Монгол Улс жилдээ 40 сая тонн нүүрс гаргах ойрын төлөвлөгөөтэй. Алсдаа 70 сая хүргэх зорилготой. Гэхдээ гадаад, дотоодын хүчин зүйлс монголын экспортод эерэг ба сөргөөр нөлөөлдөг. Учир нь, нэгд Монголын дэд бүтэц, тээвэр ложистик, боомтын хүчин чадлаас хамаарна. Хоёрт, худалдан авагч орны төрийн бодлого, шийдвэрээс шалтгаална.
Импортын хувьд Монголын гол коридор ньТяньжин-Эрээн-Замын-Үүд бол экспортын хувьд Өвөрмонголын Бугатаас цаашлах боломжгүй. Монголын уул уурхайн баялгийн гол худалдан авагч нь Хятад хэдий ч Өвөрмонголын Бугатын гангийн үйлдвэрүүдэд нүүрсээ нийлүүлсээр ирсэн. Бугатын гангийн үлйдвэрүүдэд бид хангалттай хэмжээндээ нүүрс нийлүүлдэг гэсэн үг.
Тиймээс Монгол Улсын хувьд Бугатаас цаашилж, Хятадын гол зах зээл рүү нэвтрэх, улмаар далайгаар дамжин гуравдагч зах зээл рүү гарах гол гарц нь Тяньжины боомт.
Монгол Улс руу тээвэрлэгдэж буй ачаа барааны 80 гаруй хувь нь Бохай тэнгисийн эрэг Тяньжин боомтоос тээвэрлэгддэг. Тяньжин боомт нь ачаа эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд 8-д эрэмбэлэгддэг ба Монгол улсруу жилдээ 75000 чингэлэг ачаа тээвэрлэгддэг тухай Ерөнхий сайдын айлчлалын албан мэдээнд дурдагджээ. Энэ өдрүүдэд /2022.VI.26-VII.01/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжинд болж буй “Зуны Давос”-т оролцохдоо хэд хэдэн улсын Ерөнхий сайд болон зохион байгуулагч орны удирдагч Шин Жиньпинд бараалхаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан байна.
Монгол Улс Тяньжин боомтод 10 га газар эзэмшдэг. Энэхүү газрыг тээвэр логистикийн төв болгосноор Монголын нүүрсийг Хятадын өмнө зүгийн хэрэглэгчид болон дэлхийн зах зээлд борлуулах боломж бүрдэнэ. Тиймээс Ерөнхий сайдын айлчлалаар яригдсан эхний сайн мэдээ нь тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавьсан тухай. Мэдээжийн хэрэг, талууд хэн, хэн нь хэлснээ бодитоор хэрэгжүүлэх нь хамгийн гол ажил.
Газар доорх нийт 17 нэр төрлийн баялгийн үнэлгээ 3.1 их наяд ам.доллар. Гэхдээ газрын доороо бол энэ нь шороо төдий гэсэн үг. Нэг хүнд нэг сая ам.долларын байгалийн баялгийн нөөцөө ашиглаж, үүнийгээ дэлхийн зах зээлд хүргэж байж л монголчууд баяжина. Хэчнээн баялагтай ч, хөрөнгө оруулалт, хүн хүч, техник технологи, хамгийн гол нь зөв бодлогогүй бол алтан дээр суусан гуйлгачин чигээрээ үлдэнэ.
Монгол Улс далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх эрхийг хүлээн зөвшөөрөх 1982 оны конвенц, 1965 оны Далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх худалдааны тухай конвенц, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх тухай 2013 оны Балигийн хэлэлцээрт тус тус нэгдсэн. Мөн түүнчлэн Монгол-Хятадын Засгийн газар хоорондын Монгол Улс, Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээрийг анх 1991 онд байгуулж, 2014 онд шинэчилсэн байдаг. Уг хэлэлцээрийн дагуу Монгол хойд болон зүүн хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдааны нээлттэй далайн боомтуудыг ашиглахаар тохиролцсон бий. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл Монголын баялаг далайгаас цааш гаталсангүй.
Мягмар гаригт Хятадын удирдагч Ши Жинпинь Ерөнхий сайд бараалхахдаа боомт болон хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, нэн ялангуяа Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Бичигт зэрэг боомтыг хоёр оронд харилцан ашигтайгаар багцлан хөгжүүлэх “Эрдсийн хойд хаалга” нээх талаар ярилцаж харилцан ойлголцсон гэх удаах мэдээ сонсогдож байна.
Дундад улс "Бүс ба зам" төслөө “Зөвшилцөх, бүтээлцэх, хуваалцах зарчмаар хамтын хөгжлийн боломжийг бий болгох явдал юм” гэж тодорхойлох болсон. Тиймээс Монгол Улс “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн стратегийг Хятадын “Бүс ба Зам” зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гол бодлого, стратеги төлөвлөгөөтэй уялдуулах талаар бодлогын тохиролцоонд хүрсэн гэх. Энэ талаас нь харвал Л.Оюун-Эрдэнийн онцолсон “Эрдсийн хойд хаалга” нь Евразийг холбох транзит тээврийн тухай байж мэднэ.
Ердөө 267 киломертийн зайтай Хятадын 18 триллион ам.долларын эдийн засгаас хүртэх өгөөж Монголын хувьд маш бага. Энэ нь хойд хөршийн явуулга, манай дотоодын улстөрчдийн популизмтай холбоотой.
Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монгол, Хятадын бизнесийн 50 байгууллага, компани худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хүрээнд 3.1 тэрбум юань буюу 420 гаруй сая ам.долларын гэрээнд гарын үсэг зуржээ. Монгол Улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онд оргилдоо хүрч байсан. Энэ нь Оюутолгойн төсөл гараанаас гарсантай холбоотой. Харамсалтай нь, өнгөрсөн арав гаруй жилийн хугацаад “Рио Тинто”-гоос өөр хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулжээ. Тэднийг дахиад урин дуудахын тулд бид тоглоомын дүрмээ тодорхой болгох ёстой юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