…Өмнө нь хоёр ч хүүхэд аваад алдаж элгээ эмтэлж хаширсан… “Гэрийнхээ тоонын даагаар оруулаад ав. Хүн орсон газраасаа өөр газраар гардаггүй юм. Танай голомтны хүү байна” гэжээ. Аав гэртээ бөөн хөөр ирж, ёс төр бэлтгэн, ахтай минь цуг очин намайг өвөртлөн ирж, ахыг гэр дээр гарган дотроос нь тосож, тооноороо оруулсан гэдэг… Аав намайг гэр дээр гаргах тун дургүй, -Миний хүү багана дагаж авирч болохгүй шүү гэх… Манай тооно шилэн жаазтай хорготой… Ямар ч халуунд баруун талын шилэн хорго онгойхгүй. Хожим үзэхэд тоонотой нь хамт янгинатал хадсан байж билээ… (Зургаан шаргын уяа буюу тоонын даагаа онгойлгоогүй айл)
…Эрхлүүлж, тэнэглүүлж, эцэс төгсгөлгүй хайрлаж өсгөсөн… Би айл хотолд нэртэй айхавтар эрх… Адуунаасаа морь барьж хуурцагтай хөгжмөөр сольчхоод ангидаа бүжиг зохиох. Айлын хүүхдийн унадаг дугуйгаар морио наймаалчихдаг… Ээжийн зэмлэсэн харцнаас хамгаалж: -Өө эр хүний хийсэн наймаа эргэж буцалтай нь биш гээд инээж суух. (Аав минь, ахин дахин бичих мөнхийн сэдэв минь) Аав бид хоёр нутгийнхаа өндөр уул бүхний орой дээр гарсан байх… Уулсын нэр цохон, нүдэнд таниулж, ус гол бараадан хоноглож, эмээлээ дэрлээд зуны үдэш ярилцдаг байсныг би мартдаггүй юм. Аавынхаа тамхины үнэртэй энгэрт нүүрээ нааж, адуу тургилан өвс зулгаах, голын урсгал, мэлхийн дууг сонсон унтах мөн ч сайхан… (Аавын гэр амгалан)
…Дарийм нагацтайгаа уулзаж, төрсөн ижийнхээ талын үлгэр домог шиг түүхийг сонсоод их бахархаж билээ. Нагацын тал минь ОХУ-ын Агын буриадын Тавтанай, Дульдрагаар нутаглаж асан буриадын ноёдоос угсаатай. Одоо ч буриад түмэндээ хүндтэй Үржин селон буюу генерал, Тавтанайн Дугар генерал гэх үеэл ах дүүсийн удам. Энэ хоёр эр Нармай Монгол хөдөлгөөний удирдагч, үндэсний баатрууд аж. Үүнд омогшин Хайлаар, Манжуур, Харбинаар нэлээд явж судалж билээ. Хайлаар Шинэхээн буриад дунд Насан-Өлзий, Нацаг гээд хэдэн дүнжгэр буриад садантай болсон шүү. Ураг төрлөө мартсан намайг Шинэхээн буриадууд Үржин селоны удам гээд тэнгэрт тултал хүндлэхэд төрсөн ижий, нагац талын өвөг дээдсээрээ үнэнхүү бахархаж билээ. Дүү генерал Тавтанайн Дугарын хөшөө Улаан-Үдэд байдаг гэх, очиж хүндэтгэл үзүүлж амжаагүй л явна. Энэ тухай төрсөн эгчтэй ярьтал ихэд баярлан хамт Хайлаар орох тухай ярьсан боловч эгч минь гэнэт буцсан даа. (Өнө мөнхийн залуухан ижий минь)
…Мээмийн цээжинд хэдэн боть үлгэр байсан… Гучин хоёр модон хүний үлгэрээс өгсүүлээд Ушаандар, Гэсэр мэргэн хаан, Шилэн галзуу баатар гээд олон үлгэрийг нь хүлхэж өссөн… Мээмийн араар хэвтээд үлгэр сонсох гэдэг боловсрол байж… “Аан, за тэгээд” гэж чимээ өгөхгүй бол Мээм уурлана, “Сохор хүн сонсож байгааг чинь яаж мэдэх юм бэ, чимээ өгч бай” гэдэг сэн. (Үлгэр хүлхэж унтдаг байлаа)
