Жолооч нь танхайрсан ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоов

Хуучирсан мэдээ: 2023.06.28-нд нийтлэгдсэн

Жолооч нь танхайрсан ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоов

Жолооч нь танхайрсан ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоов

Автомашин ачдаг компанийн ажилтан маргаан дэгдээж, хутга гарган сүрдүүлж байгаа бичлэг өчигдөр /2023.06.28/ цахим хуудаст нийтлэгдэж, олны бухимдлыг төрүүлээд буй. Бусдын эд хөрөнгөд халдахаас гадна, харилцааны соёлгүй, дээрэнгүй хандаж буй тухайн этгээдийн бичлэгийг тавьсан иргэн түүнийг хутга далайлган сүрдүүлж байгааг мөн хэлсэн. Тэгвэл тухайн ачилтын компанид ямар хариуцлага тооцох талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодрууллаа.

ЗХУТ-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн дарга С.Бямбасүрэн хэлэхдээ "Ачигч автомашины жолооч хутга гарган танхайрсан бичлэг цахим сүлжээнд өчигдөр тарсан. Гэрээ байгуулж ажилладгийн хувьд буруутай үйл ажиллагаа гаргасан ажилтан болон харьяа компанийн өмнөөс иргэдийг бухимдуулсан явдалд уучлалт гуйж байна.

Тус ёс зүйн алдаатай үйлдэл гаргасан автомашин ачилтын "Баян Хаяабасу" компанийн үйл ажиллагааг зогсоосон. Уг асуудлаар БГД-ийн цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Эрх бүхий байгууллагын шалгалтын шийдвэр гарсны дараа, дараагийн арга хэмжээг авч ажиллана. Мөн нийт гэрээт компаниуддаа заавал мөрдөх хуулийн хэрэгжилтийг хангаж, ёс зүйтэй ажиллахыг анхааруулж байна. Эдгээр дүрэм, журмыг зөрчвөл гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдье.

Манай байгууллага өнгөрсөн онд зөрчил гаргасан автомашиныг зөөн шилжүүлэх үйл ажиллагааг, гэрээ хийх эрхийг шилжүүлж авсан. Тус эрхийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн зургаан дүүрэг, 15 ААН-тэй гэрээ байгуулж, хэрэгжилтийг хянан ажиллаж байна.

Ажил хүлээж авснаас өнөөдрийн байдлаар 120 иргэнээс автомашин ачилттай холбоотой гомдол ирсэн. Эдгээр гомдлыг цаг хугацаанд нь хариу өгч бүрэн шийдвэрлэсэн. Өмнөх оны мөн үеэс өргөдөл, гомдлын тоо буурсан. Манай байгууллага гэрээт компаниуддаа ёс зүйн өндөр шаардлага тавьж байгаа" гэв.

Харин Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр "Зургадугаар сарын 27-ны 14:50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тухайн дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн гомдол, мэдээллийн бүртгэлд авч ажиллаж байна. Түүнчлэн "Баян хаябуса" ХХК-ийн жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ачих үед иргэн М машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцон хутга гаргаж танхайрсан.

Иргэн Ц-д Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж