Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн учир тодорхой бүсүүдэд өчигдрөөс /2023.06.27/ хөл хорио тогтоосон. Тодруулбал, сэжигтэй тохиолдол илэрсэн сум болон аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлах шийдвэрийг тус аймгийн онцгой комиссоос гаргасан юм. Шинжилгээний урьдчилсан хариугаар сул эерэг буюу тарваган тахлын тохиолдол мөн эсэхийг дахин баталгаажуулах шаардлагатай гарсан байна. Сэжигтэй тохиолдлоор өвдсөн хүний биеийн байдал хүнд хэвээр байгаа бөгөөд хөл хориог цуцлаагүй болохыг тус аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Аймгийн онцгой комисс 26-ны 21:00 цагийн үед Аймгийн нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн тул яаралтай хуралдаж хөл хорио тогтоох шийдвэрийг гаргажээ.
- Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг 2023 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 02:00 цагаас зургаан хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах
- Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 2023 оны зургадугаар сарын 27-ны 01:00 цагаас орох гарах хөдөлгөөнийг зургаан хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах
- Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг 2023 оны зургадугаар сарын 27-ны 02:00 цагаас зургаан хоног түр хориглох
- Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
- Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат сумын Эрүүл Мэндийн Төвд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох сумын Онцгой комисс, эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга удирдлагуудад өгч ажиллах үүрэг өгсөн байна.
Одоогоор сэжигтэй тохиолдол батлагдаагүй бөгөөд бие нь хүнд байгаа хүн байхгүй гэлээ.
Холбоотой мэдээ