…Жаргалантын голын эргээр битүү цэнхэр, ягаан, шар, цагаан цэцэгс өнгө алаглан мөн ч сайхан… Цэцгэн дунд орж нуугдаж тоглодог байсан гэхэд одоогийн хүүхдүүд итгэхгүй дээ. (Фермийн айлууд) …Чавх хийж, шувуу агнах нь хүүхэд бидний дуртай ан… Ганц Бямбаа энэ тоглоомонд оролцохгүй. Шувуу агнахад Бямбаа хэзээ ч цуг явахгүй… Өвөөгөө багадаа алдсан. Өвөөг нь өнгөрөхөд “Хойд насандаа жигүүртэн болж төрнө” хэмээсэн учраас шувуу харваж тоглоогүй. Өвөөгөө гэх хайр нь түүнийг шувуу агнах их нүглийг хүүхэд насанд нь хийлгээгүй юм… (Шувуу агнадаггүй жаал) …Манай ангид Тогосмаа ирж, ирсэн өдөр нь шахуу чулуугаар толгойг нь хагалж… Жаргалантын голын эргээр гүйж явтал Ганболд голын тохойд Оюунааг тэрэгтэй нь хөмөрчхөж билээ. Ус бурчигнаад л одоог бодвол Дунд гол их устай байсан. Тэргэн дороосоо дүүгээ автал хахаж цацаад л уйлсан. (Хэрлэнбаян-Улааны салаа)
…Хорлоо гуай бүлээн ус хийлгэн шавшиж, алчуураа салгаж авахад хөгшний хуйх чулуунд хэгз цохиулсан байлаа. Өрөвдсөндөө би уйлж, сүүлдээ эхэр татан, цагаан даавуу цуучиж, Мээмийнхээ заавраар ээжийн хатаасан таван салааг хүүхдүүдийн дайсан галзуу Хорлоо гуайн толгой дээр тавьж, боож өгч билээ. Тэр үдэш Мээмийн орны наагуур гудас хаяулж дээлээ нөмөрч хоносон Хорлоо гуай олон ч үлгэр ярив. Түүнээс хойш Хорлоо гуайг шоолдог хүүхдийн тооноос би хасагдсан. Гудамжаар хүүхэд нохой шуугиулсан Хорлоо гуай нэг л мэдэхэд алга болсон байлаа. (Хорлоо гуай)
…Наяад онд Улзын хөндийд хөдөлмөр бүтээл ундарч байв. Хойд Онон багт л гэхэд Шивэрмандал, Ац, Баянголын ферм, Уртын мал төллүүлэх бааз, Баян-Өлзийт багт Эмээлийн төв, Уртын эмчилгээ тэжээлийн цэг, бага сургууль, Ангитын хоолойн тууврын дамжин өнгөрүүлэх, говь хангайг усжуулсан гүн өрмийн худгууд, мал угаах ванн гээд бэлчээр нь устай, мал сүрэг өсөж үржсэн он жилүүд байсан. Сумын төвд трактор засварын 30 газар, трактор машины халаалттай 30 дулаан гараж, иж бүрэн тоноглогдсон үр тарианы үтрэм, худалдаа бэлтгэлийн анги, хоёр давхар зочид буудал, тоосгон орон сууц гээд их бүтээн байгуулалт өрнөж байлаа… (Наяад оны миний нутаг)
…Сургуулийн багш нар цаанаа нэг эрхэмсэг… Үнэгэн захтай пальто, дэгжин цүнх, цэвэрхэн костюм, хээнцэр цув өмсөнө. Шинэ ном, дуу шүлэг тэдний дундаас түгж, одоогоор бол хит болно… Соёлыг дэлгэрүүлэгчид, үлгэрлэн үзүүлэгчид бол миний багш нар байсан. Урт драп, гялалзсан ботинк өмсөж, зангиа зүүж, дипломат цүнх савлуулж алхлах нь ямар гоё харагддаг байсан гэж санана… Зүгээр ч нэг ганган бус, хэлж ярьж, биеэ авч яваа нь гоё… (Соёлын үрийг таригсад)
..Нийгмийн шилжилт, ороо бусгаа үе гэдэг хүмүүнийг мохоож, аж амьдралын хэв маягийг ямархан хурдан өөрчилж болдгийг энэ л их нүүдлээс ухаарсан. Норовлин хэмээх бяцхан суурин шатрын хөлөг дээрх хожигдож буй талын өрөг шиг өдрөөр жижгэрч, хоногоор ховхрохыг харахад их гунигтай… Өглөө босоход нэг айл орон хот руу нүүж, хашаа нь хоосроно… Сумын хэмжээнд ганц дизель хоногт хэдхэн цаг асаж, сүүлдээ харанхуй, гэрэл гэгээгүй суурин болсныг хүмүүс мартаагүй нь л лав. Лааны гэрэлд сүүтгэнэж, зарим үед лаа ч үгүй, дэнгийн гэрэл төдийхнөөр үдшийг өнгөрүүлж байв… Нэг хонь атга дүнс, балга архи хүрч байсан хэцүүхэн он жилүүд. (Ерээд оны их нүүдэл)
“…Байхгүйн зовлонг үүрч өглөө оройгүй ажил руугаа алхах… Ээж минь “Энэ сайхан ажилдаа яаж ийгээд яваад бай, аандаа болно гэнэ. Нээрээ л хоёр гурван сарын дараа ажил жигдрээд аятайхан болж билээ… Ижий минь дэргэд байгаагүй бол аль эрт няцаж ажлынхаа амт шимийг хүртэхгүй байсан байх… (Хөхөнд нь сүү ивлэсэн ижий мину)
“…Нялх үрээ алдчихаад хөхөндөө гашилсан сүүгээ саагаад сууж байгааг нь харсан цагаас хойш энэ хүнийг дахин хэзээ ч зовоохгүй гэж өөртөө амласан… Миний хань ижийг минь охин шиг нь асарсан. Өвөр дээрээ толгойг нь тавиад гэзгийг нь угааж суусан нь нүдэнд харагддаг. Бидэн хоёр ижийгээ үдэж, охиноо алдаад цууртал гашуудаж, цурхирч явсан үе бий. (Эх хүн буцахдаа өөрийгөө хувилж үлдээдэг) Гэтэл энэ дэлчгэр хар төрж, бид хоёрын элгийг дэвтээсэн юм… Хүү төрж, хавар нь нутагтаа ирлээ… Гэтэл Юра аав ороод ирэв. Ялимгүй халмаг, үүдэнд зогсож өврөө ухаад: -Май миний охин гээд нэг юм өгмөгцөө “хүүе” гэхийн завдалгүй гараад явчихлаа… Чивчиртэл эвхсэн ногоон зодог шуудаг… Нэг л сонин огшоод явчихлаа. Хүү төрүүлсэн бэрдээ зодог шуудгаа атгуулаад гараад явчихсан нь тэр… Юра аав намайг, би ч төрсөн аавыгаа битүүхэн мэднэ. Хаа нэг халамцуухан таарахаараа духан дээр үнэрлэдэг байв. Гэхдээ л их гирвэшиж явсан бид хоёр, бие биенээсээ. (Аймгийн зааны ногоон өмсгөл)
…Миний төрсөн эхийн тал Тавтанай нутгаас 1918 онд Монголд нүүж орж иржээ. Тавхайн Дугар бол Буриадын үндэсний тэмцэгч юм. Долсоны хүү Бадам, Бадамын хүү Жамсрангийн дүү охин Чимэдээс миний төрсөн эх Төмөрийн Ганцэцэг, Дарийм хэмээх хоёр охин төрж, Ганцэцэг ижийгээсээ Түмэндэмбэрэл эгч бид хоёр төрсөн. Тавхайн Дугар, Бадамын Жамсран нарын гурав дахь үеийн төлөөлөл нь эгч бид хоёр юм. Тавхайн Дугар Баатар цагаан хааны хурандаа. Дугарын үеэл дүүс болох Бадамын Чүлтэм цагаан хааны Армийн эмнэлгийн Дорно дахины факультетын доктор. Түүний ах Бадамын Жамсран бол өндөр эмээгийн минь ах, Оросын эзэн хааны эмч, Петр Бадам нэрээр түүхэнд үлджээ.
