"Талийгаач Г.Ганжаргалын анхны болон давтан задлан шинжилгээ зөрүүтэй"

Хуучирсан мэдээ: 2023.06.28-нд нийтлэгдсэн

"Талийгаач Г.Ганжаргалын анхны болон давтан задлан шинжилгээ зөрүүтэй"

"Талийгаач Г.Ганжаргалын анхны болон давтан задлан шинжилгээ зөрүүтэй"

Учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Хэргийг эргэн сануулбал, Монгол Улсын зөвлөх эмч,  Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал 2022 оны долдугаар сарын 9-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олдсон.

Талийгаачийн найз н.Энхжаргал:

-Энэ хэргийн араас эцэс төгсгөлгүй явж байх явцад эргэлзэх зүйл их гарч байна. Хууль хяналтын байгууллагуудын ажлаа хийж байгаа байдал, асуудалд хандаж байгаа өнцөг биднийг эргэлзэхэд хүргэж байгаа учраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Анх өндрөөс унаж нас барсан гэж дуудлага ирсэн. Дуудлага өгсөн байхад цагдаа нар хоцорч ирсэн. Дуудлага өгснөөс гурван цагийн дараа тэнд байсан оюутнуудад амиа алдсаныг нь дуулгасан байгаа юм. Өндрөөс унасан гэдгийг өнөөдрийг хүртэл шинжлэх ухааны үндэслэлтэй нотолж чадахгүй байна. ЦЕГ, Шүүх шинжилгээний үндэсний газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, хууль зүйн байнгын хороо, УЕП, Нийслэлийн ерөнхий прокурор онцгойлон анхааралдаа аваасай. Муу жишиг тогтох гээд байна шүү дээ. Унасан болгон ахуйн осол болоод байна.

Талийгаачийн эхнэр н.Отгонцэцэг:

-Талийгаачид хоёр удаа задлан шинжилгээ хийсэн. Одоо дахиад задлан шинжилгээ хийхээр тогтоол гарлаа. Анхны болон давтан хийсэн задлан шинжилгээ нь хоорондоо зөрүүтэй. Шинжлэх ухааны үндэслэлгүй байна гэж үзээд дахин шинжилгээ хийхээр болсон. Гурав дахь шинжилгээг хийхдээ физикийн болон гэмтлийн мэргэжлийн хүмүүсээр шинжилгээг хийлгүүлж өгөөч гэж хүсч байна.

Бид өмнөх шинжилгээнд яагаад итгэхгүй байна вэ гэхээр дөрвөн давхар буюу 11 метрээс унасан гэчихээд гавлын орой, зулай дээр нь язарсан урагдсан том хэмжээний шарх үүсчихсэн байсан.

Унасан газар нь чулуугүй өвс ихтэй байхад гавал тархины хүнд гэмтэлтэй. Дотор эрхтнүүд унасан тал руугаа гэмтэл, язрал байхгүй. Тийм байхад өндрөөс унасан гэж яаж батлаад байгаа юм бэ. Хүзүү, улаан хоолойнд цус хуралт үүссэн. Энэ чинь боолтын үндсэн шинж шүү дээ. Цээжинд том хэмжээтэй зулгаралттай. Хувцас нь урагдчихсан. Хэн нэгэнтэй тэмцэлдээд ингэсэн байж болох уу гэдэг талаас нь яагаад шалгаж үзээгүй юм бэ. Хэргийг хаахаас өмнө хийсэн хэргийн газрын нөхөн үзлэгт намайг оролцуулаагүй хэрнээ оролцуулсан гээд худал зүйл биччихсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд болон УЕП-д уулзах хүсэлтээ удаа дараа өгсөн ч уулзаж чадаагүй. Хэргийг замхруулмааргүй байна.

Талийгаачийн үеэл н.Гал-Очир:

-Нэр бүхий 5 мөрдөгч, шинжээч хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн. Тухайн өрөөний хурууны хээний бэхжүүлэлтийг бүрэн гүйцэт хийгээгүй. Талийгаачийн гарын хээг аваагүй. Мөн амьсгал боогдсон ул мөр хүзүүн дээр нь байхад шинжилгээг дутуу хийсэн. Талийгаачийн хувцсанд шинжилгээ хийх ёстой боловч хувцсыг нь уутанд хийгээд бидэнд өгсөн. Наад зах нь хувцас дээрх цусыг талийгаачийн цус уу, өөр хүний цус уу гэдгийг шалгах ёстой байсан. Үндсэндээ талийгаачийг доош харан унасан байдалтай олдсоныг хараад л өндрөөс унасан гэх дүгнэлтийг гаргачихсан. Өөр таамаг дэвшүүлээгүй. Хамт явж байсан хүмүүст ч үзлэг хийгээгүй.

Хэргийн газрын үзлэгийг ур чадвар дутуугаас эсвэл ашиг сонирхлын зөрчлөөс болоод дутуу хийсэн бол дутуу чигээрээ хэрэг шийдэгдэнэ.

Ингэж хэргийн газрын үзлэгийг санаатай, дутуу хийсэн нэр бүхий таван хүнийг АТГ шалгуулахаар өгсөн. АТГ тэдгээр таван хүний хэргийг шалгаж байгаа. Хэргийг хаахын өмнө хэргийн материалыг хохирогчийн ар гэрийнхэнд танилцуулдаг. Тэгвэл бидэнд хэргийн материалыг танилцуулчихсан. Тиймээс хэргийг хаах сонирхол байна гэж хардаж байгаа. Үхсэний хохь амьдын зол болно гэдэг. Үнэнийг олмоор байна.

Талийгаачийн дүү н.Дэлгэрмаа:

-Бид хардах эрхтэй. Зохион байгуулалттай аллагын хэрэг гэж бодож байгаа. Хэрэв тийм биш юм бол хууль хяналтын байгууллага нотлоод өгнө үү. Өндрөөс унасан гэж үзэж байгаа бол шинжлэх ухааны үндэслэлтэй нотлоод өг. Тэгвэл итгэнэ.

Талийгаачийн аав н.Ганбүргэд:

-Одоогоос жилийн өмнө энэхүү аймшигтай хэрэг гарсан ч шийдэгдээгүй өдийг хүрлээ. Үүнд харамсаж бас гомдож байна. Амарч байсан хүнийг тийш нь авч явсан хүмүүст одоог хүртэл гомддог. Давхцаагүй нэг зүйл хэлэхэд миний хүү архи дарс хэрэглэдэггүй байсан. Архи ууж, согтоод өндрөөс унаад эсвэл амиа хорлочихно гэж бодохгүй байна. Унаж үхээ л биз гээд хэргийг хаах гээд байна. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Ж.ДАВААДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж