М.Оюунчимэг: Малчдад улстөржсөн халамжийн бодлого хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2023.06.28-нд нийтлэгдсэн

М.Оюунчимэг: Малчдад улстөржсөн халамжийн бодлого хэрэггүй

М.Оюунчимэг: Малчдад улстөржсөн халамжийн бодлого хэрэггүй

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа


-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуульд орж байгаа гол гол өөрчлөлтүүд юу байна вэ?

-Нийгмийн даатгалтай холбоотой асуудал бол иргэн бүрийн амьдралтай холбоотой учраас маш чухал асуудал байдаг. УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг батлах төлөвлөгөөтэй хэлэлцүүлгүүд өрнүүлж байна. Нийгмийн бодлогын байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Миний бие ажлын хэсэгт орж ажиллаж байгаагийн хувьд хуульд засч залруулах, том зургаар нь харж ирээдүйгээ бодолцсон шийдвэрүүд гаргах нь чухал байна.

Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд ирээдүйд гавьяаныхаа амралтад гарахад төлсөн шимтгэл нь амьдралын баталгаа болохуйц байх, түүний зарцуулалт нь шилэн байх, нийгмийн даатгалын сан ашигтай ажилладаг байх, цалин, тэтгэвэр инфляцтай уялдаж хөдөлдөг байх, төлсөн шимтгэл нь орон сууц, боловсрол, эрүүл мэндийн баталгаа нь болдог байх зэргээр асуудлыг өргөн хүрээнд авч үзэж нухацтай хэлэлцэж байна.

Хамгийн гол нь санхүүжилтийг шилэн болгож өөрчлөлт хийх шаардлага тулгарсан байна. Иргэд өнөөдөр төлж байгаа татварынхаа хэмжээгээр ирээдүйд үр өгөөж хүртэх, цаашлаад тэтгэврээ өвлүүлэх асуудал анх удаа яригдаж байна. Өвлүүлэхээр бол ямар журам, ямар заалтад тулгуурлаж Засгийн газар шийдэх вэ гэх мэт олон асуудлыг уг хуулиар хөндөж байна. Улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, аймаг сумдаас саналыг авч байна. Ажлын хэсэг асуудлыг олон талаас нь авч үзэж илүү нухацтай ажиллах шаардлагатай байна.

-Нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдал, үйл ажиллагаагаа доголдолд орчихсон байгаа. Тийм учраас өнөөдөр НДШ төлсөн хэмжээнээсээ ирээдүйд үр өгөөж нь хүртэнэ гэдэгт иргэд төдийлөн итгэлтэй бус байна. Тийм учраас төлсөн татварын хэмжээнээс хамаарч үр дүнг нь хүртэх зохицуулалтыг хэрхэн тусгаж байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хувь хүн, аж ахуй нэгжүүд харилцан адилгүй санал хэлдэг л дээ. Тэр дундаа ажлын байр бий болгож байгаа аж ахуй нэгжүүдийн хувьд “Компани, аж ахуй нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд л байдаг. Төлөөд л байдаг. Үр өгөөж нь хангалттай биш байна. Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь жигдэрч, хөл дээрээ босоход дарамт учруулж байна. Тиймээс хувь хэмжээг нь бууруул. Эсвэл НДШ төлж байгаа аж ахуй нэгжүүдийнхээ тоог бууруул” гэдэг асуудлыг ч бас ярьдаг.

Манай тэтгэврийн тогтолцоонд гажуудал үүссэн. Учир нь улстөрчид нь сонгуулийн өмнө улстөржсөн шийдвэр гаргадаг. Тухайн шийдвэр нь ганц хоёр жил хэрэгжээд цаашид хэрэгжих боломжгүй болдог.

Энэ үед нь дахин хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар явсаар байгаад чөтгөрийн тойрогт оруулчихсан. Насаараа ажиллаж НДШ төлчхөөд эргээд тэтгэвэрт гарахад нь төлсөн татварынхаа хэмжээнээсээ хэт доогуур үнэлгээгээр тэтгэврээ тогтоолгодог. Тэр нь амьдралд нь хүрэлцдэггүй ийм өрөвдөлтэй байдалд байна. Тэр ч бүү хэл оршуулгын зардалд сая төгрөг олгодог байсныг хоёр сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Нийгмийн даатгалын багц хуульд ч энэ асуудалтай холбоотой хуулийн өөрчлөлт орж ирж байна. Мөн УИХ, Засгийн газраас долдугаар сарын 01-ний өдрөөс цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Тухайлбал тэтгэвэр тэтгэмжийг цаашид инфляцтай уялдуулж хөдөлгөдөг байх чухал шийдвэр гаргасан. Энэ нь ирээдүйд Нийгмийн даатгалын санг аврах, сангийн үйл ажиллагаа ашигтай ажиллах тэр боломжийг бүрдүүлэх шийдвэр боллоо. Өнөөдрийг хүртэл Нийгмийн даатгалын сан үргэлж алдагдалтай ажиллаж ирсэн. Түүнчлэн Монголбанкны шалгуур хангаагүй арилжааны банкуудад Нийгмийн даатгалын сангийн их хэмжээний мөнгийг байршуулж алдсанаас болж их хэмжээний хохирол учруулсан. Тухайлбал, Капитал банканд байршуулсан мөнгийг одоо болтол бүрэн гаргуулж авч чадахгүйбайгаа асуудал бий. Өнөөдөр Төрийн санд байршуулдаг боловч эргээд хүү бодогддоггүй гэх мэтээр НДС жилд 500 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ байдлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй.

Нийгмийн даатгалын сангийнхаа ашигт ажиллагааг хангахын тулд Нийгмийн даатгалын багц хуульд олон улсын стандартын дагуу, жишигт нийцсэн өөрчлөлтүүдийг оруулахаар хичээн ажиллаж байна. Гэтэл сүүлийн үед малчны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх зохицуулалт нийгэмд маргаан дагуулж байна. Хэрэв дахин улстөрийн шийдвэр гаргах юм бол Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг улам нэмэгдүүлнэ.

Малчид нэг талаас хувиараа бизнес эрхлэгчид. Тэгвэл хувираа бизнес эрхэлж байгаа иргэд өөрсдөө нийгмийн даатгалаа зохих ёстой журмын дагуу төлөөд хүртэх ёстой үр өгөөжөө хүртээд явах боломжтой юм биш үү. Заавал төрийн оролцоо бий болгох шаардлага байна уу?

-Нийгмийн даатгалын багц том хуулийг ганцхан заалт буюу малчны НДШ-ийн 50:50 хувиар төлөх гэсэн заалттай холбоотойгоор татан унагах, хуулийн ач холбогдлыг бууруулах,  хуульд ашиг сонирхлын зөрчил бүхий буруу заалт оруулах нь олон сөрөг талтай.

Малчдыг халамжийн бодлогоор дэмжих биш малаас гарах ашиг шимийг нь нэмэгдүүлэх өөр төрлийн бодлогоор дэмжих нь зүйтэй.

Буянт малын үр шим болох бүх төрлийн түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан мах, сүү, цагаан идээнийхээ үйлдвэрлэлийг сайжруулах, ашиг шимийг өсгөх, залуу малчдаа бүх талаар дэмжих, малын эрүүл ахуйн байдалд анхаарах нь жинхэнэ утгаараа малчдаа дэмжих төрийн бодлого юм. Цаашлаад татварын бодлогоор дэмжих, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зэрэг олон төрлийн бодлого байхад зүгээр л халамжлах бодлого орж ирж байна. Энэ утгаараа Нийгмийн даатгалын хуулийн төсөлд малчдыг тэтгэвэрт хамруулахын тулд төрөөс 50 хувийг даах тухай асуудал нь буруу жишиг тогтоох эрсдэлтэй. Нөгөө талаас зөвхөн малчдыг салгаж, ялгаж аваад татвар төлөгчдийн мөнгөөр НДШ төлөх тухай асуудал ярьж байгаа нь иргэдээ ялгаварлан гадуурхсан заалт болно. Тэр дундаа томоохон хэмжээний бодлогын реформ хийх гэж байгаа хуульд ийм заалт оруулснаар цаашид буруу жишиг тогтох, Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг улам нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай.

-Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байхад цалин тэтгэврийг долдугаар сарын 01-ний өдрөөс нэмэх шийдвэр гаргасан. Мөн л энэ санд ирэх дарамт нэмэгдэнэ. Багахан хэмжээний ашигтай ажилласан бол хуримтлуулж улстөржилгүй улс орноо бодсон шийдвэр гаргадаг байхад хэрхэн анхаарах ёстой юм бэ?

-Бид аль болох хуримтлал бий болгох, хөрөнгө оруулалт татах, эдийн засгаа хөгжүүлэх, солонгоруулахад анхаарч ажиллах нь зүйтэй. Тодорхой хэмжээний хуримтлал үүсгэсний дараа Баялагийн сан болоод Хуримтлалын сангаараа дамжуулж эдийн засгаа дэмжих бодлого явуулах нь Засгийн газрын бас нэг чухал үүрэг. Мөн үнийн өсөлтийг аваад үзэхээр өрхийн орлогыг ямар нэгэн байдлаар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байсан нь харагдаж байгаа юм. Иргэдтэйгээ уулзалт хийж байхад хамгийн хүндрэлтэй асуудал үнэ ханшийн өсөлт байсан.

Сүүлийн жилүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ 60-70 хувь хүртэл өссөн байхад тэтгэврийн мөнгө нь байрнаасаа огт хөдлөхгүй байсан нь алдаа болж, иргэдийг бухимдуулсан.

Тиймээс шат дараатайгаар иргэдийн орлогыг дэмжих нь зүйтэй гэж үзээд эхний ээлжинд төрийн зарим нэг албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Гэхдээ бодит үр дүнд хүрэх нь чухал. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг дагаад инфляц дахин өсчихвөл энэ шийдэл үр дүнгээ өгөхгүй. Тийм учраас УИХ-аас Засгийн газар болоод харьяа байгууллагуудад үнэ ханшийг тогтвортой байлгах, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг санаатайгаар нэмсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх механизмаа давхар шийдэх хэрэгтэй гэдэг байр сууриа илэрхийлж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн.

Насаараа НДШ төлчхөөд тэтгэвэртээ гараад маргааш нь бурхан болчих тохиолдол олон бий. Тиймээс хамтын болоод өвлөгддөг тэтгэвэртэй болох хууль эрх зүйн орчинд иргэд нэлээд анхаарч байна. Энэ талаар хуульд хэрхэн тусгагдаж байна?

-Нийгмийн даатгалын багц хуулийн бас нэг шинэчлэл бол тэтгэвэр өвлөгддөг байх тухай асуудал юм. Хуулийн заалтаараа 19 нас хүрсэн хүнд өвлөх эрх нь нээгдэж байгаа. Гэсэн хэдий ч уг заалттай холбоотой эрх зүйн нарийн зохицуулалт шаардлагатай гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байгаа. Учир нь яг ийм хууль эрх зүйн орчин анх удаа Монгол Улсад хэрэгжих гэж байгаа учраас олон талаас нь авч үзэх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж