“Нүүрсний хулгайг Гааль илрүүлж, цагдаад өгөхөд дарсан”

Хуучирсан мэдээ: 2023.06.27-нд нийтлэгдсэн

“Нүүрсний хулгайг Гааль илрүүлж, цагдаад өгөхөд дарсан”

“Нүүрсний хулгайг Гааль илрүүлж, цагдаад өгөхөд дарсан”

УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан “Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” УИХ-ын Түр хорооны хуралдаан өнөөдөр /2023.06.27/ боллоо.

Түр хорооны хуралдаанаар хөндөгдсөн ноцтой асуудал нь нүүрсний хулгайд цагдаа, тагнуул, хил, гаалийнхан холбогдсон тухай байв.

Түр хорооны тайланд дурдсанаар "Нүүрсний мэдээллийг АНУ-ын нийгэм, эдийн засаг, хөгжлийн асуудал, уул уурхайн салбарын бүхий л чиглэлийн тоон өгөгдлийг нэгтгэдэг ISI Emerging Markets Group-ийн CEIC системээс БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон нүүрсний тоо хэмжээ, БНХАУ-ын sxcoal нүүрсний албан ёсны тоон мэдээлэл, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын тоон мэдээллүүдийг ашигласан байна. Монгол Улсаас БНХАУ-руу экспортод гаргаж буй нүүрсний болон БНХАУ-ын Монгол Улсаас импортолж буй чулуун нүүрсний тоо хэмжээг 2008-2022 онд дараах байдлаар гаргажээ. 2008-2022 онд Монгол Улс, БНХАУ-уудын гаалийн ерөнхий газрын экспорт, импортын мэдээг зэрэгцүүлж үзэхэд 6.9 сая тонны зөрүүтэй байжээ. Үүнээс түр хорооны хяналт шалгалтын хамрах хүрээнд 2018-2022 онд Монгол Улс, БНХАУ-уудын гаалийн ерөнхий газрын экспорт, импортын мэдээг зэрэгцүүлж үзэхэд 3.2 сая тонны зөрүүтэй байж, уг мэдээллийг баталгаажуулах зорилгоор УИХ-ын Хянан шалгах түр хорооноос Гаалийн ерөнхий газарт “Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа нүүрс ачих буулгах талбайд бууж 2018-2022 оны хооронд экспортлогдсон нүүрсийг шалгах” хүсэлт гаргасны дагуу ажлын хэсэг томилон шалгалтын ажиллагааг зохион байгуулж “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ний нүүрс худалдах, худалдан авах 381 гэрээгээр 121.6 сая тонн нүүрс борлуулах гэрээ бүрээр гаалийн талбайд тулгалт хийж, шинжилсэн байна. Мөн нүүрсний ангилал шинжлэх лабораторийн дүнгийн зөрүү байгаа нь сайн чанарын нүүрсийг үнэгүйдүүлэх эрсдэл өндөр, 2008 оноос хойш 7.0 сая тонн нүүрсийг чанаргүй буюу эрчим хүчний нүүрс нэрийн дор 9-18 ам.доллараар борлуулсан нь Монгол Улсад асар их хохирол учруулсан байх магадлалтай байна. Шалгалтын хүрээнд “Тавантолгой” ХК компанийн өмнөх дээжид хийсэн шинжилгээний хариуг өөр лабораторид шинжлүүлэхэд зөрүүтэй байсан талаар дурдав.

Дээрх зөрчлүүд олон удаа давтагдан гарсан нь Гаалийн ерөнхий газраас өөрийн дотоод хяналтын шугамаар илрүүлж АТГ, ЦЕГ-т шилжүүлсэн зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй мэдээллийг зүйлчлэлийг нь өөрчлөн, хэрэгсэхгүй болгодог нь нүүрсний хулгай хавтгайрч, үүний төлөө хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголтыг бий болгоход тухайн үеийн Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын ажил хариуцаж байсан албан тушаалтнуудтай холбоотой" хэмээн үзжээ.

