Украины арми Оросын түрэмгийллийн эсрэг тууштай эсэргүүцэл үзүүлж, тэмцсээр байгаа нь Путины ялалтыг хүлээж байсан олон хүнийг гайхашруулжээ. Орос, Украинаар жишээлэн хүчирхэг хөршийнхөө түрэмгийллийн аюулд өртөөд буй Тайванийн талаар ч ярих болсон.
Тайванийн эсэргүүцэх чадвар ямар түвшинд байх нь АНУ-ын хувьд нэн чухал асуудал юм. Хятад, Тайванийн асуудалд АНУ оролцох нь томоохон мөргөлдөөн үүсгэх эрсдэлтэй. Тайванийн шийдэмгий байдал нь АНУ-ын хөндлөнгийн оролцоог бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ Номхон далай өргөн уудам учраас АНУ-аас урагш чиглэсэн цэргийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд багагүй хугацаа шаардлагатай.
АНУ-ын "RAND" судалгааны хүрээлэнгээс гаргасан саяхны нэгэн судалгаагаар Тайванийн халдлагыг эсэргүүцэх чадварыг үнэлжээ. Ингэхдээ улс төрийн манлайлал ба нийгэм, цэргийн үр нөлөө, тэсвэрлэх чадвар, холбоотны цэргийн оролцоо гэсэн дөрвөн хүчин зүйлийг авч үзсэн.
Улс төрийн манлайлал, нийгэм нь энэ дундаа хамгийн чухал хүчин зүйл гэж дүгнэжээ. Улс төрийн хүчирхэг манлайлал болон олон нийтийн хүчтэй дэмжлэг нь батлан хамгаалах хамгийн бат бөх суурийг бий болгодог. Тайванийн эдийн засаг, дэд бүтцэд ноцтой хохирол учирч, энгийн иргэд болон цэргүүдийн амь нас эрсдэх нь эхэндээ олон нийтийн дэмжлэгийг авах ч урт хугацаанд үргэлжилбэл дэмжлэг суларч магадгүй юм.
АНУ хөндлөнгөөс оролцоно гэх амлалт нь шийдэмгий байдлыг бий болгох чухал хүчин зүйл. Гэвч хөндлөнгийн оролцооны үр нөлөө нь Тайванийн улс төрийн удирдлагын байдал, цэргийн чадавхи, АНУ-ын тусламжийн мөн чанар, цар хүрээнээс хамаарна. Тайванийн улс төрийн удирдлага, арми сул байх тусам АНУ-ын оролцоо илүү хүчтэй, илүү эрт байх ёстой аж.
"RAND" судалгааны хүрээлэн АНУ-ын бодлого боловсруулагчдад чиглэсэн дөрвөн гол зүйлийг нэрлэжээ.
Нэгдүгээрт, Тайванийн улс төрийн удирдлагын чанар, хүч чадал, хямрал, нийгмийн эв нэгдэл зэрэгт онцгой анхаарал хандуулж, Хятадын томоохон дайралтыг тэсвэрлэх чадварт үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Энх тайван цагт улс төрийн манлайлал ямар байх нь дайны үед хэрхэн ажиллахтай яг таг нийцнэ гэж байдаггүй. Украины ерөнхийлөгч Зеленский бол үүний тод жишээ гэж үзэж байна. Зеленский энхийн цагт тэгтлээ өндрөөр үнэлэгдээгүй ч дайны үед зоригтой байж, ард иргэддээ урам зориг өгсөөр байна.
Мөргөлдөөн хэрхэн үүссэн нөхцөл байдал нь удирдлагын шийдвэр, хүн амын эв нэгдэлд ихээхэн нөлөөлдөг. Нөхцөл байдал ямар байхыг бид урьдчилан таамаглах боломжгүй. Тиймээс Тайванийн удирдагчид дайнд хэрхэн оролцохыг урьдчилан тооцоолох тун хэцүү юм.
Хоёрдугаарт, Тайвань зэвсэг, цэргийн тоогоор Хятадыг гүйцэхгүй ч энэ нь ялагдалд хүргэнэ гэсэн үг биш. Хомсдолыг шийдэх чухал алхмуудыг Тайвань хийж чадна гэж үзэж байна. Гэхдээ нөөцийн тэнцвэргүй байдал асар их байгаа учраас Тайваньтай зэрэгцээд Хятадын цэргийн давуу тал ч өссөөр байх юм. Эндээс үзвэл Хятадын томоохон довтолгоог тэсвэрлэх Тайванийн чадвар нь улс төрийн манлайллын хүч, нийгмийн эв нэгдэлтэй нягт холбоотой байх болно.
Гуравдугаарт, ноцтой хохирол, эдийн засгийн алдагдал нь олон нийтийн дэмжлэгийг сулруулж магадгүй. Тайваньчууд Хятадын түрэмгийллийг эсэргүүцэхийн тулд нэгдэж магадгүй ч мөргөлдөөн урт хугацаанд үргэлжилж, зардал их гарвал олон нийтийн дэмжлэг сулрах эрсдэлтэй. Улс төрийн удирдлагын хүч, нийгмийн эв нэгдэл зэргээс шалтгаалаад олон нийтийн дэмжлэг цаг хугацааны явцад яаж ч өөрчлөгдөж болох юм.
Дөрөвдүгээрт, АНУ-ын цэргийн оролцоо нь арлын эмзэг байдал, цэргийн сул талуудаас шалтгаалан Хятадын томоохон дайралтыг тэсвэрлэх чадварт чухал ач холбогдолтой хэвээр байх болно. Тайвань магадгүй олон сарын турш шийдэмгий эсэргүүцэл үзүүлж чадах ч цаг хугацаа өнгөрөх тусам ихээхэн хохирол амсах магадлалтай. АНУ-ын хүчтэй оролцоо байхгүй бол Тайвань маш урт хугацаанд хатуу сорилттой тулгарна гэж үзэж байна.
Тайванийн хоолой дахь АНУ, Хятадын сөргөлдөөн хяналтаас гарч, дайн гарах магадлал улам нэмэгдэж буйг өнгөрсөн сард шинжээчид анхааруулсан. Германы Маршаллын сангийн Номхон далай дамнасан хөтөлбөрийн захирал Бонни Глазер "Дайн гарах хэтийн төлөв нэмэгдэж байна. Тайванийн хоолой бол АНУ, Хятадын хооронд томоохон дайн дэгдэх цорын ганц боломжит хүчин зүйл. Цөмийн зэвсэгтэй хоёр гүрэн дайтахыг бид хэзээ ч харж байгаагүй. Хурцадмал байдлыг хянаж болох ч энэ бол хамгийн санаа зовоосон хувилбар" гэжээ. Тэрбээр сүүлийн саруудад Өмнөд Хятадын тэнгис болон бусад газарт үүссэн АНУ, Хятадын сөргөлдөөнүүдийг дурдсан байна.
Эх сурвалж: AIR AND SPACE FORCES, THE DIPLOMAT
Холбоотой мэдээ