Гарамын Үржин Японы Квантуны армийн дэслэгч генерал. 1917-1923 оны Оросын иргэний дайн, Дэлхийн II дайнд оролцсон. Үржин Гармаев 1888 онд өнөөгийн Өвөр Байгалын Бооржийн Тогоото сууринд төрсөн. Читад сургууль дүүргээд, багш болж, иргэний дайны үед атаман Семёновын штабт алба хаажээ. 1921 онд бөлөөрөө Манжуурт очиж, 1933 онд Манжго улс байгуулагдахад буриад, халхаас бүрдсэн морьт цэргийн хоёр полкийг командалж байлаа. 1938 онд Манжго улсын генерал болж, 1945 онд Японы армийг ялагдсаны дараа большевикуудад баригдан, 1947 оны 3 сарын 13-нд буудуулжээ. 1992 онд ОХУ-д түүнийг цагаатгасан байна. Үржин Гармаев бол Монголчуудыг нэгтгэх "Нармай Монгол" хөдөлгөөний удирдагчдын нэг байлаа.
Тавхайн Дугар 1850-иад онд Чита хотын ойролцоох Дульдрагын Тавтанай хэмээх газар төрсөн. Санкт Петербургт цэргийн академи дүүргэж, хаант Оросын морин дивизийн командлагчийн албыг хурандаа цолтой хааж байгаад 1917 оны хувьгалын үеэр нутагтаа ирж, хувьсгалчдын эсрэг орос, буриад залуусыг удирдан тэмцэж, үймээнд нэрвэгдсэн буриад түмний Монгол, Манжуур, Хайлаар руу дүрвэх нүүдлийг хамгаалж, Оросын эзэн хааны цэргүүдтэй хамт Манжуур, Харбин хүртэл тулалдаж явжээ. Хожим нь большевикуудад баригдаж Эрхүүгийн орчимд цаазаар авахуулсан. Гэвч 1992 онд түүнийг цагаатгаж, Улаан-Үд хотод хөшөөг нь босгосон түүхтэй. (Ижийн минь талын өвгөдийн эмгэнэлт түүх)
…Есөн сар эмнэлгээр явж, өндийх тэнхэлгүй шаналан хэвтэхэд наранд шарагдсан бор бүсгүй гурван улирал эмнэлгийн гадаа сахиж, эм тариа, хоол шөл зөөн зүдэрч явсныг… Намайг өвдсөн зун хүүхдүүд минь гундаж, хань минь ямар их шаналсныг эмнэлгээс гарч гэртээ ирэхдээ харцнаас нь уншиж билээ… Аавыг нь өвдсөнийг мэдрүүлэхгүй гэж, өөрөө ядарч гуньж байгаагаа нуух гэж яаж хичээж байсныг одоо ч мартаагүй… “Хэрэв босдог л юм бол ханиа, хүүхдүүдээ, амьдралаа босгоно доо” гэсэн бодол надаас салсангүй. (Эх хүн буцахдаа өөрийгөө хувилж үлдээдэг)
Ижий минь цэнхэр Улзын хөндийд эгч бид хоёрыг үлдээгээд явсан… Орчлонд хоёулхнаа үлдсэн ганц эгч минь… амьдралд нухлуулж ахуйд дарагдан нэг л өөр хүн болчихсон мэт байж билээ… Төрсөн ганц эгчийгээ цуварсан дөрвөн цогцостой хашаанаасаа нэгэн өглөө үдсэн. Ижийнхээ нойрсож буй Алтан уулын энгэрт оршоосон. (Харууслын зун)
Зовлон ер нь даврамтгай, нялхарч нялцайвал улам ахиж эзэгнэх гээд байдаг. Хүн өөртөө хайр найргүй хатуу байх ёстой юм билээ… Аав ээжийгээ алдахад харуусан гашуудавч орчлонгийн жам ийм шүү дээ гэж тайтгарах. Харин үр хүүхдээ алдах бол үзэшгүй халаглал, өндийхөд амаргүй өнчрөл юм билээ. Ирж буцахын эрэмбэ алдагдаж, үрээ үдэх амаргүй. Сэтгэл сөхрөхөд өрх гэр сөхөрнө. Ажил албаа орхиж, найз нөхдөөсөө залхаж, хаалгаа түгжин, хоёр жил гаран дайжсан… “Яасан гэж энэ вэ? Би юуг буруу үйлдэв?” гээд элдвийг эргэцүүлж элгээ эвхсэн. Уйлж мэгшиж, амьдралыг зүхсэн… Гэтэл уруудаж доройтохоос өөр юунд ч хүрээгүй. Хажуу дахь ханиа хий зовоож, хайран цаг хугацааг алдсан… Амьдрал уруудаж эхэлсэн байсан. Гэхдээ гашуудлаа тайлж дусал ч архи амсаагүй. Нялцайгаад ирэхээр элэг хүртэл өвчилдөг. Хүн өвдгөө биш, сэтгэлээ тулж босдог юм билээ. (Сэтгэл бүдэрч хэрхэвч болохгүй)
…Богд Жавзандамбын хоёрдугаар хатан Гэнэнпилийг Улзын цагаан адуутынхан гэж судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Улзын цагаан хошуугаар зуслантай, Онон мөрөн Өлзийт овоо, Замтаар өвөлжөөтэй байсан… Ямартай ч Цагаан адуутынхны садан төрөл одоо ч Норовлин суманд аж төрсөөр. (Улзын цагаан адуутынхан)
…Нэгдлийн үед Ангийн төлөвлөгөөг ганцаараа биелүүлдэг байсан гэж ярьдаг сан, Самдан өвөө… хааяа нэг алдаж шархдуулбал өөрийгөө зэмлэн уйгагүй мөрдөж байж агнана… Нэг удаа ууланд явж байгаад чонотой халз тулжээ. Ан газрын дээд талд өөрөө эгц дор нь морьтойгоо… “Би буудна энэ наашаа өнхөрнө, морь бусгана би буугаа тийш нь шидээд өөрөө ийшээ үсрээд” гээд бодож бодож буудаж орхитол морь ч үргэсэнгүй, өнөөх ч өнхөрсөнгүй дороо гулсаад зогссон…” (Тогоо дүүрэн гахайн сааль буцлахад)
“Хөлстэй морь унасан бараан царайтай хүн бууж морджээ. Ангийн мах хүртэж” гэх зэргээр харсан мэт хэлж, үйл заяаг тэгшлээд өгөх буурлууд минь байсан. Мял ах төрөлхийн хараагүй атлаа ямар сэжмээр энэ бүгдийг тайлан хэлдэг байсан юм бол оо? Зоос шувтарч, шоо үзэх хараагүй атлаа зовлонг тайлан учиглах нь гайхалтай… Бадрах гуайн есөн зоос хэлтгий буух нь ховор, алдуул, эрэл сургийг алган дээрээ тольдох мэт хэлэх чадвар лав эгэл биш. (Бурхадтай ярилцдаг мэргэд)
…Гэтэл өвгөн: -Оросоогийн нөгөө эрх шар уу? Чамайг нэлээд хөдөлгөөнтэй, орон шоронгоор явсан хэцүү хүн болох болов уу гэтэл бузгай аятайхан яваа сурагтай гэж хэлэхэд нүүр халуу төөнөөд явчхаж билээ. Ийм л түс тас яриатай өвгөн байсан даа. (Фермийн айлууд)
Өгүүлэх ину:
Сайхан номыг шимтэн уншчихаад хойш тавьж, ганц хоёр жил мартагнаад дахин гаргаж уншихад тухайн номыг, зохиогчийг нь ч шинээр нээдэг тал бий. Өнөөгийн уншигчид ч зохиомол өгүүллэг туужаас илүүтэй бодит амьдралын тухай өгүүлсэн дурсамж, баримтат зохиолыг илүү ихээр сонирхон уншдаг болсон гэх. Тийм нэг уншууштай, мөлжүүртэй номын хэсэг бусгаас ийн эш татлаа.