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-Нүүрсний хулгайд цагдаа, хүчний байгууллага маш их оролцсон. Хариуцлага ярих уу. Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Асралтын илтгэлд байгаа “Гааль дотоод хяналт шалгалтаараа нүүрсний хулгайг илрүүллээ гээд мэдээллээ хуулийн байгууллагад өгсөн. Гэтэл цагдаагийн байгууллага нь бүгдийг дарсан. Гурван асуудал байсан, бүгдийг дарсан, хэрэгсэхгүй болгосон. Ажлын хэсэг дээр ярьж байгаад цагдаагаас асуусан чинь “Уучлаарай, хэрэг байна ш дээ” нүүрсний хэргийг сэргээсэн. Тоглоом юм уу. Дүрэмт хувцас өмсөөд, эрх ямба эдлээд,  бороохой зүүгээд явж байгаа маш том хариуцлага. Тэртэй тэргүй мань мэтийг тагнадаг чагнадаг л биз. Тэр хүмүүсийг шалгах ёстой. Энэ асуудлыг УИХ ярихгүй бол тэдний ард тэнгэрийн хулгайч нар байгаа нь үнэн. Дандаа том улстөрчид, дандаа сайд дарга нар байсан хүмүүс байгаа. Одоо ч байгаа. Том юмны өөдөөс явж байгаа, эрсдэлтэй байж болно. Анхны садаанууд нь гарч ирсэн. Саад болсон хүмүүсийг УИХ дээр ярьж, хариуцлага тооцож болох уу. Энэ саналыг оруулах эрхтэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-“Эрдэнэс Тавантолгой” компанийг олон нийтийн хяналтад оруулах ёстой. Эдийн засагт оролцох төрийн эрх мэдлийн хяналтыг хязгаарлах ёстой. Ингэж цаашаа чөлөөт зах зээлийнхээ зарчмыг барьж байж, дэлхийн хэмжээнд олон улсын хэмжээнд компаниудаа бий болгох шаардлага байна.

Гаалийнхан хилээр гарч байгаа нүүрсний мэдээллийг цахимжуулаад ил тод болгоод байгаа. Нүүрсний талбай гэдэг ойлголт руу орчихсон. Гүний гааль гээд газар дээр нь ажиллуулах боломж байдаг юм болов уу. Санал болгох ёстой юм болов уу, зөвлөмжид нь. Тэгэхгүй бол яагаад заавал дамжлага байлгаад байгаа юм. Түүнд нь баахан хүмүүс өрсөлддөг. Тоолуур тавиад дундаас нь мөнгө авдаг. Энэ дээр нь гаалийнх нь хүмүүсийг тавиад, хяналтаа боомт дээр тавьчих юм бол, Хятад улсаас гаалийнхан нь мэдээг улирал улирлаар тулгая гээд оруулаад ирж. Ингэх юм бол ямар хулгай гарахгүй байх боломж бий. Мэргэжлийн хүмүүс хэлэх байх. Ийм байдлаар асуудлыг гүн гүнзгий тавихгүй бол Засгийн газар өнөөдөр БЭТ тавингуутаа ажил сайжирлаа гээд өөрсдийгөө хуураад яваад байна. Төр оролцоод ирэхээр хулгай бий болдог, шат шатандаа хулгайд нь оролцоод явдаг нь харагдлаа.

Гааль,  тээвэр, сүүлдээ Тагнуул орж ирж байна.  Хулгайд нь төрийн бүх л институт оролцоод явдаг нь харагдлаа. Хууль хяналтын байгууллага нь хариуцлагагүй ажилласны үр дагавар гарч байна. Тэгэхээр тогтолцоо системийнх нь хувьд өөрчлөхгүй бол нүүрсний хулгай гарлаа гэдгийг зарлачихаад асуудлыг шийдэх талаас юм хийхгүй бол болохгүй. Тийм учраас Т.Энхтүвшин гишүүний хэлсэнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон нийтийн хяналтад оруулах, олон улсын хөрөнгийн зах зээл рүү гаргах талаас нь зөвлөх үйлчилгээг нь аваад хийх ёстой гэсэн саналтай байна.

УИХ-ын гишүүн Б.БЕЙСЕН:

-Ховд, Цагааннуурын боомтоор явсан. Хөшөөтийн уурхайг шалгасан. Булган боомттой холбоотой тодорхой баримт шинжээчид өгсөн. Маш их хэмжээний баялаг алдагдаж байхад шинжээч тухайн үед ажлыг сайн хийнэ гэсэн хэрнээ хариуцлагагүй ажилласан. Тайланг нь сонсмоор байх юм. Ядахдаа тайлангаа ажлын хэсэгт өгч болно шүү дээ. 50-60 сая долларын нүүрс хилээр гарсан, хулгайгаар.

