“Төв банк гуйж гувшиж байгаад ч болов гадаадын банк оруулж ирвэл банк санхүүгийн салбарт өрсөлдөөн бий болж, зээлийн олдоц нэмэгдэн, хүү буурна” гэсэн мэдэгдлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад буй.
Гэхдээ УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталсан ч өнөөдрийг хүртэл гадаадын хөрөнгө оруулалттай нэг ч банк Монголд орж ирээгүй байна.
Тодруулж хэлбэл, хууль эрх зүйн орчныг бий болгоод зургаан сар болоход нэг ч гадаадын хөрөнгө оруулалттай банк Монголд салбараа нээх сонирхол илэрхийлээгүй нь асуудал байна гэж оношилж болох аж.
Уг нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдахаас өмнө Монголд таван ч гадаадын банкны төлөөлөгчийн газар байжээ. Харин өнөөдөр хоёр нь л үлдсэн. Төв банкны мэдээлэлд дурдсанаар Монголд гүрийж үлдсэн хоёр банкны төлөөлөгчийн газар нь БНХАУ-ынх буюу Bank of China, ICBC аж. Өөрөөр хэлбэл, гуравдагч хөршийн буюу Япон зэрэг орны хөрөнгө оруулалттай төлөөлөгчийн газар ажиллаж байсан нь нутаг буцжээ.
Уг нь Монголбанкны удирдлагууд гадаад улсуудын Төв банк, Банкны холбооны төлөөлөлтэй нь уулзах бүрийдээ “Танай улс арилжааны банкны салбараа Монголд нээвэл дэмжиж ажиллахад бэлэн. Эрх зүйн орчин нээлттэй” гэдгээ илэрхийлж, гадаадын хөрөнгө оруулалттай банк татахыг чармайж ирсэн ч ажил хэрэг болоогүй байгаа юм.
Эдийн засагчдын хувьд Монголд гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирэхгүй байгаа шалтгааныг дараах хүчин зүйлтэй холбон тайлбарлаж буй. Үүнд, Монгол Улс жижиг зах зээлтэй. Тодруулбал, хүн ам нь 3.6 сая орчим. АНУ, БНСУ, Япон зэрэг орнуудтай харьцуулахад Монгол Улсын хүн ам нэг хотынх нь хүн амаас ч хэд дахин бага байгаа нь хэрэглэгч цөөнийг харуулдаг.
Хоёрт, эдийн засаг нь дан ганц уул уурхайгаас хамааралтай. Нефть, эрчим хүчний хэрэглээ нь ОХУ-аас хараат бол нүүрсний экспорт нь Хятад улсаас хамаардаг. Энэ нь гадаад зах зээлээс хамаарч инфляци өндөр хувиар импотлогдон орж ирэх шалтгаан болдог. Дотооддоо мөн инфляци үйлдвэрлэдэг.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд инфляци 11.3 хувьтай гарсан юм. Үүнд махны үнэ хамгийн өндөр хувь эзэлсний зэрэгцээ импортын барааны үнэ буурахгүй байгаа нь мөн нөлөө үзүүлсэн. Энэ нь зөвхөн өнөө жил гарч байгаа хүндрэл бус, сүүлийн 30 жил явж ирсэн үзэгдэл. Дээр нь геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж, гадаад зах зээлээс үүдэлтэй савлагаа их орж ирэх болсон.
Инфляци өндөр байхад Монголбанк бодлогын хүүг хүчээр бууруулах боломжгүй. Одоогоор төв банкны бодлогын хүү 13 хувьтай байгаа. Бодлогын хүү өндөр байх тусам зээлийн хүүг бууруулахад хүндрэл учирна. Учир нь, төв банкны мөнгөний бодлогын хүү нь банкны хадгаламж болон зээлийн хүүд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, бодлогын хүү нь инфляцын хөөрөгдлийг бууруулах, эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхэд чиглэгддэг нэг хэрэгсэл гэж хэлж болно. Энэ нь инфляци хоёр оронтой тоонд эргэлдэж, цаашдаа ч өсөх хандлагатай байгаа нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалттай банк Монголд салбараа нээлээ ч шууд зээлийн хүү буурна гэж ойлгох нь өрөөсгөл аж. Харин зээлийн олдоц нэмэгдэнэ. Эдийн засгийн хөгжлийн сайд эл асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж буй. Гэвч сонгууль дөхсөн нь банкны зээлийн хүүгийн асуудлаар популизм хийхэд хүргээгүй байгаасай гэх болгоомжлол төрүүлж байгаа юм.
Албан мэдээгээр Монголд өнөөдөр арилжааны банк 12, банк бус санхүүгийн байгууллага 535, хадгаламж зээлийн хоршоо 290, ломбард 1000 гаруй байна. Эдгээрээс системийн хэмжээнд нөлөө үзүүлэхүйц таван банк байгаагаас дөрөвд нь гадаадын хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр бий гэх мэдээлэл бий.
Эрх баригчдын хувьд эдийн засгийн орчноо сайжруулах зорилгоор банкуудад төвлөрч буй их эрх мэдлийг задлах зорилгоор хуулиар шахалт хийж, олон нийтийн хяналттай болгох зорилгоор хувьцаа гаргах үүрэг хүлээлгэсэн. Энэ ажлыг системд нөлөө бүхий таван банк 2023 оны хагас жилд багтаан, амжилттай гүйцэтгэсэн. Одоо нэг том ажил хүлээгдэж буй нь Банкны тухай хуульд заасны дагуу “нэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн банкны хувьцааны эзэмших хувь 20-иос дээш байх ёсгүй” гэсэн заалтыг хувьцаа гаргасан таван нэр бүхий банкаас гурав нь биелүүлэх ёстой. Гэхдээ энэхүү заалтыг биелүүллээ ч банкны зээлийн хүү буурахад даацтай нөлөөлөхгүй гэж эдийн засагчид үзэж буй.
Иймээс банкны зээлийн хүүг бууруулъя гэвэл тогтвортой эрх зүйн орчин чухлын зэрэгцээ томоохон төслийг хөдөлгөх шаардлагатай аж. Жишээ татвал, Оюутолгой төсөл шиг хоёр том төслийг хөдөлгөж чадвал гадаадын хөрөнгө оруулалттай банкууд Монголд орж ирэх сонирхол бүрдэх нь. Гадаадын хөрөнгө оруулалттай банкийг Монголд оруулж ирэх даалгаврыг Засгийн газраас төв банкинд өгөх нь зөв ч гол нь суурь бүрдэхгүйгээр сонирхлыг нь татахгүй нь.
Г.ХОРОЛ