Ямартай ч хүн мэддэг юмаа илүү бичдэг. Дэлхийн том зохиолчид төрсөн нутаг ус, хүн зон, ялангуяа өсвөр насандаа үзэж харснаа илүү бичдэг гэдэг. Хамгийн ойрын жишээ татахад Д.Цоодол гуайн Харамчийнхан, Тэнэг дууль, Б.Лхагвасүрэн гуайн Боржгины бор тал, Ижийтэйгээ үзсэн наадам гээд дурдаад байвал урт жагсаалт гарна.
“Нэг их ном хөглөрүүлсээр, нэг л өдөр нутагтаа очно. Өөрийн хүүхдүүдээ өдлүүлж нисгэчхээд, нутгийн хүүхдүүддээ оюуны сөд нэмнэ… Хүүхэд залуусыг цуглуулж, уран зохиолын "Гэр дугуйлан" ажиллуулж, номоороо баярхаж, залуусаараа онгирч, “Энэ чинь Норовлин школ байхгүй юу” хэмээн аархана… Манай Улз нутаг “Мэргэд гарахын орон” болно. Залуус дүү нар минь хүлээж байгаарай. Нэг их их удахгүй ээ (Миний мөрөөдөл) хэмээн хөөрдөг Уран бүтээлтийн “Цэгц аравт” нэгдлийн тэргүүн, зохиолч яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амьдрахуйн үндэс” ном хэвлэгдээд нэгэн оныг үджээ.
Энэ ном бүхэлдээ мань эрийн хүүхэд насны дурсамж, 1980-аад оны Норовлин сум, Улз нутгийн ажилч хичээнгүй хүн зон, хүүхэд багачуудын тоглоом наадам, уяачид, бөхчүүд, гарын уртай хүмүүс, атаман хулигаан гээд бараг бүх хүнийг багтаажээ. Монголын нууц товчоог ягштал цээжилж, уул усны нэрс, үүх түүхийг арван хуруу шигээ мэддэг Халзан Жамбаа, Норовлингийн их найрагч ба дуун хөрвүүлэгч хоёр ланзгар Нэргүй, архи сайхан ууж, найраг шүлэг урсгадаг Үст Хуягаа, хуучин цагийн атаман, хүний мөстэй Яндан Цагаан ах, олон арван ном цуглуулж, уншиж бичдэг мянгат малчин Хамар Энхээ, радиог утсаар холбож хоёр гэрийн хооронд ярьдаг, банзан гитарыг радиотой холбон хөгжмийн хэмнэлээр гэрэл нь анивчдаг диско хөгжим хийчихдэг Тогоон зэрэг элдэвтэй эрсээс өгсүүлээд нутгийн сайхан баавай нарын дүр төрх, ааш занг нүдэнд харагдтал өгүүлжээ. Уншаад байвал өөрөө ч Улзын хөндийд өссөн мэт санагдаж мэднэ.
О.Түвшиндэмбэрэлийг би “Улзын гашуун үгт” гэж шоолно. Гашуун ч үгтэй, гашуун ч бичлэгтэй эр. Гашуун зовлонг туулж боссон найзын минь үг харин гарцаагүй үнэн байдаг билээ.
АРХИНЫ ТУХАЙ, БАС ӨӨРИЙН ТУХАЙ
Ууж байсаан, гэхдээ гэр орон, эхнэр хүүхдэдээ агсам тавьж дүвчигнэж явсангүй. Тасарч байсаан, гэхдээ хүүхдүүдийнхээ дэргэд нохой шиг тийчилж, гахай шиг заваарч байсангүй. Донтож, шунаж, халуурч байгаагүй учраас архичин гэх ангилалд орж явсангүй. Азтайдаа ч биш архи таалагдаагүй учраас аль эрт татгалзаж орхисон хэрэг. Алба хашиж, анд нөхөдтэйгөө дарвиж уусан, амссан өдрүүд бий… Гэхдээ дотор засаж, шар тайлах нэрээр өчигдрийн хороо маргааш нь үхэх гэж байгаа юм шиг залгилж явсангүй!!!