Цагааннуурын чөлөөт бүсэд сая ажилласан. Чөлөөт бүс нээх нэрээр шившиг боллоо. Хөрөнгө оруулагч ирээгүй. Аймгийн захыг нүүлгэж, нээлт хийсэн маягтай шоу хийж болохгүй. Цагааннуурын чөлөөт бүсийн удирдлага нь Улаанбаатар хотод байж байдаг. Энэ асуудлыг засгийн газарт танилцуулахгүй бол 17 жил ажил хийхгүй хэрнээ цалин авч байна. Хотод захиргаа нь байдаг, хүмүүс нь байдаг. Хоосон л хашаанаас өөр юу ч алга тэнд. Энэ асуудлыг шинжээчид шалгаад нүүрсний асуудал гэсэн. Гэтэл жижиг Тавантолгойгоор Ажнай Д.Бат-Эрдэнээр туг тахьсан болоод л өнгөрөх нь. Телевизээр ярьж байна. “Том ордоо гадаадын хөрөнгө оруулалттай компанид өгчихсөн байтлаа бид нарыг шахдаг. Хөрс хуулалтаар зовоож байна гээд ярьж байна.

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:  

-Цагаан нуур боомтын хувьд 10 гаруй жил болсон. Хашаа л байгаа, удирдлагууд нь Улаанбаатар хотод байдаг. Цалин аваад сууж байдаг. Өчнөөн тэрбум төгрөгөөр хашаа барьсан. Хашааны ид шид нь цас шуурга болбол малчид малаа оруулдаг. Дүгнэлтэд “Цагаан нуур боомтын чөлөөт бүсийн захиргааг орон нутагт нь ажиллуулах эсвэл татан буулгах санал гаргахгүй бол энд байгаа хүмүүс нь тэнд очиж үзээгүй хүмүүс ч байна. Цалин хөлс үрж, юу ч хийхгүй сууж байхаар зарим чөлөөт бүсийг татан буулгасан нь зөв  болов уу.

Та материал өгсөн, Булган боомттой холбоотой. Булган боомтоор гарсан нүүрсний мэдээн дээр зөрүү гарах боломжгүй гэж Гаалиас мэдэгдсэн. Хоногийн зөрүүтэй мэдээлэл байж магадгүй гээд орхисон.

УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:

-Өндөр дүнтэй гэрээг зах зухаас нь тусгасан байна. “Эрдэнэс тавантолгой” компанийн гэрээг ямар журмаар байгуулах ёстой юм. Гүйцэтгэх захирлын эрх мэдэл нь ямар байх ёстой юм. Том гэрээг яаж байгуулах ёстой юм. Олон гэрээ байгуулагдсан гэж байгаа. Нүүрс худалдан авалтын гэрээ, хөрс хуулалтын гэрээг авч үзсэн үү. Хууль зөрчиж байгуулагдсан хэдэн гэрээ байна вэ. Гүйцэтгэх удирдлагын хамаарал бүхий компаниуд энэ гэрээ байгуулж ажилласан компани дотор байгаа юу. Хамаарлыг нь гаргаж үзсэн үү. Б.Ганхуяг нь дураараа гэрээ байгуулаад байсан юм уу. ТУЗ-өөрөө оруулаад зөвшөөрөл аваад гэрээ байгуулаад байсан юм уу. Хэд нь яг хууль зөрчиж байгуулагдсан гэрээ юм.

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Г.ГАНБОЛД:

-“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оноос хойш 665 дотоодын худалдан авалтын тендер зарлаж, 9.8 их наядын худалдан авалт хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн дагуу явсан. Энэ дээр шууд гэрээ хийсэн зүйл нь хамгийн гол нь манайх төрийн нууцад авсан бол тусгай журам байдаггүй, ойлгомжгүй. Цаашдаа бид төрийн нууцад авсан бол ямар журмаар худалдан авалт хийх вэ гэдгийг тодорхой болгохгүй бол гүйцэтгэх удирдлагыг шоронгийн хаалга татахад хүргэж байна.

Шинжээчдийн дүгнэлтэд ноцтой гэж байгаа зарим худалдан авалтыг л оруулсан болохоос биш өнгөрсөн хугацаанд 3000 шахам нүүрсний гэрээг маш том баг орж л шалгахгүй бол дүгнэлт гаргах боломжгүй байсан. Үнийн дүн өндөр гэрээг л хамруулж, шалгасан. Засгийн газрын гагргасан тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани нь “Энийг нууцад хамааруулж болох уу” гээд бичиг явуулна. Тагнуулаас хамаарна гэвэл шууд гэрээ хийчихдэг. Тэгээд сүүлдээ ойлгомжгүй байдалд ороод ирэхээр тусгай журам гаргасан байдаг юм.

Эцэст нь Түр хорооноос хийсэн хяналт шалгалтын ажлын тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм. 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж