"Шүүх шинжилгээний газрын дарга Г.Дагиймааг бид хардаж байна"

Хуучирсан мэдээ: 2023.06.29-нд нийтлэгдсэн

"Шүүх шинжилгээний газрын дарга Г.Дагиймааг бид хардаж байна"

"Шүүх шинжилгээний газрын дарга Г.Дагиймааг бид хардаж байна"

Албан ажлаар явж байх үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалд харамсалтайгаар амь насаа алдсан Анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэгтэй ярилцлаа.

-Хэрэг гарснаас хойш жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд шинжээчид болон хуулийн байгууллагынхан хэрхэн ажиллаж байна вэ?

-Анхны шинжээчийн 58 тоот дүгнэлтээр миний нөхрийг өндрөөс унаж нас барсан гэсэн. Хэрэв толгойгоор унасан бол хүзүү, сээр, нугламын булчинг чөлөөлж хугарал гэмтэл байна уу, үгүй гэдгийг заавал тогтоох ёстой. Гэтэл түүнийг тогтоогоогүй. Хоёрдугаарт, бид талийгаачийн цогцсыг очоод харахад хүзүү нь эрээн алаг болчихсон, хөндлөн шууд ормууд гарч, хойш гэдийсэн байрлалтай байсан. Уг нь бол нөхөр минь доош хараад уначихсан байсан шүү дээ. Тийм байтал толгой нь хойш болж, баруун гар нь гэдийчихсэн байсан. Ямар сайндаа л шинжээчээс нь нөхөр минь доош хараад унасан байрлалтай байсан биз дээ? гэдгийг лавлахад "тийм" гэж хэлсэн. Тухайн үеийн хөшилт маш сонин. Мөн хоолойд нь механик амьсгал боолтын үед илэрдэг хөндлөн ормууд үүссэн. Би өөрөө эмч болохоор үүнийг мэдээд байгаа. Энэ нь анхны шинжээчийн дүгнэлтээр гараагүй, хоёр дахь удаагийнхаар илэрсэн. Эхний дүгнэлтээр бамбай буюу улаан хоолойд нь цус хуралт үүссэн гарсан. Цус хуралт хүнийг амьд байх үед л үүсэх боломжтой. Нас барсан үед цусны эргэлт зогсох учир үүсэх боломжгүй. Тэгэхээр энэ бүхэн гадны нөлөөтэй байж болзошгүй гэдгийг илтгэж байна.

Эхний удаагийн шинжээч юуг орхигдуулсан байна вэ? гэхээр механик бүтэлтэд орсон эсэхийг нүдний алим, зовхины салстаар шалгах хэрэгтэй. Хэрэв амьсгал бүтэлтэд орсон бол тэр хэсгүүдэд мөн цус хуралт үүснэ. Энэ бүхнийг шинжээч шалгаагүй. Өөрөөр хэлбэл үзэх, шалгах, нягтлах зүйлсийг шинжээч санаатай эсвэл санамсаргүйгээр орхигдуулсан. Анхнаасаа өндрөөс унасан гэдэг дүгнэлтийг л барьж байсан нь анхаарал татаж байгаа.

Эдгээрээс гадна нөхрийн минь биед олон тооны зулгаралт үүссэн. Хамгийн сонин зүйл нь цээжин тус газраа зууван хэлбэр бүхий урагдаж, арьс нь зулгарсан байсан. Яг тэр хэсгээр өмсч явсан подволк нь 9-10 см хэмжээтэй хөндлөн урагдалтай. Энэ бүхэн дээр яагаад гэж асуухад өндрөөс унасан болохоор л гэдэг хариулт өгдөг. Шинжээч яаж харсан юм шиг хариулж, асуусан бүхэнд шууд бэлэн хариулт өгөөд байсныг ойлгохгүй байна. Өндрөөс унасан гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй тухайн хэрэг гарсан өдрөө л ийм хариулт хэлж байсан нь сонин.

Би өөрөө эмч хүн. Эмчээр суралцаж байгаа хүн бүр задланд ордог, шүүх эмнэлгийн эмгэг судлалын хичээлд суудаг. Бид хүүрийн толбо, хөшилт яаж үүсдэг гэдгийг мэдэж байгаа.

Гэтэл анхны шинжээч талийгаачийн биед үүссэн бүх зулгаралтыг өндрөөс унахад нэг цаг хугацаанд үүссэн гэж байгаа юм. Жирийн хүн сонсоход ч итгэхээргүй зүйлийг шинжээч хээв нэг хариулж байгаа юм. Нөхөр минь унасан гэх газарт ямар ч чулуу, хад байгаагүй. Уг нь бол хатуу турбагаар цохиход зулайн орой хэсэгт нөхөрт минь үүссэн байсан шарх үүсэх боломжтой. Гэтэл энэ бүхнийг шинжээч шууд л дүгнэчихсэн.

НӨХРИЙН МИНЬ ШАРИЛЫГ БИДЭНД ХЭЛЭХГҮЙГЭЭР НУУЦААР УХАЖ ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН

-Хоёр дахь удаагийн шинжээчийн дүгнэлт хэзээ гарсан бэ. Тухайн үед шинжилгээг хийхдээ хууль зөрчсөн гэсэн үү?

-Хэрэг хотод шилжиж ирсэн даруйд бид өнгөрсөн жил цаг агаар хүйтрэхээс өмнө, мөн талийгаачийн биед үүссэн ул мөр устахаас өмнө дахин яаралтай шинжээч томилж шинжилгээ хийж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл дөрвөн сарын дараа шинжилгээ хийсэн байдаг. Ингэхдээ нөхрийн минь шарилыг бидэнд хэлэхгүйгээр нууцаар ухаж, гаргаж ирж шинжилгээ хийсэн. Экскаватороор шарилыг ухаж авахдаа үм цүм авч алтан хайрцгийг нь эвдэлсэн байсан.

Харанхуй шөнөөр ар гэрийнхэнд нь хэлэхгүйгээр шинжилгээ хийх нэрийдлээр талийгаачийн цогцсыг гаргасан нь сонин. Буцааж хийхдээ эвдэлсэн хэсгээ янзлахгүйгээр хийсэн нь бүр ч нүд хальтрам. Ар гэрийнхэн нь хүндэтгэлтэйгээр өдөр судар харж байж оршуулсан байхад бидэнд хэлэхгүйгээр оршуулгыг ухсан нь маш ноцтой асуудал.

Анэ асуудлаар бид гомдол гаргахад Цагдаагийн ерөнхий газар тус үйлдлийг хуулийн дагуу болсон гэсэн бол Прокуророос хууль зөрчсөн гэх хариулт өгсөн. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд тухайн хэрэг дээр ажиллаж байсан хүмүүсийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа учир шинжээчдийн нэрийг хэлж болох эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч хоёр дахь удаагийн шинжилгээг хийсэн нэр бүхий гурван шинжээчийн дүгнэлт өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд гарсан. 838 тоот дүгнэлт гэж бий. Эхний шинжээчийн дүгнэлт өнгөрсөн оны долдугаар сарын 16-нд гарсан байдаг.

Шинжээчийг Шүүх шинжилгээний газрын дарга Г.Дагиймаа гэх хүн томилдог. Бид энэ хүнийг хардаж байгаа. Учир нь хоёр дахь удаагийн шинжээчийн бүрэлдэхүүнд томилсон гурван шинжээчийн нэг нь мэргэжлийн бус хүн байхад томилж, дүгнэлт гаргуулсан. Тиймээс санаатайгаар худал дүгнэлт гаргуулсан байж болзошгүй гэж хардаж байгаа.

Энэ асуудалтай холбоотойгоор бид мөн л Шүүх шинжилгээний ерөнхий газарт хандсан. Танайд ийм шинжээчид ажилладаг уу гэхэд дотоод хяналт шалгалтын хүн нь "хоёр нь манайд ажилладаг, нэг нь ажилладаггүй, цалин авдаггүй" гэсэн. Тэр даруйд бид Улсын ерөнхий прокурорт хандаж гомдол гаргасан. Тухайн шинжээчийн хувийн хэрэгтэй танилцах хүсэлт өгөхөд тухайн шинжээч хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчоор оролцсон этгээд учраас хавтаст хэрэгт таны хүсэлтийг харгалзаж материалыг оруулсан гэсэн. Энэ асуудал дээр бидний эргэлзээг тайлж өгөөгүй.

Шүүх шинжилгээний газрын дарга Г.Дагиймаа гэх хүн өмнө нь шинжээчтнй нийлж хууль бус дүгнэлт гаргасан гэдэг асуудлаар АТГ-т шалгагдаж байсан юм билээ. Энэ бүхнийг бид мэдэхгүй. Харин бидэнд тулгараад байгаа асуудлыг л үнэн бодитоор шийдвэрлээд өгөөч гэж хүсч байна.

Энэ асуудлаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга Ж.Буянбаттай уулзах хүсэлтээ өгсөн. Одоо гурав дахь удаагийн шинжилгээ хийх тогтоол гарчихлаа. Тогтоол гаргахын тулд бид олон удаагийн хүсэлт өгсөн. Гуравдугаар сарын 15-нд Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах хүсэлт өгсөний дагуу прокурор хавтаст хэргийн материалыг бүхэлд нь татаж чадсан. Эхний хоёр удаагийн шинжилгээний дүгнэлт эрс зөрүүтэй байгаа учраас дахин шинжилгээ хийх ёстой юм байна гэж байгаа. Өмнө нь өндрөөс унах туршилтыг 2022 оны аравдугаар сарын 19-нд хийсэн. Тухайн үеийн дүгнэлт үндэслэл муутай байсан учир дахин туршилт хийе гэж байгаа. Ингэхдээ шүүх шинжилгээний байгууллагад ажилладаггүй тусгай мэдлэг бүхий хүмүүсийг оролцуулъя гэж байгаа. Оролцуулахаар болохоор зөвшөөрөл авах гэхээр Нийслэлийн прокурор дээр ирээд бас гацчихсан. Хууль зүй дотоод хэргийн сайдын А158 тоот шинэчлэгдсэн журамтай холбоотойгоор гацаад байгаа.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11.12.2 дахь хэсэгт зөвлөл гэж байгаа. Энэ зөвлөл шүүх шинжилгээний байгууллагад ажилладаггүй, орон тооны бус, тусгай мэдлэг бүхий шинжээчийг дүгнэлт гаргахад тусгай зөвшөөрөл олгодог. Тэр зөвлөл нь өнгөрсөн сард журмаар батлагдсан. Өмнө нь бол хэнч хүсэлт тавиад л тус бүрэлдэхүүнд орох боломжтой байсан. Тийм учраас бид Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүсэлтээ өгөөд байгаа.

Хэрэв зөвлөл нь байгуулагдчихвал бидэнтэй адил хэрэгтэй олон хүний саатаад байгаа хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжлэх боломжтой. Үүнийг л анхаарч өгөхийг хүсч байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТЭЭР НӨХРИЙН БИЕД ҮҮССЭН СОРИВУУД АМЬДДАА ҮҮССЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

-Одоо тэгвэл та бүхэн Хууль зүй дотоодын хэргийн яаманд гаргасан хүсэлтээс гадна ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Бид гурван зүйл л хүсч байна. Нөхрийг минь өндрөөс унасан гээд байгаа. Тэгвэл нотлох ёстой. Шинжээчид нь ч нотолж чадахгүй байхад хүний нэр төрд халдах ёсгүй. Шинжээчийн дүгнэлтээр нөхрийн минь биед үүссэн олон шарх сорви амьд байх үед үүссэн байж болзошгүй гэж гарсан. Гэхдээ амьд байсан үе гэхээр дөрвөн давхраас унахаас өмнөх үү, эсвэл унаж байх нэг секунд 12 дольд үүссэн сорви эсэхийг тогтоогоогүй.

Нөхөртэй маань хамт бүтэн судалгааны баг, резидент нар явж байсан. Гэтэл хэрэг болсныг 09:00 цагийн үед мэдсэн хэрнээ оюутнуудад таван цагийн дараа 13:30-14:00 цагт хэлсэн байгаа юм.

Яагаад таван цагийн турш хэнд ч хэлэхгүй хоорондоо ширээ тойроод яриад сууж байсныг би ойлгохгүй байна. Тухайн судалгааны баг гээд байгаа 36 хүний бүрэлдэхүүн “Эрүүл монгол-Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажилласан гээд байгаа. Гэтэл энэ судалгааны ажил нь анхнаасаа хувийн ажил байсан. Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн нэрийг барьж үнэ төлөөргүй үзлэг хийнэ гэчихээд 10 мянган төгрөг үзлэгт хамрагдсан бүх хүнээс авсан байсан. Үүнийг АТГ шалгаж байгаа.

