Хойд солонгосчууд Солонгосын дайн эхэлсний 73 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ыг эсэргүүцэн жагслаа. Нийслэл Пёньянд болсон тус жагсаалд 120 мянга гаруй хүн оролцсон.
“АНУ дайныг өдөөн хатгаж, солонгосчуудад хэзээ ч эдгэшгүй шарх үлдээсэн. Тиймээс эзлэн түрэмгийлэгчдээс өршөөлгүйгээр өшөө авна” гэж жагсагчид мэдэгджээ. Түүнчлэн цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрөө өргөжүүлж байгаа Ким Жон Унаар бахархаж байгаагаа илэрхийлэв. “Хойд Солонгос улс одоо АНУ-ын эзлэн түрэмгийлэгчдийг шийтгэх, өөрийгөө хамгаалах хамгийн хүчтэй зэвсэгтэй болсон” гэж жагсагчид үзэж байна.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн жагсагчдын зургуудыг харахад тэд “АНУ-ын эзлэн түрэмгийлэгчдийг устгацгаая”, “АНУ-ын эх газрыг бүхэлд нь устгая” гэсэн уриа лоозон барьжээ.
Энэхүү жагсаалтай зэрэгцээд Хойд Солонгосоос Өмнөд Солонгост дүрвэж очсон нэгэн идэвхтэн ээлжит агаарын бөмбөлгүүдийг хилээр нэвтрүүлсэн байна. Тодруулбал, Ням гаригийн шөнө Пёньяны эсрэг агуулгатай 200 мянган суртал ухуулгын хуудас, Covid-19-ийн тусламжийн бүтээгдэхүүнүүд ачсан агаарын бөмбөлгүүдийг Хойд Солонгос руу нисгэжээ. Хойд Солонгос руу агаарын бөмбөлөг илгээх ийм кампанит ажил олон жил үргэлжилж буй.
Дашрамд дурдахад, Солонгосын дайныг зогсоох хэлэлцээрийг хийсэн түүхэн ой ирэх сарын 27-нд тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Пёньян цэргийн парад зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