“Доромжлох” үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2023.06.27-нд нийтлэгдсэн

“Доромжлох” үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахыг эсэргүүцэв

“Доромжлох” үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахыг эсэргүүцэв

“Доромжлох үйлдлийг эрүүлжүүлэх нь зөв үү?” сэдэвт Олон талт хэлэлцүүлгийг  өнөөдөр /2023.06.27/ “Глоб Интернэшнл” төвөөс зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан шалтгаан нь “Монгол Улсын Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тус төслийн 1 дүгээр зүйлийн 2-т зааснаар, Эрүүгийн хуульд “13.15 дугаар зүйл. Доромжлох” гэмт хэргийг нэмж “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн тусгасан юм. Иймд “доромжлох” үйлдлийг эрүүгийн хуулиар зохицуулах зайлшгүй шаардлага, шалтгаан нөхцөл бий эсэх, эрүүгийн хуулиар зохицуулснаас үүдэн гарах сөрөг үр дагавруудын талаар санал солилцохоор олон талын байр суурийг илэрхийлсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн төлөөллөөс бүрдсэн 60 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчдын дийлэнх нь “доромжлох” үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахыг эсэргүүцсэн байр суурийг илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн эхэнд ХЗДХЯ-ны Эрүүгийн хуулийн шинэчлэн найруулах ажлын хэсгийн гишүүн, ДХИС-ийн профессор С.Гантулга

-“Доромжлох үйлдлийн нийгмийн хор аюул” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ-д Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан хэрэв нэр төр алдагдлаа гэж үзвэл заавал гэмт хэрэгт тооцохгүйгээр иргэний журмаар шүүхэд хандан нэр төр, алдар хүндээ сэргээлгэх нэхэмжлэлийг гаргах боломж байгаа. Мөн гаднын улс орнуудад ийм зохицуулалт байдаг” талаар дурдлаа.

Харин иргэний нийгмийг төлөөлөн “Глоб интернэшнл” төвийн удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар

“Эрүүгийн хуулийн нэмэлт төсөл буюу 13.15 (Доромжлох) заалт ба Үндэсний эрх зүйн зохицуулалтын онцлог” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулав. Тэрбээр “Эрүүгийн хуулийн 13.14-р зүйлд худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг байдаг. Доторх зохицуулалтыг нь авч үзвэл энэ нь Гүтгэх гэмт хэргийн зохицуулалт байгаа. Энэхүү зохицуулалтаар гомдол гаргаж байгаа хүмүүсийн хувьд илүү сэтгүүлчдийн үйл ажиллагааны улмаас нэр төрд нь халдсан гэж үзэн гомдол гаргадаг тохиолдлууд байдаг. Тиймээс Эрүүгийн хуульд заасан нэр төр, алдар хүндэд халдсан зохицуулалт нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд хяналт тавьж байгаагаар илэрч байна. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжид 2 удаа Монгол Улсад гүтгэлэг доромжлолын асуудлыг эрүүжүүлж болохгүй буюу Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг байж огт болохгүй гэсэн байдаг. Монгол Улсын хувьд энэхүү 2 зөвлөмжийг хүлээж аваад Эрүүгийн хуулиас хасна гэдэг амлалт өгсөн. Одоогоор зөвхөн Гүтгэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуульдаа үлдсэн. Дахин “Доромжлох” гэдэг гэмт хэргийг тус хуульд оруулна гэж Засгийн газраас жилийн өмнө УИХ-д өргөн барьсан. УИХ-аас энэхүү төслийг хэлэлцэж эхэлсэн байгаа” гэлээ.

Хүний эрхийг хангах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Болорсайхан

