай зохион байгуулагдсан билээ.
Энэхүү Их хурд-9 уралдааны азарга насны хурдан морины уралдаанд аман хүзүүнд хурдалсан хээр зүсмийн азарганы эзэн МУМУяач Б.Нямжавын зүгээс “ММСУХ-ноос томилогдсон “Их хурд-9” наадмын хурдан морины уралдаан зохион байгуулах комиссын 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийн “Их хурд-9” наадмын азарганы уралдаанд П.Батсайханы хүрэн халзан азарга түрүүлсэнд тооцсон” агуулгатай хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрт” хандан гаргасан билээ. Үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр арбитрын шүүх хуралдаан болсон бөгөөд “Монголын олон улсын ба үндэсний спортын арбиртр-аас маргаан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох шийдвэрийг гаргасан.
Тодруубал ММСУХ-ны Их хурд-9 наадмын хурдан морины уралдааны зохион байгуулах комиссын шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Арбитрын шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.
Дэлгэр сайхан зун цаг болж, эрдэм чадалтай уяачид маань хурдан хурц хүлэг морьдоо сойж, удахгүй улсын их баяр наадамд болох гэж байнаа. Уясан хүлэг морьд нь эрээн асрын өмнө олонтоо цоллуулж, унасан хүүхэд нь цовоо байж, уяачид морьны их зүтгэлтнүүд та бүхэн минь эвтэй байж сайхан наадаарай.
ММСУХ-ны хуульч, өмгөөлөгч Э.Ганхөлөг
Холбоотой мэдээ