УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эрх баригч МАН авлигатай тэмцэх хүсэл сонирхолгүй байна. Сонгууль дөхөнгүүт авлигатай тэмцэж буй хэлбэр үзүүлж эхэллээ. УИХ, Засгийн газарт авлигатай холбогдоогүй, Засгийн газрын тусгай сантай нэр холбогдоогүй цэвэр улстөрч ховор болсон” гэж шүүмжилсэн юм.
Энэ асуудал УИХ-ын дарга Г.Занданшатарын эгдүүг хүргэсэн бололтой. Тэрбээр “Авлига нэг дор бий болоогүй. Авлигатай их тэмцэж байгаа учраас олон жил бугшсан хулгай ил болж байгаа.
Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үг бий. Санал худалдан авдгаас авлига эхэлж байгаа. Бетон сав тараадаг зэрэг сонгуулийн амлалтаас авлига эх үндэс авч байгаа. Сонгуулиа эхлээд авлигагүй болгож байж, авлига үгүй болно. Авлига нэг өдөр бий болчихсон юм шиг ярьж болохгүй. Өмч хувьчлалаас эхлээд яривал олон булхай луйврыг илрүүлж байгаа. Ил болгохоор “пий паа” гэж ярьж байна” гэж хариу тайлбар хийсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан асуудалд нэр холбогдож байсан бол Боловсролын зээлийн сангаас хүү, охин хоёр нь зээл авсан асуудал сөхөгдөж, эцэст нь түүнийгээ төлсөн гэдэг мэдээлэл цацагдсанаар асуудал намжсан. Мөн өөрөө БЗС-гаас зээл авч суралцсан болох нь батлагдсан. Ингэснээр Засгийн газрын тусгай санг хамгийн сайн ашигласан улстөрчийн нэг болж буй. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Ганбатын хэлсэн үг хамгийн их эмзэглүүлж, тайлбар хийхээс аргагүйд хүргэв бололтой.
УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн малчин иргэдэд 40-ын бетон тараасан нь "Бетон Д.Ганбат" хочтой болгосон. Тэрбээр бетон тараасан шалтгаанаа "Хуванцар савнаас болж, хорт хавдар ихэссэн тул түүнээс сэргийлэх зорилгоор 40-ын бетон тойргийнхоо сонгогчдод тараасан. Эрүүл мэндийг нь бодож бетон өгсөн нь яагаад болдоггүй юм" гэдэг тайлбар хийж, үйлдлээ зөвтгөж байсан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