Нөхөр минь жилийн хугацаанд албан ёсоор чөлөө авсан байхад замаа мэдэх юм чинь судалгааны  ажилд заавал яв гээд албадан хүчээр авч явсан.

АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Б.Батбаяр “Чи судалгааны ажлын маршрут гаргасан юм чинь заавал явна. Энэ бол улсын ажил” гээд гэрээс маань хүчээр аваад явсан. Гэтэл өнөөдөр энэ судалгааны ажил улсынх биш Б.Батбаярын хувийн ажил байсан. Үнэхээр гэм буруугүй бол хүний ёсоор ирж биднээс уучлалт гуйх ёстой. Юу болсон талаар хэлэх ёстой байтал нэг ч удаа бидэнтэй уулзах гэж ирээгүй.

Тухайн хүмүүсийг хардах олон шалтгаан бий. Харилцаа, ёс зүй, биеэ авч яваа байдал гээд Б.Батбаяр багшийг би мэдэхийн дээдээр мэднэ.

Манай гэр бүлийнхэн одоо гурван зүйл л хүсч байна. Үндэслэлтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, өндрөөс унах үеийн туршилтыг бодит үнэнд нийцсэн байдлаар гаргаж өгөхийг.

Эрүүл саруул ухаантай, согтолтын зэрэг маш хөнгөн зэргийнх байхад яаж ийм нөхцөл байдал гэдгийг туршилтаар шинжлэх ухааны үндэслэлтэй баталж өгөхийг шаардаж байна.

Энэ хэрэг дээр хууль хяналтын байгууллага хариуцлагагүй ажиллаж, хэн нэгэнд эрх ашгийн дагуу үйлчилж байна гэж ойлголоо. Та яагаад ийм дүгнэлт хийхэд хүрэв?

-Би ганц хүсэлт хангуулахаар өгөхөд хэдэн сар хойшилж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд гарсан дүгнэлтийг үндэслэлгүй байна гэдэг тогтоол гаргах гэж хагас жил хүлээлээ. Нөхрийн минь амь насаа алдсан хэрэгтэй холбоотой материал гэрээр минь дүүрэн байна. Анхнаасаа өндрөөс унасан гэж шууд дүгнээгүй бол энэ хэрэг хоёрхон цагийн дотор л илрэх байсан.

Наадмын үеэр, хотоос хол хөдөө газар энэ хэрэг гарсан нь цаг хугацаа маш хожсон. Ар гэрийнхэн нь очих гэсээр байтал тэр хугацаанд юу болсныг таах аргагүй.

-Амралтын газарт нь хяналтын камер, хэрэг гарсан өдрийн бичлэг огт байгаагүй юу?

-Тус амралт сувиллын газар бүрэг камертай байсан. Хэрэг гараад удаагүй хэдхэн хоногийн дараа хэргийн материалтай танилцахаар очиход камерын сервер нь бүрэн ажиллаж байсан, шалгаад өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл мөрдөн байцаагчид аман байдлаар л шалгасан. Камер нь ажилладаг ч бичлэг хийхээ больсон. Хэзээнээс бичлэг хийхээ больсон нь тодорхойгүй гэж байгаа. Энэ мэт учир битүүлэг асуудал олон байгаа.

Бидэнд өчигдөр хэвлэлийн хурал хийснээс хойш маш их мэдээлэл ирж байна. Энэ бүхнийг цагдаагийн байгууллагад өгөх нь зөв эсэхийг ч мэдэхгүй. Учир нь хуулийн байгууллага эрх ашгийн сонирхолтой хүнд үйлчилж байж болзошгүй. Тэгэхээр тухай бүрд нь баримт нотолгоогоо гаргаад явна.

Нөхрийг минь өндрөөс унасан эсэхийг тогтоох гурав дахь удаагийн шинжээчийн багт мэргэжлийн хүмүүсийг буюу гавал тархины мэс заслын эмч, хүзүү нурууны мэс заслын эмч, цээж хэвлийн мэм заслын эмч гээд гэмтлийн чиглэл бүрийн эич нарыг оролцуулж өгөхийг хүсч байна.

Би нөхрийнхөө нэр хүндийг цагаатгаж, амиа хорлолт, санамсаргүй үхэл байгаагүй гэдгийг нотлохын тулд эцсээ хүртэл явах болно.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж