Кремлийн толгойны өвчин

Хуучирсан мэдээ: 2023.06.29-нд нийтлэгдсэн

Кремлийн толгойны өвчин

Кремлийн толгойны өвчин

Оросын хувийн цэргийн "Вагнер групп" компанийн тэргүүн Евгений Пригожиныг ХҮМҮҮС буландаа онцолж байна.


ОХУ-аас хөрш Украинд хийж буй дайнд армийнхнаас дутахгүй үүрэг рольтой оролцож явсан "Вагнер групп" компанийн тэргүүн Евгений Пригожин өнгөрсөн амралтын өдрүүдээр зэвсэгт бослого гаргаснаар олны анхаарлыг татав. Тэрбээр ОХУ-ын армийн удирдах албан тушаалтнууд, тэр дундаа Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг "урагшгүй" дайн өдөөж, олон мянган орос залуусыг үхэл рүү нь илгээсэн гэж буруутган, огцруулахаар тэмцэж байгаагаа зарласан. Гэхдээ тэрбээр харагдаж байгаа шигээ нөлөөтэй нэгэн мөн үү?

Пригожин хөлсний цэргүүдээ удирдан Украинаас буцан ирж, Оросын захын хоёр хотын цэргийн байгууламжуудыг хяналтандаа авсны дараа Москва руу явсан. Улмаар Оросын нийслэл болон ойр орчмын хотуудад онц байдал тогтоож, түгшүүртэй нөхцөл байдал үүссэн юм. Түүний хяналтаа тогтоосон Ростов-он-Дон хот нь Украинд түрэмгийлсэн Оросын армийн командлал, ложистикийн гол төв байв. Үүний хариуд Путин мэдэгдэл хийж, түүнийг эх орноосоо урвасанд буруутган, бослогод оролцсон хүмүүсийг хатуу шийтгэхээ амласан. Гэвч Ням гаригт Пригожинтой хэлэлцээ хийснээр Вагнерын цэргүүд буцаж, түүнийг Беларусь руу явсныг Кремлийн төлөөлөгч мэдэгдсэнээр энэ хэрэг намжсан. Хэлэлцээний дагуу зэвсэгт бослого гаргасан Пригожин болон түүний цэргүүд ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй үлдсэн. Вагнерын хөлсний цэргүүд дайны талбарт хэрцгий байдлаараа алдартай бөгөөд олзны цэргүүдийг цаазалж байгаа бичлэгүүд нь нийгмийн сүлжээнд байдаг.

ШОРОНГООС ПУТИНЫ ДЭРГЭД ОЧСОН НЬ

Пригожин 1961 онд Петерсбург буюу хуучин Ленинград хотод төржээ. Эцэг нь түүний багад нас барснаар эх ганцаараа эмчийн цалингаараа Пригожин болон өвчтэй эмээг нь тэжээдэг байв. Дунд сургуульд байхдаа цанын спортын тамирчин болохоор зорьж, хойд эцгийнхээ удирдлага дор хичээллэн, 1977 онд спортын сургуулийг дүүргэсэн байна. Гэвч спортын карьер эхлүүлж чадаагүй. 18 насандаа хулгай хийж байгаад баригдаж, тэнсэн харгалзах ял авснаас хойш шоронгийн хаалга олон удаа татжээ. Тухайлбал, тэрбээр  20-оод насаа Зөвлөлтийн шоронд дээрэм, залилангийн хэргүүдээр есөн жил хоригдож өнгөрүүлсэн. Шоронгоос суллагдаж, ЗХУ задран унасан нь Пригожинд бизнес эрхлэх боломжийг олгожээ. Тэрээр төрөлх хотдоо явуулын хотдогны цэг ажиллуулж эхэлсэн ч удалгүй Санкт-Петербургт тансаг зоогийн газар нээх зэргээр томорчээ. Ингэж явахдаа тухайн үеийн хотын орлогч дарга Владимир Путин тэргүүтэй Оросын элитүүдтэй холбоо тогтоож, "нөхөрлөж" эхэлсэн байна. Улс төрийн элитүүдтэй нягт харилцаа тогтоосны үр шимээр Пригожины бизнес улам өргөжжээ.  Түүний 1990-ээд онд үүсгэн байгуулсан нийтийн хоолны "Конкорд" компани нь Путины тангараг өргөх ёслол, АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн Санкт-Петербургт хийсэн айлчлал зэрэг төрийн оройн зоогийг хариуцаж байв. Үүнээс үүдээд Пригожиныг "Путины тогооч" гэж хочлох болсон.

СОНГУУЛЬД НӨЛӨӨЛЖ, ХӨЛСНИЙ ЦЭРГИЙН КОМПАНИ АЖИЛЛУУЛЖ ЭХЛЭВ

Гэхдээ Пригожин өөрийн амбицыг нийтийн хоолны салбараар хязгаарласангүй. Пригожины троллын сүлжээ нь Интернет судалгааны агентлагийн ард байгаагаа энэ оны хоёрдугаар сард  хүлээн зөвшөөрсөн. Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр, Пригожины троллууд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийн тулд өргөн хүрээнд худал мэдээлэл түгээх кампанит ажил явуулсан гэв. Харин Пригожин болон түүний өмгөөлөгчид энэ мэдэгдлийг өмнө нь эрс няцааж, энэ талаар мэдээлэл бичсэн сэтгүүлчдийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авсан.

Хувийн цэргийн "Вагнер групп" компанийг 2014 онд байгуулжээ. Троллын сүлжээний нэгэн адил тэрээр 2022 оны есдүгээр сар хүртэл бүлэгтэй ямар ч холбоогүй гэдгээ няцааж байсан. Түүний хөлсний цэргүүд Путины хар ажлуудыг гүйцэтгэдэг гэж эх сурвалжууд мэдээлдэг. Өөрөөр хэлбэл,  Путины албан ёсоор оролцохыг хүсээгүй бүс нутгуудад ашиг сонирхлыг нь өмнөөс нь  гүйцэлдүүлдэг аж.   Тухайлбал,  Украины Донецк, Луганск мужууд, Африк, Сирид хөлсний цэргүүд байлдааны ажиллагаанд оролцоод зогсохгүй, газрын тосны зарим байгууламжийг хамгаалж байжээ.

ХӨЛСНИЙ ЦЭРГҮҮД VS ОРОСЫН АРМИ

Вагнер групп анх 2014 онд Украины мөргөлдөөнд оролцож, Крым хойгийг булаан авахад Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдад тусалсан байна. Дараа нь 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлэхэд ширүүн тулааны чадвараараа нэлээд ахиц гаргаж, Москвагийн хувьд чухал "өмч" болсон. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард хөлсний цэргүүд Украины Соледар хотыг хяналтдаа авсан бөгөөд энэ нь дайн эхэлснээс хойших Оросын ховорхон ялалтуудын нэг болсон. Вагнерын үр ашиг, байлдааны талбар дахь  ач холбогдол нь өсөхийн хэрээр Пригожин  Оросын цэргийн дээд албан тушаалтнуудын эсрэг кампанит ажил эхлүүлж, тэдний суудалд санаархах амбицыг өдөөжээ. Түүний шүүмжлэлийн гол бай нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Валерий Герасимов нарыг чиглэж байв. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын цэргийн байгууллагууд хэдэн сарын турш тулалдсан ч Бахмут хотыг эзэлж чадаагүйг шүүмжилсэн. Аймшиггүйгээр ширүүн мэдэгдлүүд олныг хийж байсан ч Путин түүнийг хүлцсээр байсан нь учиртай. "Пригожин цэргийн генералуудыг үгээрээ байлгахад Путинд хэрэгтэй хүн. Путин түүнийг ашиглан  хүндийн "жин"-ийг тэнцвэржүүлж, хэн нэгнийг хэт хүчирхэгжихгүйн тулд ажиглаж байв". 

КРЕМЛЬ ДЭХ ХҮН БҮРИЙН ТОЛГОЙНЫ ӨВЧИН

Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр гараад байдаггүй байсан Пригожин Оросын Украины эсрэг дайны нүүр царай болсон. Түүний олны танил болсон нь улс төрийн амбиц байж болзошгүй гэсэн таамаглалыг төрүүлэв. Оросын бие даасан "Meduza" сайтын мэдээлснээр Пригожин эх оронч, консерватив хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөж, улмаар улс төрийн нам болж хувирах санааг өвөрлөх болжээ.

Татьяна Становая олон улсын энх тайвны төлөөх Карнегийн сангийн нийтлэлдээ бичсэнчлэн, Пригожин улс төрийн тавцан дахь амбиц нь Кремльтэй харилцах харилцаанд нь сэв суулгажээ. Түүний улс төрийн үйл ажиллагаа, албан ёсны байгууллагууд руу халдах кампанит ажил эрчимжсэнээр Пригожин Кремлийн бүх хүмүүсийн толгойны өвчин болсон. 

Кремлийн Пригожиныг дарах оролцлого нь  Вагнерын дайчдын 80 хувийг бүрдүүлдэг ялтнуудыг элсүүлэх эрхийг нь хассанаас харагдсан гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлжээ. Оросын цэргийн блогчид болон төрийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Пригожин цомхотгол хийсний дараа Вагнер групп Оросын дайны хүчин чармайлтад илүү хязгаарлагдмал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

ПРИГОЖИНЫ ЭХНЭР НЬ АМЖИЛТТАЙ БИЗНЕС ЭМЭГТЭЙ

Пригожин эм зүйч, бизнес эрхлэгч Любовь Валентиновнатай гэрлэсэн. Эхнэр нь Санкт-Петербургт Шоколадны музей гэгддэг нэрийн дэлгүүрүүдийн сүлжээг эзэмшдэг. Эхнэр нь 2012 онд  Санкт-Петербург хотын Жуковскийн гудамжинд байрлах "Crystal Spa & Lounge" гэх өдрийн рашаан сувилалыг ажиллуулж эхлүүлсэн.  Энэ нь 2013 онд "Perfect Urban Day" рашаан сувиллын 3-р байрын шагналыг хүртсэн. Мөн Ленинград мужид эрүүл мэндийн төвтэй бөгөөд 2013 онд Төгс Рашаан Төслийн шагналыг хүртсэн "Crystal Spa & Residence" нэртэй нэрийн зочид буудалтай. Конкорд группын нэг хэсэг болох Агат компанийн эзэн.

Тэд хүү, хоёр охинтой. Том охин Полина нь 1992 онд, бага Вероника нь 2005 онд төрсөн бол хүү Павел нь 1996 юмуу 1998 онд төржээ. Украины дайн эхлэхээс өмнө хүүхдүүд нь Европын орнуудаар чөлөөтэй аялдаг байсан бөгөөд охин Вероника нь 2022 оны хоёрдугаар сард Испанид хурдан морины уралдаанд оролцож байв. 

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж