“Зуны Давос”-т оролцохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголоос мордсон Даваа гаригийн орой шүүхээс Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн дүгнэлтээ танилцуулав. Шүүгчид шийдвэрээ гаргахдаа 84 шүүгдэгчийн 460 гаруй хавтас хэргийг хэлэлцэж, тэднээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутайд тооцжээ.
-1-
Шүүгдэгч, оролцогчийнхоо тоогоор Монголдоо анхных гэж тооцогдсон, манай шүүхэд урьд өмнө нь ийм өргөн бүрэлдэхүүнтэй шүүх хурлыг явуулж байгаагүй тул танхим хүрэлцээгүйн улмаас Улаанбаатар чуулгаас уг шүүх хурлыг орон даяар 47 хоног шууд дамжуулсан юм. Хэргийн зүйлчлэл нь тусдаа, учруулсан хохирол, сэдэл санаа нь огт өөр обьект, субьект, обьектив, субьектив талуудыг бүгдийг нь нэгтгээд нэг дор шүүн хэлэлцсэн нь шүүх хурлаас ямархуу шийдвэр гаргах нь анхнаасаа тодорхой байлаа.
Хэдий Х.Нямбаатар хэн нэгнийг хэлмэгдүүлж, хэн нэгэнд ял завшуулахгүй гэж хэлж байсан ч Хөгжлийн банкны 1.6 их наядын хохирол учруулахад хүргэсэн жинхэнэ эзэд нь хөшигний ард гэм зэмгүй үлдсэн нь шүүх өргөсөн тангарагтаа үнэнч хандсангүй гэх хардах бухимдах үндэслэл болж буй юм.
Хөгжлийн банкны талаар анх шүгэлдсэн тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Мандуул /Одоо ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаа/-ын дэлгэсэн эхний баримтаас харахад найдваргүй ангилалд багтсан зээлийн ард ихэвчлэн МАН-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүс байсан. Олон нийтийн анхааралд оронгуут цүнхтэй мөнгөө барьж очоод зээлээ төлсөн нь цөөнгүй. Тэр ч бүү хэл Хөгжлийн банкнаас “махны чиглэлийн үхэр өсгөнө" гэж зээл авсан нөхөр эзэнгүй хэдэн үхрээ орхиод зугатчихсан болохыг УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн мэдээлж байв. Харамсалтай нь, олсны үзүүрт байсан үхэр хэнийх болох нь одоо хүртэл сураг чимээгүй.
Хөгжлийн банкны шүүх хурал товлогдохоос өмнө Б.Энхбаяраар ахлуулсан УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нээлттэй сонсголыг зохион байгуулж, 152 хүнийг гэрчээр дуудан байцаасан бол тэднээс 84 нь шүүхэд очсон, шүүхээс 32 хүнийг гэм буруутай тооцохоор болсон гэхчилэн Хөгжлийн банкны хэрэг ёстой “цуутай хүүхэн хуримгүй” гэгч болов.
Худалч хүнд Хөгжлийн банкны нийт чанаргүй багцын бараг хоёрны нэгтэй тэнцэхүйц өр төрийн өмчит компаниуд дээр бичигдэж байхад тэднийг УИХ-ын нээлттэй сонголд ч, Улаанбаатар чуулгад ч дуудаж авчраагүйг харахад шүүх хурал эхнээсээ “мордохын хазгай” явагдсан. Жишээ нь, газрын гаваар ороход хүрчихсэн гэх Газрын тосны үйлдвэр барих нэрээр Хөгжлийн банкнаас 203 тэрбум төгрөгийн зээлийг хэн хэрхэн, юунд зарцуулсан тодорхойгүй, бас хэн ч түүнийг нь шалгаж, нягтлаагүй л үлдэж байна. Уул шугамандаа Хөгжлийн банкийг тоносон жинхэнэ хулгай төрийн өмчит компаниудын авсан 800 тэрбумын зээл дээр яригдах ёстой байв. Тэрчлэн “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Бэрэн”-гийн Б.Мөнхтөр нарын хэрэг хаана хав дарагдсаныг мэдэхгүй, ямартай ч Б.Эрдэнэбат, Б.Мөнхтөр нар авсан зээлнээсээ казино тоглосон баримт УИХ-ын нээлттэй сонсголын үеэр нэгэнтээ дэлгэгдсэн билээ. Энэ мэт эргэлзээ дагуулсаар жүжиг дуусч, хөшиг хаагдав.
