“Warner Bros” кино компанийн шинэ уран бүтээл “Barbie” кино долдугаар сарын 21-нд нээлтээ хийнэ. Уг киноны сургаар ягаан өнгө анхаарал татаж эхлэв. Сэтгэл санааг өргөх шидтэй барби ягаан өнгө нь 1980-аад онд ид моод болсон.
Харин орчин цагт ягаан өнгө олны анхаарлыг татах болсон нь 2022 оноос эхтэй. Тодруулбал, 2022 оны гуравдугаар сард “Valentino” брэнд намрын шинэ коллекцоо танилцуулахдаа ягаан өнгийг голчлон сонгосон байв. Тийнхүү 2022 оны турш загварын салбарыг тодорхойлсон ягаан өнгөний ноёрхол энэ жил ч дахин үргэлжлэх нь. “Barbie” киноны албан ёсны трэйлер гарснаас хойш ягаан хувцас, ягаан аксесуар, ягаан платформ гутал зэрэг нь зүйл энэ зуныг тодорхойлох нь дамжиггүй болжээ. Үүний нэг илрэл бол интернет орчинд хүмүүс ягаан өнгөтэй эд зүйлс хайх нь өмнөх онтой харьцуулахад 35 хувиар өссөн байна.
Төрөл бүрийн материалтай ягаан даашинз, ягаан өсгийт, ягаан үсний хавчаар, тэр байтугай ягаан бохь зэргээр загварлаг охид дүр төрхөө бүрдүүлэх болжээ.
Барби хүүхэлдэй 1959 онд анх худалдаанд гарч байв. Үүнээс хойш барби хүүхэлдэй нь бүх цаг үеийн туршид хүүхдүүдийн төдийгүй томчуудын ч дуртай тоглоом байсаар ирсэн. Жүжигчид, дуучид хүртэл өөрийн хэв маягаа бүрдүүлэхдээ барбиг сонгодог байв. Тухайлбал, реппер Ники Минаж анх карьераа эхлүүлэхдээ барби дүр төрхтэй байсан. Тэр бүү хэл шүтэн бишрэгчдээ “Barbz” гэж дууддаг байжээ.
2022 оны гуравдугаар сард болсон “Valentino”-ийн шоуны дараа тэр жилийн Грэммийн шагнал гардуулах ёслолд ягаан хувцсаар гоёж ирсэн алдартнууд олон байв. Ягаан өнгө поп соёлд нэгэнт хүчтэй нөлөө үзүүлж эхэлжээ. Тодруулбал, ягаан өнгийн галзуурал дөрөвдүгээр сард “Coachella” наадмын үеэр мөн үргэлжилсэн юм. Дуучин Харри Стайлс, Лиззо нар ягаан өнгийн өвөрмөц сонголт хийсэн байсныг эргэн сануулъя.
Үргэлжлээд “Met Gala” улаан хивсний ёслол дээр ч ягаан өнгө давамгайлсан. Энэ мэт холливудын томоохон арга хэмжээнээс гадна алдартнууд төрсөн өдөр, тэмдэглэлт баяраа барби сэдвийн хүрээнд хийх болжээ. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард Клое Кардашиан 38 насны төрсөн өдрөө барби сэдвээр тэмдэглэсэн. Харин “Barbie” киноны гол дүр Маргот Робби долдугаар сард 32 насны төрсөн өдрөө тэмдэглэхдээ барби хэлбэртэй бялууг сонгожээ.
БАРБИ ХҮҮХЭЛДЭЙН ТҮҮХ
Барби хүүхэлдэй нь 1959 онд анх бүтээгдсэн цагаасаа хойш асар их хувьсан өөрчлөгдсөн. Анхны хар арьст барби хүүхэлдэй 1969 онд худалдаанд гарч байв. Өдгөө өндөр, нам, хар арьстай, цагаан арьстай, янз бүрийн үсний засалттай, хэвшмэл хэв маягийг эвдсэн барби хүүхэлдэй өргөнөөр худалдаалагдаж байна. 2020 оны байдлаар барби цуврал есөн өөр биеийн хэлбэртэй, 35 төрлийн арьсны өнгөтэй, 94 янзын үсний засалттай болжээ. Нэгтгээд үзвэл нийт 176 төрлийн эрэгтэй, эмэгтэй барби хүүхэлдэй худалдаанд байна.
Мөн өнгөрсөн онд чихэндээ сонсголын аппараттай, хиймэл хөлтэй, арьс цайх өвчтэй барби хүүхэлдэйнүүд шинээр худалдаанд гарчээ.
Барби хүүхэлдэй нь эмэгтэй хүний эрх мэдлийг төлөөлөх бөгөөд эмэгтэйчүүд хүссэн бүхнээ хийж чадна гэсэн санааг илэрхийлнэ. Цаашилбал, хөгжилтэй, тод өнгийн, дэгжин дүр төрхийг зөвхөн хүүхэлдэйнд зориулаагүй гэдгийг барби трэнд илэрхийлжээ.
Эх сурвалж: PEOPLE
Холбоотой мэдээ