Урт наслах гэж, эсвэл ухаантай соёлтой харагдах гэсэндээ ч биш. Ургаж өсөж буй үрсдээ утга учиртай эцэг хүн байх гэж, эрүүл саруул эр, аав хүн байснаараа эгнэгт дурсагдан үлдэх гэж энэ хорыг дийлсэн юм. Миний согтуу төрх хүүхдүүдийн минь ой тойнд хэзээ ч үлдэх ёсгүй! Тийм ээ, хүүхдүүдээ ухаан суухаас өмнө согтуугаа таслан зогсоосон би жирийн л аав. Миний аав ч одоо надад согтуу байсан нь санагддаггүй. Ээжид минь агсам тавьж, эсвэл бөөлжиж, энэ тэнд гишгэж байсныг би мэдэхгүй ээ. Эцэг чинь согтуудаа… гэж үеийнх нь улс хожим ярихыг нь сонсоогүй. Би ийм л аавын хүү.
Надад хаа ч очсон нутгийнхаа гудамжаар орилж чарлан агсарч, эсвэл уйлж дуулж явсан нь үгүй! Зах зээлийн хүнд цаг үед залуу нас минь өнгөрсөн. Хэдэн муусайн найз нар минь ч цуг туулсан нь үнэн. Гэтэл өнөөдөр зарим нь алга!!! Гэмгүй сайхан нутгийн ах нар минь ч бас л алга!!! Эмгэнэлтэйгээр, элгээр, эрсдэл ослоор… гээд эрт явчихсан. Эдгээрийн шалгаан нь өнөөх л архи!!! Өглөө эрт ээ сумын дэлгүүрийн үүд царайчлах өнөөх хэд дээр минь залуус бүү нэмэгдээсэй!!! Өвөр түрий өнгөлзөн ганц шил юм царайчлах өнгө алдсан царай, үнэр нь нэхшсэн төрх өнөөгийн сайхан залуусаас холуур байгаасай! Үүнийг л сахиустай бол шидтэн бүхнээс, савдагтай бол уул хайрхнаасаа хүснэм.Төлөвшөөгүй цаг үеийн төлөөс дууссан!!!
Сумын дэлгүүрийн өмнө бөртөгнөх цөөн хэдэн нөхдөдөө хааяа цухалдаж, заримдаа өрөвддөг. Амаргүй цагийг туулсан даа, архиар тайтгарсан, ажилгүй, цахилгаангүй, алслагдсан сумын 90-ээд оны андууд минь!!! Сургууль соёл, ажил бизнес аль аль нь тэр үед бүрхэг харанхуй байв. Өнөөдөр өмнөхөөс өөр, өчигдрөөс өөрчлөгдсөн шүү!!! Сумын дэлгүүрийн үүдэнд бөртийж үлдсэн хэдхэн андууд минь амьдрахын тулд архиа орхи! Алдаагаа нөхөж сархдаас татгалзчих л даа! Нутаг ус чинь баярлаг, амьтан ах дүүс чинь амар амгалан байг.
Өнгөрсөн ороо бусгаа жилүүдэд хэчнээн эрс сөхөрч, хэчнээн гэр бүл цөхөрч салав аа?! Хэдэн арван хүүхдийн нулимс урсаж, гэргийн гомдол гол зураа бол оо? Үнэндээ энэ бүх өнчрөл гуниг, үхэл хагацлаар бид өнгөрсөн цагийн хүндийг туулж, өнөөдрийн өгөөг өгсөн юм биш үү? Миний хувьд хар багаасаа тоглож өссөн найзууд, томоогүй цайлган нутгийн ах нараас минь нэлээд нь өнөөдөр алга!!! Орь залуугаараа архи чиний хоронд, амьдрал чиний амаргүй цаг үеийн төлөөсөнд тэд явсан. Одоо бидэнд нэмж төлөх амь, золиослох гэр бүл, зовоох хань ижил үр хүүхэд байхгүй шүү!!! Одоо болсон, архи чамаас ах дүүс, айл хотлоороо үүрд хагацъя гэж Улз нутгийнхандаа уриалж байна.
До.Болдхуяг