-2-
Монголд бусдын халаасыг ухсан нь шоронд, улсынхаа халаасыг тоносон нь ордонд ордог нь энгийн үзэгдэл болсон. Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авсан гурав Төрийн ордонд хамтдаа орсон нь бодит жишээ юм. Төмөр замыг нь овоолсон шороо болгосон нэгэн Төрийн тэргүүнээр сонгогдож явсан нь болсон явдал. Угтаа адууны хулгайч, авлигачин хоёрт шүүх ижил тэгш үйлчлэхийг хуулийн засаглал гэнэм. Гэвчиг Монголд хууль тогтоогчид нь хууль сахиулагчидтайгаа нийлээд хуулийн засаглалаа тонодог өч төчнөөн жишээ бий. Үүний нэг нь Хөгжлийн банкны хэрэг явдал болов.
Хөхөө өвлийн хүйтэнд, хөр цаснаар жоомоо алахын тулд гэрээ шатаах нь холгүй байсан нүүрсний хулгайн хэрэг ерөнхийдөө үнс болон замхрах тал руугаа оржээ. Төсөвт төвлөрөх 40 их наядыг зам дундаас нь хулгайлсан гэж АТГ-аар нэр устайгаа зарлуулсан сэжигтнүүд Төрийн ордонд хууль батлалаад, хуулиар хамгаалагдсан дархаа эрхтэйгээ явж байна. 40 их наяд хамгийн багаар бодоход улсаараа хоёр жил идэх төсөв. Гэвчиг төсвийн хулгай Монголд хулгай биш болоод удаж байгаа билээ.
Нүүрсний хулгайтай нам харгалзахгүй тэмцэхээ илэрхийлж байсан Х.Нямбаатар нүүрсний сонсголыг хэзээ зохион байгуулахыг маргааш шийднэ гэж хэлээд найм хонолоо. Лав энэ янзаараа наадмаас өмнө Х.Нямбаатар нүүрсний сонсгол зохион байгуулж чадахгүй нь тодорхой. Баяр наадам, амралт зугаалгаар далимдуулж энэ сэдвийг мартагнуулах ашиг сонирхол Ардын намынхны “анд нөхдүүдэд” байгаа ч байлгүй.
АТГ-аас анх 17 улстөрчийг нүүрсний хулгайн хэрэгт шууд ба шууд бусаар холбоото болохыг зарласан он цаг нь 2022 оны арванхоёрдугаар сар. Үүнээс хойш долоон сарын хугацаа өнгөрсөн ч шүүх дээр очсон хэрэг нэг ч байхгүй гэж ШЕЗ-өөс мэдээлсэн. Атал улсын прокуророос Т.Аюурсайхан, З.Энхболд нарын хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсноо хэвлэлээр цацсан гэхчилэн үг, үйлдэл нь зөрж буй хуулийнхны хэнд нь итгэхээ ч иргэд мэдэхээ больж байна. Хууль шүүх нь хүртэл хоёр амтай, хоёр нүүртэй болоод удаж байгаа нь энэ мэт.
Хөгжлийн банкны жишгээс харвал нүүрсний хулгайн хэрэгт улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд энхийн цагаан тагтаа болоод хоцрох магадлал маш өндөр. Ичсэн нэрэндээ Монголын шүүх, “Эрдэнэс Тавантолгой”-н экс удирдлагуудад ял оноосноор энэ хэргийг хаах ч биз. Эцсийн бөлөгт МАНай шүүхийн шийдвэрт чоно цатгалан сүрэг бүтэн үлдэх ёстой.
Холбоотой мэдээ