-“Төрийн өндөр албан тушаалтны мэдээлэлд халдлаа. Төрийн өндөр албан тушаалтны буруутай үйлдлийг шүүхээр тогтоогоогүй байхад нь задлалаа гэж буруушааж сэтгүүлчдийг Эрүүгийн гэмт хэрэгт тооцохын тулд “доромжлох” гэдэг үйлдлийг гэмт хэрэгт тооцдог муу туршлага байна. Энэ дэлхий дахинд байгаа муу туршлага гэсэн үг. Тиймээс улс орнуудын зүгээс сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа ёс зүйтэй явуулж байхад түүнийг нь таслан зогсоох, өөрийн байр суурь, хийсэн үйлдэл, үгийг гагцхүү өөрөө үнэн зөв мэтээр тайлбарлах боломжийг олгож болохгүй гэдгийг дэлхийн улс орнууд шүүхийн шийдвэрээрээ харуулж байна. Дэлхийн улс орнууд дээр гарч байгаа олон улсын хэм хэмжээ хүний эрхийн зарчмын удирдлагаар гаргаж байгаа шүүхийн шийдвэр нь ямар ч тохиолдолд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг гэмт хэрэгт “доромжлох”, “худал мэдээлэл тараах” зэргээр татаж болохгүй. Хэрэв эх сурвалж алдаатай, мэргэжлийн ёс зүйгүй, алдаатай ажилсан гэвэл үүнийг үүнийг иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй жишиг олон улсад байдаг. Нэр хүнд гутаан доромжлох, нэр хүндэд халдах гэдэг үйлдэл эсвэл үндэслэлээр төрийн дээд албан тушаалтан, төрийн алба хаагч гомдол гаргадаг. Үүгээр дамжуулж хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч сурвалжлагч нарын үйл ажиллагаа мэргэжлийн ёс зүйтэй ажиллахад нь саад учруулдаг. Эсвэл бүтээлээ олон нийтэд түгээхэд нь саад учруулдаг муу туршлага байна. Энэ тал дээр тодруулж хэлэхэд та аль ч тивийн ямар ч улсад ажиллаж амьдардаг бай төрийн өндөр албан тушаалтан болсон бол эсвэл төрийн өндөр алба хааж байгаа бол ард түмний элчийн хувиар таны хийж байгаа үйлдэл, хэлсэн үг хариуцлагаа өөрөө хүлээж олны анхаарлын төвд байх ёстой. Хэрэв таныг алдаатай үйлдэл хийсэн гэж хэн нэгэн үзэж байгаа бол үүнийг иргэний журмаар шийдвэрлэх ёстой. Хэрэв төрийн алба хаагч миний нэр төрийг гутаан доромжилж байна хэмээн Эрүүгийн гэмт хэрэгт ямарваа нэгэн хуулийн этгээдийг хариуцлага тооцуулахаар хандаж байгаа хуулийн зохицуулалт байгаа нь өөрөө хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах, хадгалах, түгээх эрхийг боомилдог буруу туршлага байна гэдгийг дэлхийн улс орнууд шүүхийн практикаараа харуулж байна. Тиймээс шүүхийн практик төдийгүй хүний эрхийн чиглэлээр ажилладаг бүсийг болон олон улсын байгууллага, НҮБ-ын холбогдох шинжээчдийн зүгээс ямар ч тохиолдолд “нэр төр гутаах”, “доромжлох” зэрэг үйлдлийг ямар ч тохиолдолд Эрүүгийн хэрэгт тооцож болохгүй гэж үзэн иргэний журмаар энэхүү асуудлыг шийдэж болдог” хэмээв.

Хэвлэл мэдээллийн салбарыг төлөөлж Gogo.mn сайтын редактор Б.Эрдэнэчимэг

-“Эрүүгийн хуулийн шинэ төслийн эхний хэлэлцүүлэг ХЗБХ-н дээр болсон байна. “Доромжлох” гэдэг зүйл заалтыг Эрүүгийн тухай хуульд оруулахыг сэтгүүлчид эсэргүүцэж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгээр байр сууриа хангалттай илэрхийллээ. Одоо байгаа Эрүүгийн хуульд “худал мэдээлэл тараах” гэдэг зүйл заалт байгаа нь сэтгүүлчдэд халтай. Биднийг шүүх цагдаа дээр уядаг. Энэхүү заалт дээр нэмэгдэж “доромжлох” гэдэг заалт орж ирвэл улам хүндрэлтэй болно. Тиймээс энэхүү заалт шинээр Эрүүгийн тухай хуульд орохгүй байх гэж найдаж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

“Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн

-“Эрүүгийн хууль дээр “доромжлох” гэдэг заалтыг оруулж ирэх нь үр дүнгүй гэдэг дээр ихэнх нь санал нэгдэж байна. Нөгөө талаас хэрэв иргэний журмаар шийдвэрлэхээр болбол ямар арга хэмжээ авах талаар хэлэлцүүлэгт оролцогч нар хэлж байна. Тухайлбал өнөөгийн зохицуулалт 2002 оны Иргэний хуулиар явж байна. Тухайн мэдээг тараасан, түгээсэн иргэнд хариуцлага тооцох боломжтой. Нөгөө талаас нэхэмжлэгч өөрөө гэм буруугүй, хохирол учруулсан гэдгээ нотлох ёстой гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн олон улсад “доромжлох” гэдгийг Эрүүгийн хуулиасаа халж буцаж оруулж буй тохиолдлууд их байна. Арабын 10 улс огт Эрүүгийн хуулиа өөрчлөөгүй. Ялангуяа шашны онцлогоос хамаарч өөрчлөлт оруулаагүй. Өнөөдрийн “худал мэдээлэл тараах” гэдэг зохицуулалтын дор “гүтгэх”, “доромжлох” ойлголт хамаарч байна. Тэгэхээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дээр  “доромжлох” гэдэг тусдаа бие даасан гэмт хэрэг оруулах хэрэгцээ шаардлага огт харагдахгүй байна” хэмээн хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар танилцууллаа.

                                                                                                                            Н.УЯНГА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж