Байнгын хороо дэг зөрчсөн тул Боловсролын ерөнхий хуулийг буцаав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураасан ч зарим саналаар багцлан санал хураасан нь дэг зөрчжээ. Тодруулбал, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан саналын томъёоллоор санал хураалгах шатанд зарим саналыг багцлан санал хураалгасан нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар санууллаа. Тэрбээр мөн УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хариуцлагагүй ажилласан байна гэж мэдэгдлээ. Иймээс тус байнгын хороог Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй холбоотойгоор гарсан саналуудыг нэг бүрчлэн санал хураалгаж, дахин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэхийг чиглэл болгов.
Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Гурав хоногийн завсарлага авсан байсан. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Боловсролын ерөнхий хуулийн төсөл дээр гишүдийн байр суурь зөрүүтэй байсан учраас гурав хоногийн завсарлага авсан. Саналаа нэгтгэсэн тул завсарлага дууссан. Чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү" гэсэн юм.
Иймээс одоо уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гарсан нийт есөн саналын томъёоллоор санал хураалгах юм байна.
“Төрөөс төрж байгаа тэрбумтнууд төрөлжсөн”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2023 онд дуусаж байгаатай холбогдуулан авлигатай тэмцэх ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлэх, дараагийн хөтөлбөрийг батлах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, түүнд нийцүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Транспэрэнси интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексээр дэлхийн 180 орноос Монгол Улс 2017 онд 103, 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Энэхүү авлигын төсөөллийн индекс нь Монгол Улсын авлигын түвшинд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр энэхүү үнэлгээнд ахиц гарах ач холбогдолтой гэж үзсэн байна.
Улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох нь даамжирч, иргэдийн боломжийг хязгаарлан, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт тэгш бус байдлыг үүсгээд буй. Энэ нь улс орны эрсдэлийг нэмэгдүүлэн олон улсын байгууллагуудын үнэлгээнд муугаар нөлөөлж буй юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Авлига асуудал болсон ч байдаг л юм болсон. УИХ-аас энэ хөтөлбөрийг баталснаар үр дүнд хүрэх үү. Авлигатай тэмцье гэвэл үр дүнд хүрдэг. Намайг 2014, 2015 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхад авлигын индексээр Монгол Улс 79-д ордог байсан. Одоо 116 дугаар байрт орж, ухарсан. Нэг нам олонхи болсноор авлига гаарсан. Төрөөс төрж байгаа тэрбумтнууд төрөлжсөн. Гаалиас, Засгийн газрын сангуудаас тэрбумтнууд төрдөг болсон. Сангаас төрсөн тэрбумтны хүүхэд сайд ч болж, албан тушаал хашиж болж байна. Хэрвээ хуульд нэг заалт оруулчих юм бол авлига буурна.
Авлига авсан, өгсөн хоёрыг хоёуланг шийтгэдэг биш, аргагүйн эрхэнд авлига өгсөн хүнийг шийтгэхгүй болчих. Харамсалтай нь, та нарт хуульд ийм заалт оруулах сонирхол алга. Авлигажсан байдлаас болж, залуучууд эх орнооосоо дайжиж байна. Сонгууль болоход ганц жил үлдсэн тул авлигатай тэмцээд байгаа юм шиг хэлбэрдэж байна.
Хөгжлийн банкны хэрэг, Засгийн газрын тусгай сангийн зээлтэй холбогдоогүй улстөрч ховор байна. Асуудалд холбогдсон улстөрчид ярьж чадахаа ч больсон. Үнэн үг хэлсэн, асуудалд холбогдоогүй нь нүд үзүүрлэгддэг болсон. Засгийн газар, УИХ авлигачдаар дүүрсэн. Ардын нам авлигачдаар дүрсэн.
УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Б.ЭНХБАЯР:
-Хууль тогтоогчид хуулиа иргэдэд зөв ойлгуулж байхгүй бол авлига өгдөг хүн нь эрүүгийн хариуцлага хүлээдэг юм шиг ярьж болохгүй. 2015 оны Эрүүгийн хуулиар авлига өгснөө сайн дураар илчилсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэдэг заалт хэрэгжиж байгаа. Одоо энэ батлах гэж байгаа тогтоолд “Хахууль өгсөн, зуучилсан хүн, хуулийн этгээд гэмт этгээдээ илчилсэн, нотлох баримтаа гаргаж өгсөн тохиолдолд ялаас чөлөөлөх, шийтгэлийг нь хөнгөрүүлэх, хохирлоо хэр зэрэг барагдуулж байгаа байдлаас нь хамаарч ял шийтгэлийн бодлого дээр нь хөнгөн хандах Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар заасан.
Хохирол барагддаггүй байж таарахгүй. Ял шийтгэлийн бодлогоор буруутай этгээдийг яллах, учирсан хохирлыг бааргдуулах зорилготой.
Асуулт, хариулт дуусанаар дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор 30 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж эхэллээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тотгоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед 30 гаруй зарчмын зөрүүтэй санал хураагдсан байна. Иймээс энэхүү саналыг гишүүдээр санал хураалгаж буй юм.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлээд байна. Уг чуулганы хуралдаанаар өнөөдөр /2023.06.28/ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/анхны хэлэлцүүлэг/, Төмөр замын тээврийн тухай хуулийн хуулийн төсөл/анхны хэлэлцүүлэг/,Иргэний нисэхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/анхны хэлэлцүүлэг”-ийг хийхээр төлөвлөжээ.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, Ж.Чинбүрэн гишүүний гаргасан "Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүгийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлага байна" гэсэн горимын санал гаргасан нь гишүүдийн 50 гаруй хувийн дэмжлэг авлаа. Ингэснээр уг хуулийн төслийг гуравт эрэмбэлэн хэлэлцэхээр боллоо.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